УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2022.11.30) хуралдаж, Засгийн газраас 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлэн бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүргийн хүрээнд улсын хэмжээнд шүүхийн шинжилгээг хийж, дүгнэлт гаргах ажиллагаа хэрэгжүүлдэг.
Шүүхийн шинжилгээний тухай хуульд эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын болон зөрчлийн хэрэг, маргаанд хийгдэж байгаа зарим төрлийн шинжилгээний онцлогийн талаар тусгаагүй. Нийгмийн хөгжлийг даган инженер техникийн шинжилгээ, хүрээлэн байгаа орчинд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийг тооцох үнэлгээ зэрэг тусгай мэдлэг шаардагдах шинжилгээ, үнэлгээг хийх талаарх зохицуулалтыг хуульд шинээр нарийвчлан тусгах шаардлага тулгарсан талаар хуулийн төслүүдийг үзэл баримтлалд тусгажээ.
Монгол Улсад гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо зөвхөн нотлох баримтад тулгуурлан эмчилгээ, оршуулга, тээврийн зардлын баримтыг харгалзан хохирлыг тооцож буй. Өөрөөр хэлбэл, зөвхөн учирсан бодит хохирлыг шүүхээс тооцож байгаа бол эдийн бус хохирол болох сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлох, нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцох нь тодорхойгүй байгаагаас нийтлэг байдлаараа хор уршгийг тооцолгүй орхигдуулдаг. Мөн гэмт хэргийн улмаас хохирогч өөрт болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахын тулд нөхөн төлбөрөө нэхэмжилдэггүй, шүүхэд гаргасан цөөн тооны нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгодог зэргээр хүний эрхийг бодитой эдлүүлэх боломжоор хангадаггүй билээ.
Монгол Улсын шүүхийн практикт гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт нөхөн төлбөр авсан цөөн хэдэн тохиолдол байдаг аж. Гадаадын зарим өндөр хөгжилтэй орны хувьд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг гэмт хэргийн төрөл бүрээр тогтоосон тарифын үнэлгээг үндэслэн, мөнгөн дүнгээр тооцож, хохирогчид олгодог байна.
Нөхөн төлбөрийг тооцохдоо “шударга болон үндэслэл бүхий байх”, “нөхөн төлбөр нь төлөгдөхүйц байх” зарчмыг баримтлан хохирол нь гэмт хэргийн хүнд, хөнгөнөөр хамааруулан түүний шууд хохирогчид болон шууд бус буюу тэдний гэр бүл, төрөл садангийн хүнд учирсан, хохиролын шинж чанар, түр, эсхүл байнгын шинжтэй сэтгэцийн хор уршиг зэрэг нөхцөлүүдийг харгалзан улс бүр өөр өөрөөр тогтоож олгодог ажээ.
Хохирогчид олгох сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийн дээд, доод хязгаарыг тогтоохоос гадна хохирогч нь нас барсан тохиолдолд гэр бүлийн гишүүд, эсхүл өв залгамжлагч нь сэтгэцийн хор уршгийг нэхэмжилж болохоор, нэхэмжлэх этгээдийг тусгайлан заасан байна.
Түүнчлэн Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт нь сэтгэцийн хор уршгийг тооцоход, нэхэмжлэхэд тодорхой бус. Иймд хохирогчийн сэтгэцийн хор уршгийг тооцон, үнэлэх, шинжилгээ хийх талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, хүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шаардлага үүсчээ.
"ХҮҮХЭД ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС БҮТЭН ӨНЧИН ХОЦОРСОН БОЛ ХОЁР ДАХИН ҮРЖИГДДЭГ БАЙХААР ТУСГАСАН"
Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:
-Хуулийн төслийн хоёрдугаар бүлэг, 6.2-т "Шинжээчийн дүгнэлтийн талаар шинжилгээний байгууллагад хүн, хуулийн этгээдээс гаргасан гомдол, хүсэлт нь шинжилгээ хийх үндэслэл болохгүй" гэж заажээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Ар гэрээс хүсэлт гаргавал шүүхийн шинжилгээг дахин хийх боломжтой юу?
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн гишүүн П.САЙНЗОРИГ:
-Мөрдөгч, прокурор, шүүх, арбитрын тогтоол, шүүгчийн захирамж Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд буюу 32 байгууллагад хамаарагдах 12 мянган улсын байцаагч л шүүхийн шинжилгээ хийлгэе гэсэн хүсэлт гаргах ёстой. Оролцогч болон тухайн гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, түүний хамаарал бүхий этгээд, гэр бүл, төрөл төрөгсөд нь гомдол гаргаж болно. Гэхдээ шинжилгээний байгууллагад бус, энэ шинжилгээг дахин хийлгэх, багаар, эсвэл бүрэлдэхүүнтэй хийлгэх талаар тухайн шийдвэрийг гаргаж буй мөрдөгч, прокурор, шүүгчид хүсэлт гаргана. Ингэж уламжлах байдлаар явна. Түүнээс биш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хяналтыг хэрэгжүүлж буй юм уу, прокурорын шийдвэр гарчихаад байхад гомдол гаргасан этгээдийн хүсэлтээр дахин дахин шинжилгээ хийх бололцоо байхгүй. Аливаа этгээд шинжилгээний дүн эргэлзээтэй, үндэслэл бүхий зүйлийг харсангүй гэвэл прокурортоо гомдол гаргахад энэ асуудлыг эргэж харах боломжтой. Иргэний гомдлыг хааж байгаа биш, эргээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессоороо зохицуулагдана.
УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:
-Шүүх шинжилгээнд мэргэжилтнүүдийг ямар шаардлага хангасны үндсэн дээр оролцуулах вэ?
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Э.БАТ-АМГАЛАН
-Шинжилгээг гэмт хэргийн цар хүрээ, нөхцөл байдлаас үүдэн багаар хийж байна. Багаар ажиллахад тухайн байгууллагад ажилладаггүй, тусгай мэдлэг бүхий хүнийг оролцуулна гэдэг нь тусгай зөвшөөрөл бүхий этгээд буюу тусгай зөвшөөрөл бүхий хүмүүсийг оролцуулж ажиллуулна гэж байгаа юм. Шүүх шинжилгээний байгууллагад ажилладаггүй мөртлөө тусгай зөвшөөрөл аваад, шүүх шинжилгээ, шинжээч хийх эрхтэй болсон улсууд юм. Жишээ нь, экологийн гэмт хэрэг дээр экологийн асуудлаар дүгнэлт гаргахаар бол тэр салбарынх нь, тэр шинжлэх ухааны шинжээчийг нь томилоод ажиллуулна гэсэн утгатай заалт орсон.
УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ:
-Шүүх шинжилгээний хуулийн амин чухал зорилго бол гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг үнэлдэг болох, олон улсын жишгээр хохирлыг барагдуулдаг болох тогтолцоо бий болгоно гэж ойлгоод байгаа юм. Хуулийн төслийг харахад, энэ асуудал их дутуу суусан харагдаад байна. Манай эрх зүйн тогтолцоо өнөөдрийг хүртэл яллах буюу гэмт хэрэгтэнд тооцох хариуцлагыг гол болгож ирсэн. Хохирогчийн сэтгэл санааны болон бусад хохирлыг барагдуулах, Үндсэн хуулийн 19.1-д заасан хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг, иргэнийх нь хувьд хариуцна гэсэн заалтыг эрх зүйн хувьд төдийлөн хангалттай хийж чадаагүй. Тийм учраас Шүүх шинжилгээний хууль болон түүний дагалдан гарч буй Иргэний болон Шүүхийн хуулиар маш сайн өөрчилж өгөх ёстой.
Амьдрал дээр сэтгэцэд учирсан хохирол, хохирогчийн сэтгэл санааны хохирлыг барагдуулах асуудал маш учир дутагдалтай байна. Сайн өмгөөлөгчтэй бол хэдэн арван сая төгрөг гаргаад авчих боломжтой. Өмгөөлөгч олж чадахгүй, бусад хүмүүс ямар нэгэн байдлаар сэтгэл санааны болон бусад хохирлоо барагдуулж чаддаггүй. Хуулийн төслийн 40.1-д гэмт хэргээс учирсан хохирлыг зөвхөн Засгийн газрын болон Эрүүл мэндийн сайдын гаргасан журмаар тогтооно гээд орхисон байна. Ер нь бид хохирогчийн эрхийг бүрэн дүүрэн сэргээж чадахгүй байна. Ялангуяа гэмт хэргийн улмаас хохирсон өсвөр насны хүүхдүүдэд асар урт хугацааны, сэтгэл санааны болон хүнд хохирол учирдаг. Бүр амиа хорлодог тохиолдол хүртэл гардаг. Эдгээрийг журмаар зохицуулчихаад, дээрээс нь журам нь объектив байж чадах уу? Шүүхийн хуулийг дагаж гарах хууль дээр ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ? Шүүгч шийдвэр гаргаад, хохирогч хүүхэд хэдэн жилийн дараа нийгмийн амьдралд ороод, амиа хорлоход хүрвэл яах вэ? Журмаар сэтгэцийн гэмтлийг яаж тогтоох юм бэ? Хүнд, хөнгөн гэж зүйлчлэх юм уу гэдэг их тодорхойгүй байна. Ийм чухал эрх зүйн хамгаалалтыг журмаар оруулмааргүй байна. Хуулинд тусгайлан зааж өгмөөр байна. Ингэж байж Монголын төр иргэнийхээ хохирлыг нөхөн төлөх олон улсын стандарт бий болно.
