Дайн Крым рүү ойртож байна

Хуучирсан мэдээ: 2022.12.01-нд нийтлэгдсэн

Дайн Крым рүү ойртож байна

Дайн Крым рүү ойртож байна

Крымийн хойгийг ОХУ 2014 онд хууль бусаар өөртөө нэгтгэж байв. Путины арми хоёрдугаар сарын 24-нд Украин руу цөмрөн ороход есөн сарын дараа украинчууд Крымийг эргүүлэн авахаар шийднэ гэж хэн ч төсөөлөөгүй. Өдгөө дайны салхи Крым рүү эргэснийг “Politico” агентлаг онцолжээ. Цэрэг татлагаас эхлээд үнийн өсөлт гээд бүхий л хэлбэрээр иргэдийн бухимдал, сандрал ихсэв. Крымд товхиноод байсан Оросын элитүүд амралтын газруудаа зарах гэж оролдсон ч худалдан авагч олдохгүй байна гэв. Мөн фронтоос шархадсан орос цэргүүд ирснээр эмнэлгүүдийн аюулгүй байдлын асуудал хөндөгджээ. Үндсэндээ Хар тэнгисийн хойг даяар байдал хурцадлаа.

Зохион байгуулалт сайтай Украины арми зүүн хойд хэсгийн Харьков, өмнөд хэсгийн Херсон хотуудад сөрөг довтолгоо хийж, Оросын цэргүүдийг үлдэн хөөж чадна гэдгээ харуулсан. Энэ бүхэн нь украин цэргүүдийн боломж бололцоог дутуугаар үнэлж болохгүй гэдгийг ч харуулжээ.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн Крым дахь суурин төлөөлөгч Тамила Ташева хойгийг Киевийн мэдэлд буцаж орно гэж найдаж буйгаа хэлсэн. “Тийм ээ, мэдээжийн хэрэг бид Крымийг буцааж авах бүрэн боломжтой. Бидний зорилго бол Крым тэргүүтэй бүх газар нутгаа буцааж авах юм. Крымийн хойгийг ямар ч тулаангүйгээр буцааж авахыг хүсч байгаа ч магадгүй үүнээс өөр шийдэл нэгээхэн ч үгүй. Одоо байдал 2014 оныхоос тэс өөр байна. Эндэхийн ард иргэд хүнсний өндөр үнэ, эм тан хомсдолтой байгаад маш их бухимдах болсон. Мөн хэсэгчилсэн дайчилгаа, цэрэг татлага эхэлснээс хойш дайныг эсэргүүцсэн жагсаалууд нэмэгдэх болсон” гэж тэр хэллээ. Ташевагийн гэр бүл Крымийн хойгт амьдардаг. Тэр өдгөө Крымийг эзэлсний дараа хэрхэн төлөвлөгөөг боловсруулж, шударга ёсны ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн орчныг боловсруулж байна.

ОХУ-ыг эсэргүүцэгч партизан бүлгэмүүд Крымд байгуулагдаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар Ташевагаас асуухад “Мэдээж тийм” гэж хариулжээ. Украины арми хүчирхэг, удирдлага нь шийдэмгий байгаа нь Крымийн ард иргэдийн сэтгэлгээнд нөлөөлж, тэднийг хүчирхэгжүүлж буй аж.

Путины хувьд Крым бол эрт дээр үеэс ариун нандин газар байв. Тэр Крымийг Оросын салшгүй хэсэг гэж нэрлэсэн бөгөөд энэ нь бүс нутгийг стратегийн улаан шугам болох вий гэсэн айдсыг барууныханд төрүүлсэн юм. Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев ч Крымд аливаа халдлага хийсэн тохиолдолд шүүлтийн өдөр маш хурдан бөгөөд хатуу ирэх болно гэж анхааруулж байжээ. ОХУ Крымийг эзлэн авсныхаа дараа бүс нутгийн шинэ маягийн Сочи болгох хүсэл эрмэлзэлтэй байв. Бүс нутгийг Оросын соёлын томоохон төв болгохоор төлөвлөж, байшин барилгын ажлыг эрчимтэй эхлүүлсэн. Ирэх онд л гэхэд шинэ дуурийн театр, музей, балетын академи Крымд ашиглалтад орох ёстой байв. 2014 оноос хойш 800 мянга орчим орос иргэн хойг руу нүүсэн гэх мэдээлэл бий.

Гэтэл украинчууд наймдугаар сараас хойш Крым дэх Оросын объект, агаарын бааз, усан онгоц зэргийг нэг бус удаа ониллоо. Улмаар аравдугаар сарын 8-нд Орос, Крымийг холбосон амин чухал хангамжийн шугам болох Керчийн гүүрийг дэлбэлснээр байдал улам хурцдав. Гүүр дээр ачааны машин дэлбэрсэн эл хэргийн хариуцлагыг хэн ч хэзээ ч албан ёсоор хүлээгээгүй байна.

