Нүүрсний хулгайн асуудал олны анхаарлын төвд буй. Сайд нар эхнээсээ хулгайг зарлахаа илэрхийлсэн ч нүүрсний хулгайн асуудалд төдийлөн ахиц гарахгүй байгааг иргэд шүүмжилж байна. Тэгвэл Улсын ерөнхий прокуророос Ерөнхий сайдад хүсэлт ирүүлжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Нүүрсний хулгай 2017 оноос хойш яригдаж байна.
Эрдэнэс-Тавантолгой, орон нутгийн Тавантолгой компани хоёрын хооронд зөрүү үүсч, мөргөцөг алга болсон гэх асуудал яригдсан. Энэний ул мөрөөр ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст нүүрсний хулгайн асуудал шалгагдаж байгаа. Хоёрдугаарт, нүүрсний тээвэртэй холбоотой үүсч буй олон нийтийн дунд эргэлзээ бий болсон. Улстөрчдийн зүгээс гааль, хилийн орчимд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагын оролцоотой хийгдсэн гэх хардалтууд яригддаг. Хууль хяналтын байгууллага шийдвэрлэсний үндсэн дээр асуудал шийдэгдэх байх гэж харж байна. Засгийн газрын зүгээс Эдийн засгийн хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ чиглэлд ажиллаж байгаа.
Мөн 6.4 сая тонн нүүрс алдагдсан гэх мэдээлэл Засгийн газарт ирээгүй. Энэ нь бодит тоо эсэхэд эргэлзэж байна. Цар тахлын цаг үед улсын хилээр 6-7 сая тонн нүүрс гарсан. Засгийн газраас давхар хяналт шалгалт явуулж байна. Үүнтэй холбогдуулаад Ерөнхий сайдад Улсын Ерөнхий прокуророос албан хүсэлт ирсэн. Энэ нь хоёр улсын прокурорын байгууллага Монгол Улсаас гарч буй нүүрсний гаалийн мэдүүлэг, БНХАУ руу орсон нүүрсний гаалийн мэдүүлэг хоёрыг тулган нягтлах ажлыг хамтарч хэрэгжүүлэх саналтай байгааг дурдсан. Үүнийг Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжиж ажиллах талаар хүсэлт ирсэн. Ерөнхий сайд үүнийг Засгийн газрын хуралдаанд уншиж танилцуулж, энэ чиглэлээр асуудал эрхэлсэн зургаан сайдад үүрэг болгосон” гэх мэдээллийг өгсөн юм.
Холбоотой мэдээ