Чуулган: БНХАУ-аас 18, ОХУ-аас 28 мянган тонн дизель түлш ачигдсан

Хуучирсан мэдээ: 2022.12.01-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: БНХАУ-аас 18, ОХУ-аас 28 мянган тонн дизель түлш ачигдсан

Чуулган: БНХАУ-аас 18, ОХУ-аас 28 мянган тонн дизель түлш ачигдсан
16 : 18
2022-12-1

Ш.Адьшааг УИХ-ын Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн)-ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслийн талаарх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналуудыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан уншиж танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.

Байнгын хорооноос нийт 45 зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа уншиж танилцуулав. 

УИХ-ын гишүүн Адьшаа өөрийн хүсэлтээр тус түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх, түүний оронд УИХ-ын гишүүн С.Одонтуяаг түр хорооны бүрэлдэхүүнд оруулах санал гаргасан байна.

Тэрбээр хэлэхдээ "Хянан шалгах бүр хороог би санаачлан, гишүүдээр гарын үсэг зуруулж байгуулсан. Өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Олон булхай, луйвар байгаа шүү. Энд цугласан нотлох баримтуудыг дэлгэж тавина. Нүүрсний хулгайтай, төрийн өмчийн хулгай луйвартай тэмцэх нь зүйтэй" гэв. 

УИХ-ын гишүүн Б.Тогтохсүрэн түр хороодын гишүүдэд буруу мэдээллээр иргэдийг хангахгүй байхыг хэлээд, дундаас нь улс төр хийх зорилгоор эцэслэн тогтоогдоогүй мэдээллийг тарааж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсэв. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууслаа. Байнгын хорооны саналаар Хяналт шалгалтын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг дэмжиж баталлаа. 

15 : 31
2022-12-1

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хэлэлцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын 3 гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уншиж танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав. 

Зарчмын зөрүүтэй 12 саналаар санал хурааж дууссаны дараа эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар танилцуулав. 

Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж дуусаад, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

14 : 45
2022-12-1

УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР: 

-Баруун аймгуудад дизелийн түлш өссөн, мэдээлэлтэй байгаа. ОХУ-аас нийлүүлдэг 40 хувьд асуудал үүссэн. Үүнийг давахын тулд Хятадаас дизель түлш импортолж байна. ОХУ-аас орж ирж байгаа түлшээр Улаанбаатар хот, нийтийн тээврийн хэрэгцээг хангаж байгаа бол БНХАУ-аас орж ирж буй дизель түлшээр уурхайнуудаа хангах зорилготой байгаа юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АУБАКИР:

-Онгоцны тийз алслагдсан аймгуудад тулгамдсан асуудал болоод байсан. Төрөөс бүх юмыг хөнгөлөөд, татаасаар шийдээд байх аргагүй. Онгоцны тийз хэзээнээс буурах бололцоотой вэ? Энэ асуудлыг хүлээж буй олон иргэн бий.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ:

-Энэ хууль батлагдсаны дараа “Роснефть”, “Эрчис ойл” компанийн хамтарсан компани байгуулагдана. Монголын тал 60 хувийг нь, Оросын тал 40 хувийг нь эзэмшинэ.

Сингапурын биржийн үнэ орчимд онгоцны түлш тогтвортой нийлүүлнэ гэсэн бодлого зорилго тавьж байна. Хууль батлагдсанаар онгоцны түлшний үнэ тонн тутамдаа 300-600 ам.доллараар буурч, авиа компаниуд онгоцны тийзний үнээ 8-12 хувиар бууруулах боломжтой. Нислэгийн 28-46 хувь нь онгоцны түлшний зардал байна.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэж буй асуудлаар завсарлага авахыг хүсч, Баасан гаригийн өглөө хүртэл завсарлага өгөв. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооноос гаргасан саналын томъёоллоор санал хурааж дууслаа. 

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн  талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг уншиж танилцуулаад, хэлэлцэн баталж өгөхийг хүсэв. 

Байнгын хорооны санал дүгнэлтээр төслийг эцэслэн батлахыг 24 гишүүн дэмжиж, 55.8 хувийн саналаар эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

12 : 35
2022-12-1

"Хятад улсаас дизель түлш импортолж эхэлсэн"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэллээ. 

Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг уншиж танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:

-ОХУ-ыг терроризмыг дэмжигч гээд зарлачихлаа. Хоригт орчих юм биш биз дээ. Өнөөдөр дизелийн түлш тасарсан, улс орноороо хямарсан байна. Ганцхан орноос, тэр тусмаа төрийн өмчит компаниас хамааралтай байж болохгүй шүү дээ. Гоё, сайхан болно л гээд байсан. Хаа байна. Би хэлсэн шүү дээ. Дефолтод орох нь гэж. Хэлж ярихгүй бол ялзардаг. Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс цаашгүй гэдэг. Өнөөдөр харанхуй, хөлдүү засагтай болчихоод байна. Ард түмнийхээ хэлж, ярьж буйг сонсохгүй ийм арчаагүй байж яаж таарах юм бэ. Дотоодын компаниа дэмжсэн бодлого явуулахын оронд хараат болгох гээд хичээгээд байх юм. Нөгөө нефтийн үйлдвэр хаана байна?

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР:

-Хоригт орох асуудал байхгүй. Бидэнд өөр сонголт байхгүй, авсаар ирсэн. Дизель түлшний хувьд асуудал үүссэн гол шалтгаан нь ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбоотой. Үүнтэй холбоотойгоор, олон ажил хийж байна. "Роснефть"-ийн нийлүүлэлт хэвийн, трэйд компаниудын нийлүүлэлтэд хязгаарлалт хийсэн. Хятад улсаас дизель түлш импортолж эхэлсэн. 24 мянган тонн захиалсан. Нэгд, колонкуудыг дизельтэй байх асуудлыг тавьж байна. Бага багаар асуудал сайжирч байна. Дэлхий нийтээрээ, ОХУ-аас дизель түлшээ бэлтгэдэг бүх л улсад тохиолдож буй асуудал. 

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: 

-"Эрчим ойл" компани агаарын тээврийн түлш нийлүүлж эхэлснээр тийзийн үнэ хямдрах уу? Эдийн засгийн үр ашгийг нь хэзээнээс мэдрэх вэ? Дизелийн түлшний нөөц ямар байна вэ? Бодит мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Иргэд ШТС-аас очоод авах гэхээр хомдсол бодитой байгаад байна. 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР:

-Өрсөлдөөн бий болно. "Роснефть" компани давамгайлсан зүйл байхгүй. Бөөний нийлүүлэгч гэхээр Хятадын компани ч байж болно. Монгол Улсын дизель түлшний сарын хэрэглээ 80 мянга, "Роснефть"-тэй 83 мянган тонн нийлүүлэх гэрээ байгуулсан. Хятадын түлш үнэтэй. Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас 18 мянган тонн түлш, ОХУ-аас 28 мянган тонн дизель түлш ачигдсан байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ: 

-"Эрчис ойл" бусад компаниас хямд зардлаар түлш нийлүүлж байна. Шатахууны үнээ 300-500 ам.доллараар бууруулаад байвал тийзийн үнэ буурах магадлалтай. Улсаас Улаанбаатар хотын нийтийн тээвэрт жилд 180 тэрбум төгрөгийн татаас төлж байна. Агаарын тээвэртээ тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлбэл орон нутгийн нислэг сэргэнэ. 

"ЭРЧИС ОЙЛ" ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ З.ШИРЗАНА:

-Өнөөдрийн байдлаар "Эрчис ойл" компани нийт хэрэгцээний 60 хувийг нийлүүлж байна. Сингапурын биржийн үнэ дээр онцгой тээрийн түлш 1100 ам.доллар, "Эрчис ойл" 1300 ам.доллараар борлуулж байна. 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР:

-Бөөний нийлүүлэгч компаниуд хууль батлагдахыг хүлээж байна. 246 ам.доллараар хямдруулна гэсэн захидлын хүрээнд дахин хүсэлт тавьж, зөвшөөрснөөр 1 сая төгрөгөөр хямдрах бүрэн боломжтой. 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА:

-Онгоцны тийзийн 25-40 хувь нь шатахуун эзэлдэг юм байна. Хямд түлш хэрэглээд ирэхээр 8-15 хувиар тийзийн үнэ буурах юм байна гэж ойлголоо. Холын аймгуудад тийзийн үнэ өндөр байна гэдэг. Тийзийн үнэд хэдэн хувиар нөлөөлдөг вэ? Дэлхийн улс орнууд  энэ асуудлыг яаж шийддэг вэ? 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР: 

-Агаарын түлшний нийт хэлэглээ ойролцоогоор 110 мянга хавьцаа байгаагаас 46 орчим мянгыг дотоодод сумалдаг. Корейн эйр зэрэг авиа компани, дотоодын компаниуд дотоодоос сумлахгүй байна. Энэ нь өндөр үнэтэй байгаатай холбоотой. Сөүл, Токиод ойролцоогоор 3.5 сая төгрөг, Германд 3.9, Алма-Ата 5.5 сая төгрөг гэх зэрэг үнээр сумлаж байна. Манайд бууж буй онгоц Монголоос сумлах бололцоо бүрдэнэ. Энэ хууль батлагдсанаар 800-1 сая төгрөгөөр хямдруулах бүрэн боломжтой. 

УУХҮЯ-НЫ ГАЗРЫН ТОСНЫ БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА Б.АНХБАЯР: 

-1500-1700 орчим долларын үнэ сар бүр өөрчлөгддөг. Энэ үнийг хил нөхцөлөөр авч байна. 2020 онд "Эрчис ойл" компанийг байгуулсан. Хамтарсан компани байгуулагдсанаар бид цаашид орж ирэх бүтээгдэхүүн дээр үнэ бууруулах бодлого баримтлана. Үйлдвэрлэгчийн үнээр орж ирэх боломж бий. Үнэ бууруулах талаар бид ажиллана. 

УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ: 

-"Эрчис ойл" компани бараг монопол эрхтэй юм байна. Одоо 100 хувь нийлүүлж буй компани гээд бодохоор эдийн засгийн ямар утгатай байна вэ? Агаарын замаа дахиад хөршдөө бэлэглэж байгаа юм биш үү? Агаарын тээврийг либеральчилна гэсэн заалт танай намын мөрийн хөтөлбөрт бий. Олон улсын хоригт орж буй улсын нэг компанитай хамтарсан компани байгуулна гэхээр мөрийн хөтөлбөрийн зүйл заалт чинь хаана байна? Улс төр л үнэртэж байна. 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР: 

-"Эрчис ойл" компани дангаараа 100 хувь хангаагүй, 47 гаруй хувийг нийлүүлж байна. Өрсөлдөөн л оруулж байна. Либеральчлал бий болгож байгаа юм. Нийлүүлэгч компани нэг биш. "Роснефть"-ээс гадна олон компани бий. 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ:

-Өнгөрсөн хугацаанд монопол компаниуд хэтэрхий өндөр үнэтэй шатахуун нийлүүлж байжээ. Нэг тонн нь 1700 ам.доллар байсан шатахууны үнийг компани 1350 болгож. 300-500 доллараар хямдрах бололцоо бүрдэнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ: 

-Яагаад энэ хууль өнөөдөр орж ирж байгаа юм бэ? Хуулийн төсөл орж ирэхэд танай бүлэг дэмжихгүй, энд 10 хүрэхгүй хүн байна. Дэмжихгүй байхад нь ингэж зүтгүүлээд байж болох юм уу? 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цаг хүртэл завсарлалаа. 

11 : 06
2022-12-1

"Гурван жил тутамд газрын суурь үнэлгээгээ шинэчилж явъя"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар уншиж танилцууллаа. Төслийн талаарх Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг уншиж танилцуулав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР: 

-Газар устдаггүй, шатдаггүй, нурдаггүй, сүйрдэггүй ганц хөрөнгө. Энэ утгаараа хамгийн үнэтэй. Энэ үнэтэй баялгаа бид ихээхэн үнэ цэнгүй байлгаж байна. Газрын төлбөр буюу татвар дээр хэлж байгаа юм. Газрын үнэ тогтоох аргачлалд байршлыг л онцолж байна. Улс орнуудад 90 гаруй төрлөөр газрын үнэлгээ тогтоодог юм билээ. Газрын байршил, дуу чимээ, газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх зэрэг олон хүчин зүйлүүдээс хамаарч газрын үнэ бодитой тогтоогддог. Эндээс зүй зохистой татварын хэмжээг тогтоодог. Орж ирж буй хуулийн төслөөр орон нутгийн иргэдийн хурлуудад эрх мэдлийг шилжүүлж байгаа юм байна. Үүнийг би дэмжиж байна. 

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.МАГНАЙСҮРЭН: 

-Газрын төлбөрийг тооцохдоо газрын суурь үнэлгээний зэрэглэл, бүсийг харгалзан үзэж тогтоосон. Засгийн газрын тогтоолоор нийслэлийн хэмжээнд 16 бүс болгон хувааж, энэ дагуу газрын төлбөрийг тогтоож байна. Газрын төлбөрийг тогтоохдоо бүс, зах зээлийн үнийн мэдээнд шинжилгээ хийх, газрын үнэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тооцоолж суурь үнэлгээг гаргадаг. Улсын хэмжээнд 500 гаруй мянган нэгж талбарт төлбөр ноогддог. 2021 онд 112 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт орж ирсэн. Өнөөдрийн бидний оруулж ирсэн төслөөр 22-458 тэрбум төгрөгийн орлого олох бололцоотой.

Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал газрын үнэлгээг хариуцахаар орж ирж байна. Гурван жил тутамд газрын суурь үнэлгээгээ шинэчилж явъя гэсэн концепц оруулж ирж байна. Стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж барьсан бол төлбөрийг өсгөж тооцохоор орж ирсэн.

Ашигт малмалтын зориулалтаар газар ашиглаж байгаа бол 0.2-4 хувиар тооцон шийдвэр гаргаж, орон нутгийн иргэдийн хурал төлбөрийг тогтооно.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл удахгүй орж ирнэ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛМАА:

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хэчнээн иргэн газар эзэмшиж байна вэ? Энэ хуулийн төслийн дагуу газар эзэмшилд нь өөрчлөлт орох уу? Иргэд газрын төлбөрөө хэрхэн төлж байна вэ? Газраа эзэмшээгүй бол улсад хураагдах байдал үүсэх үү? Энэ хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт хэдэн төгрөг төвлөрөх вэ? 

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.ЭНХМАНЛАЙ:

-Газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хуулиуд хэрэгжиж эхэлсэнээс хойш 20 гаруй жил болж байна. Нийт 660 гаруй мянган иргэн газраа өмчилж, 480 мянга гаруй газар эзэмшиж байна. Газрын төлбөр тооцож байгаа хэсгүүд дээр 158 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулалт хийсэн. Газрын төлбөрөө хоёр жил төлөөгүй бол холбогдох этгээдэд эрх цуцлах хүсэлт өгөөд явах хариуцлагын асуудлыг тусгаж өгсөн. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ: 

-Хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Иргэний хувийн өмчийн газрын төлбөрийг нэмэхгүй байх боломж бий юу? Хуулийн төсөлдөө газрын төлбөрийг шударга тогтоох асуудлыг тусгаж өгсөн үү? Ямар үндэслэлээр орон нутагт газрын төлбөрийн асуудлыг өгч байгаа юм бэ? Газар өмчлөгч, ашиглагч иргэдэд ямар үүрэг хариуцлага ноогдуулж байна вэ? 

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.МАГНАЙСҮРЭН: 

-Улаанбаатар хотын газрын төлбөрийн асуудал эрс өөрчлөгдөнө гэж ойлгож болно. Нийслэлийн эрх зүйн байдлын хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн дагуу аймаг, орон нутагт газрын төлбөрийн асуудлыг шилжүүлж өгөхөөр тусгасан. Орлогоо, бүсчлэлээ тооцно, аж ахуйн нэгжийнхээ нэгж талбарыг тооцно. Хайгуулын лиценз лизцензийн төлбөрөө төлөөд явна. Ашигт малтмал ашиглах тохиолдолд тухайн орон нутагт хандаад, гэрээгээ байгуулна. Төлөлт нь 25 тэрбум төгрөг ордог юм билээ. Бидний оруулж ирж буй төслөөр дээд тал нь 94 тэрбум төгрөгийн орлого орно гэж тооцож байна. 

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: 

-Төвлөрлийг сааруулах ямар заалт оруулж ирэв? 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР: 

-Улаанбаатар хотыг цаанаа үнэтэй болгох концепц явж байгаа юм. Улаанбаатар хотод газар өмчлөх асуудлыг бодлогоор зохицуулж өгөх зохицуулалтыг суулгаж өгсөн. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа гишүүд үг хэлж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД: 

-Эдэлбэр газруудаас төлбөр авах уу? Төлбөрийн ангиллыг илүү олон болгож, нарийвчлах ёстой гэж бодож байна. Тэгж байж бид төвлөрлийг багасгана. Улаанбаатар хотоос алслагдсан бүс нутгаас төлбөр авмааргүй байгаа юм. Эдэлбэр газраас авч буй төлбөрийг илүү олон болгох ёстой юм болов уу. Бусдын эзэмшлийн газрыг ашиглах, дамжин өнгөрөх асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ярьдаг юм уу бүх байнгын хороон дээр нэг бүрчлэн ярих ёстой  гэж бодож байна. Газар олголттой холбоотой маргааны үндэс юу байгааг бид олж тогтоох ёстой. Түгжрэлийн үндэс бөөгнөрөл. Тун удахгүй зуслангийн газар асуудал болно. Айл болгон байшин барьсан. Газрын төлбөртэй холбоотой зохицуулалтаа их нарийвчилж, хаана сууллаж, хаана чангалахаа сайн тодорхой болгох хэрэгтэй. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ: 

-Газрын тухай хууль дээр УИХ нэлээн ухаалаг, бодитой, тал талаас нь хэлэлцэж ярьсан байдлаар хандах ёстой. Газрын тухай хууль ард иргэдэд ээлтэй байгаасай. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн асуудал шийдэгдэхгүй байна. Таван жилээр газар ашиглах эрх нь сунгагдаад явдаг. 62 жил тэнд амьдарч байгаа 600 иргэний асуудлыг шийдэж өгөөгүй. Газрын асуудал зургаан яамны хүрээнд зохицуулагдаж явдаг. Газрын багц хууль хэлэлцэж байгаа энэ үед Зайсанд амьдарч буй жирийн иргэдийн асуудлыг тэдэнд ээлтэйгээр, хүсэн хүлээсэн байдлаар нь шийдэх ёстой. Газрын төлбөр өндөр учраас нэг удаа газрын төлбөрөөр чөлөөлж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьж байгаа юм. 

Гишүүд үг хэлж дууслаа. Байнгын хорооны саналаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 31 нь дэмжиж, 64 хувийн саналаар дэмжих нь зүйтэй гэж үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. 

10 : 35
2022-12-1

С.Одонтуяа: УИХ-ын гишүүд ээ, гадаадад зугаалахаа больё

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга С.Одонтуяа үг хэллээ. Тэрбээр "Сүүлийн үед УИХ-ын чуулганд олонхийн бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байна. Үүнээс үүдэн байнгын хороод хуралдахгүй байна. Нийгмийн амьдрал ямар байгаа билээ, улс орны байдал ийм хүнд үед яагаад гишүүд чуулганы хуралдаандаа оролцохгүй байна вэ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хандаж хэлье. Бүх зүйлд энэ хүн гар дүрж байна. УИХ-ын гишүүдээ чуулганы хуралдаанд нь суулгадаг болъё. 

Эрх мэдлээр та нар өнөөдөр хахаж байна. Орон нутгийн ажлыг хийлгэ. Архангайн 10 гаруй суманд зудын аюул нүүрлэсэн байна. Иргэд зутарч, даарч байна. Бидэнд хийх ажил их байна. Нүүрсний хулгайн асуудлаа ярья. Засгийн газрын хуралдаан дээр та нар тоо зөрсөн асуудал яриад өнгөрөхгүй шүү. 

УИХ-ын дарга чинь аргаа барж байна. Ирц хүрэхгүйгээс ажлын хэсэг, байнгын хороод хуралдахгүй байна. Хуралдаандаа сууя. Гадаадад зугаалахаа больё. Улс орны байдал хүндэрлээ. Дизель түлшгүйгээр улс орны ажил зогсож, бүх аж ахуйн нэгжүүд хаалгаа барихад хүрч байна" гэв. 

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан үг хэлэхдээ "Нийгмийн даатгалын сантай холбоотой Монголбанкны асуудал байна. 50 мянган ажил олгогч, 460 мянган тэтгэвэр авагчийн мөнгө тэнд бий. Энэ санг эрсдэлд оруулсан хүмүүст хариуцлага тооцож, Монголбанкны эрх хүлээн авагчийг шалгах ёстой гэж бодож байна. Монголбанк арилжааны банкийг дампууруулдаг, өмч хөрөнгийг нь дээрэмддэг байдал үргэлжлээд явж байна. 100 тэрбумын асуудал зөвхөн Нийгмийн даатгалын сан дээр яригдаж байна. Яахаараа Монголбанкны эрх хүлээн авагчид дураараа аашилж, дур зоргоороо авч зарцуулж байдаг юм бэ. УИХ-ын дарга энэ асуудлыг анхааралдаа авч өгөөч ээ" гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголбанктай холбоотой гомдлыг нэгтгэж шалгах хэрэгтэй" гэлээ.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэхээр эхэллээ. Энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор өмнө нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч, өнөөдөр завсарлагын хугацаа нь дуусч буй юм. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлээд, "Хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад тухай тухайд нь үзэл бодлоо илэрхийлээд явна" гэв. 

08 : 24
2022-12-1

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ энэ долоо хоног (2022.12.01-02)-т буюу Пүрэв, Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд буй юм. 

 
Д/ДЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНЦАГТАНХИМ
1

·      Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·      Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын 3 гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/

·      Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэлүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулж, 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2022.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудал

·      Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар

·      Бусад

10.00“Их хуралдай
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж