Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2022.11.30/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай хамтран “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. БНХАУ-ын баримталж буй “Тэг-КОВИД” бодлогын улмаас тогтоосон хилийн хязгаарлалт болон Оросын Холбооны Улс, Украин улсуудын хямралт нөхцөл байдлаас шалтгаалан хүнс, эрчим хүчний үнэ огцом нэмэгдэж, нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг бий болгосон. Түүнчлэн инфляцын түвшин өсөж, гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн хямрал улс орнуудын эдийн засагт хүндрэл учруулж байгааг дурдав.
Сүүлийн 40 жилд тохиолдоогүй инфляцын өндөр түвшнийг тогтворжуулахаар улс орнууд Төв банкны бодлогын хүүгээ чангаруулж, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 2022 оны эхний есөн сард таван удаа эрс нэмэгдүүлсэн нь ам.долларын ханшийг голлох валютуудын эсрэг 15 орчим хувиар өсгөж, хөгжиж буй орнуудад өрийн болон валютын ханшийн дарамтыг нэмэгдүүллээ. Геополитикийн хурцадмал байдал болон гадаад орчны нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал 2022 оны есдүгээр сарын байдлаар 1.4 тэрбум ам.долларт хүрсэн бол гадаад валютын албан нөөц 2021 оны жилийн эцсийн үзүүлэлттэй харьцуулахад 1.5 тэрбум ам.доллароор буурч 2.8 тэрбум ам.доллар болоод байна. Түүнчлэн 2022 оны аравдугаар сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 1.0 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ий) -2 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулиар энэ оны алдагдлыг 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувиас хэтрэхгүй байхаар баталсан. Төсөв ийнхүү алдагдалтай батлагдсанаар төсвийн орлого, зарлагын зөрүүг Засгийн газрын өр үүсгэсэн санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Иймд “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг Эрчим хүчний сайд танилцуулгадаа онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов.
Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын гурван гишүүнээс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Энэ үеэр Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, төсөл санаачлагчийн хувьд Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу хуралдаан удирдах нь зохимжгүй гэдгээ мэдэгдээд хуралдаан даргалах үүргийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяад шилжүүллээ.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын санхүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх, санхүүгийн зах зээлд өрсөлдөөнийг бий болгох, улмаар иргэд болон аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн санхүүгийн ачаалал, зардлыг бууруулах, санхүүгийн хүндрэл, бэрхшээлийг хөнгөвчлөх үүднээс санхүүгийн зах зээлд даатгалын баталгааг шинээр нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг дурдсан.
Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу аливаа санхүүгийн үйл ажиллагаанд ашиглагдах барьцаа, баталгаа, урьдчилгаа төлбөр, батлан даалтыг зөвхөн банкны баталгаа, бонд, үнэт цаас хэлбэрээр хэрэгжүүлэхээр зохицуулсан байгаа нь санхүүгийн зах зээлд бусад төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр нэвтрүүлэх боломжгүй байдлыг үүсгэж байна. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар аливаа тендерт оролцогч нь тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг зөвхөн банкны баталгаа байдлаар ирүүлэхээр тусгасан байгаа нь учир дутагдалтай юм. Улмаар энэхүү хуулийн хязгаарлагдмал зохицуулалтын дагуу аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшлийнхэн ажил, үйлчилгээнийхээ 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад дунджаар 2-3 жилийн хугацаанд хүүгүйгээр царцааж байршуулах, өөрийн гэх бүх хөрөнгөө банкны барьцаанд тавих зэрэг олон хүндрэлтэй асуудлыг үүсгэж байна гэв.
Санхүүгийн бодлогын хүрээнд Монголын санхүүгийн зах зээл илүү эрүүлжиж төрөлжих, банкнаас бусад санхүүгийн салбарыг дэмжих, санхүүгийн зах зээлд санхүүгийн шинэ үйлчилгээг бий болгох, хувийн хэвшлийн эргэлтийн хөрөнгө, мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх, улмаар иргэдэд ирэх санхүүгийн ачаалал, зардал буурах боломжтой болно гэж хууль санаачлагчид үзжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