ХЗДХЯ-ны ТНБД, Ажлын хэсгийн гишүүн П.САЙНЗОРИГ:
-Маш чухал асуудал. Шинэ Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх явцад энэ асуудлыг ярилцсан. Өнөөдөр дийлэнх байдлаар өмгөөлөгчийн ур чадварын асуудлаасаа шалтгаалаад гэдэг юм уу, эргээд шүүгч нарын хандлагын асуудал байгаа юм. Дээрээс нь хууль эрх зүйн тодорхойгүй орчин буюу Иргэний хуулиар гэм хорын асуудлыг мөнгөн хэлбэрээр барагдуулах асуудлыг хязгаарласан. Зөвхөн нэр төр, алдар хүнд хохирсон бол мөнгөөр барагдуулна, бусад асуудал нь хаалттай. Энэ мэт шалтгаанаас болоод шүүх дээр харьцангуй олон практик тогтож чадахгүй байна. Маш цөөн тооны кэйсүүд бодитоор бидний ярьдгаар сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирч буй хор уршгийг мөнгөөр барагдуулж байна гэхэд бас хэцүү. Эд материал болон эмчилгээний зардал, оршуулгын зардал гээд бүгдийг базах байдлаар ерөнхий хохирлын ерөнхий дүнг тогтоож байна. Бид энэ нөхцөл байдлыг арилгах үүднээс энэ хуулийн өөрчлөлтийг хийж байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн тодорхой заалтаас гадна Иргэний хууль, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн тухай хуулиудад тодорхой зохицуулалтуудыг хийж өгч байна. Энэ ойлголт анагаахын шинжлэх ухаантай холбогдоно. Энгийн жишээгээр хэлэхэд, гэмт хэргийн улмаас хүн хүнд гэмтэл ч юм уу учирсан байхад тухайн хүний сэтгэл санаа нь сэтгэлзүйн онцлогоос болоод янз янз байна. Тэгэхээр хүнд гэмтэл учирсан юм чинь хүнд сэтгэлзүйтэй байна гэж үзэж болохгүй. Хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсны дараа ч тэр хүнд нөлөөлөөд, хүнд сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд гарч ирж болно. Үүнийг эргээд нарийн мэргэжлийн анагаах ухаан буюу сэтгэл зүйч, сэтгэцийн эмч тогтоодог.
Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас гаргасан өвчний жагсаалтад заасан аргачлалын дагуу нарийн мэргэжлийн эмч тогтоох учраас хуулинд яг энэ тогтоох процессыг дэлгэрүүлэн бичих бололцоогүй. Гол асуудал нь ямар гэмт хэргийн хохирогч сэтгэл санааны хохирлоо барагдуулж болох вэ? Үүнийг тогтоох дүгнэлтийг хэн гаргаж өгөх вэ гэвэл Шүүх шинжилгээний байгууллага гаргаж өгөх юм байна. Тэндээс гаргаж өгч буй дүгнэлтийг үндэслээд, хохирлыг нь гаргаж өгөх юм байна гэдэг товч, тодорхой хууль эрх зүйн орчныг бид нээж өгч байна. Иргэний хуульд хаалт болоод байсан заалтуудыг уян хатан байдлаар өөрчлөн найруулж, зохицуулалт хийж өгснөөр иргэдийн эрхийг хангах бололцоо бүрдэж байгаа юм.
Мөн сэтгэл санааны хохирлыг иргэний хэвийн амьдрах чадварыг үнэлж байж гаргана. Тухайн гэмт хэргийн улмаас түр зуурын, эсвэл байнгын шинжтэй шаналал, зовлон, нойргүйдэх, айж ичих, хүн харж чадахгүй болох, хөдөлмөрлөх дадал нь алга болох, хамгийн хурц хэлбэр нь магадгүй амиа хорлох зэрэг байдал руу ордог. Үүнийг мэргэжлийн эмч нар тогтоож байж түр зуурын, байнгын уу, энэ нь ямар хэмжээнд хэвийн амьдрах чадварыг нь алдагдуулж байна вэ гэдэг дүгнэлт гаргаж өгнө. Түүнийг үндэслээд шүүхээс тодорхой мөнгө гаргана.
Энэ хуульд хүний амь насны босгыг үнэлэх доод стандартыг тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150, эсвэл хохирогчийн насыг Монгол Улсын хүн амын дундаж наслалтаас хасаад, түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин үржүүлсэнтэй дүйцэхээр, хохирогчид ашигтай байдлаар олгоно. Гэхдээ энэ бол минимиум стандарт. Хүний амь насны суурь үнэлгээг тавьсан. Түүнийг нэмэгдүүлэх бололцоо нь өмгөөлөгчийн ур чадварт байгаа юм. Тухайлсан кэйсүүдийн нөхцөл байдал, авагдсан нотлох баримт, талуудын мэтгэлцээний үр дүнд л тогтооно.
Бид суурь босгуудыг тогтоож өгөх нь зөв байна гэж үзсэн учраас хүний амь насны доод босго 82.5 сая, эсвэл 137.5 сая гэдэг юм уу одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянгаар үржүүлэх аргачлал буюу аль ашигтай байдлаар хохирогчид олгоё, хүүхдэд энэ нь хоёр дахин үрждэг байя гэж байгаа юм. Хүүхэд гэмт хэргийн улмаас бүтэн өнчин хоцорсон бол хоёр дахин үржигддэг байя гэсэн байдлаар оруулж өгсөн. Гэм хорын асуудлаар маш өндөр төлбөр тогтоож болохгүй, төлөгдөхүйц байдлаар тогтоох ёстой. Энэ нөхцөл байдлууд бүрдэж байгаа юм.
Холбоотой мэдээ