Тэр үеэс хойш цэргүүд гэр бүлээ Орос руу нүүлгэж эхэлсэн гэж нэгэн эх сурвалж хэлэв. Түүнчлэн баячууд 500 мянгаас нэг сая ам.доллараар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөө зарах гэж оролдсон ч амжилт олохгүй байгаа аж. Хориг арга хэмжээний улмаас олон хүн ажилгүй болж, бүх зүйл, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, сонголт хийх боломж ч хомс байна. Дайнаас өмнө 1000 ам.долларын орлоготой байсан хүмүүс одоо хуучин янзаараа аж төрөхийн тулд 3000 ам.доллар зарлагадах шаардлагатай болсон. Аялал жуулчлалын салбар үхмэл байдалтай байхад тэдэнд нэмэлт орлого олох боломж үгүй. Хойгийн эмнэлэгүүд Херсон, Донецкийн тулаанд шархадсан орос цэргүүдээр дүүрсэн тул хүмүүс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрчээ. Энэ байдлаар иргэдийн бухимдал чинээндээ туллаа.

Нөхцөл байдал хүндрэхийн хэрээр илүү олон партизаны үүрүүд бий болж буйг эх сурвалж хэллээ. Керчийн гүүрийн дэлбэрэлтээс урам авсан партизанууд аммиакийн нитрат болон дизель түлшээр хийсэн тэсрэх бодис ашиглан цэргийн байгууламжуудыг хорлон сүйтгэхээр төлөвлөж эхэлжээ. “Эргэн тойронд өдөөн хатгагчид олон байна, оросууд ч түгшүүртэй байна. Тиймээс бид сонор сэрэмжтэй байна. Бид бусад партизаны бүлгийг мэддэг ч аюулгүй байдлын үүднээс хоорондоо идэвхтэй харилцдаггүй” гэжээ. Эдгээр бүлэглэл ямар нэгэн ноцтой аюул заналхийлж буй эсэхийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ АНУ-ын тэтгэвэртээ гарсан генерал Бен Ходжес үүнийг таамаглаж байсан гэдгээ хэлсэн юм.

Украин саяхан зүүн хойд болон өмнөд хэсэг ялалт байгуулсан нь Крымийн талаарх итгэл үнэмшлийг улам нэмэгдүүлсэн. 130 км зайд орших Херсон хотоос эхлээд Крымийн хойг ойртох тусам ялалтын цуурай улам чангарч байна. Ерөнхийлөгч Зеленский аравдугаар сард Европ, АНУ-ын парламентын удирдагчдад хандан “Бид Крымийг гарцаагүй чөлөөлнө” гэж хэлжээ. Тэгвэл түүний ахлах зөвлөх Андрей Ермак энэ сарын эхээр болсон олон улсын аюулгүй байдлын форумын үеэр мөн санааг давтсан.

Украины арми өнгөрсөн долоо хоногт Севастополь дахь Оросын байлдааны хөлөг онгоцууд руу довтолж, цэргийн ажиллагаагаа эрчимжүүлсээр байна. Тодруулбал, Оросын арми хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг саатуулж, заримыг нь устгасан гэж Севастополь хотын захирагч Михаил Развожаев хэлсэн. Киев энэ халдлагын талаар ямар нэгэн тайлбар хэлээгүй.

Нисгэгчгүй онгоцны цохилт нь Оросын армид цочроо өгсөн гэж Крымийн нэгэн оршин суугч хэлжээ. Учир нь довтолгооны дараа Оросын тэнгисийн цэргийн командлагчид хөлөг онгоцныхоо байрыг сэлгэжээ. “Оросын хэсэг бүлэг байлдааны онгоц манай гэрийн ойролцоо далайн эрэг дээр байнга байсан. Би тэднийг байнга хардаг болохоор пуужин харвах юм бол Украин дахь гэр бүлийнхэн рүүгээ анхааруулдаг байсан. Гэтэл одоо тэр онгоцууд өөр тийшээ нүүсэн. Тэдний байрлал хэтэрхий эмзэг байсан” гэж тус оршин суугч хэлэв.

Оросууд Крымийн тал нутгийн хойд хэсэг болох Жанкойский дүүрэгт хамгаалалтаа бэхжүүлж буйг Украины Батлан хамгаалах яамны албан тушаалтан хэлсэн. Украинчууд харин 18 дугаар зууны үеийн бүслэлтийн тактик ашиглаж, гүүр болон хуурай замын уулзварыг цохих магадлалтай байна.

Эх сурвалж: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
11
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж