АНУ-ын хаусны зах зээл уналтанд орж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

АНУ-ын хаусны зах зээл уналтанд орж байна

Хаусны худалдаа долдугаар сард 27 хувиар буурсан нь Засгийн газрын зээллэг зогссон болон ажилгүйдэл их байгаатай холбоотой байна гэж “Bloomberg” агентлаг дамжуулж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд 3.83 сая хаус арилжаалагдсан нь сүүлийн арван жилд гараагүй доогуур үзүүлэлт болж байгаа бөгөөд энэ нь нөхцөл байдал эдийн засагчдын таамаглаж байгаагаас ч муу байгааг харуулж байна. Ганц бие өрхийн хаусны худалдаа сүүлийн 15 жилийн хамгийн доод үзүүлэлттэй байна гэж Вашингтон хотод байрладаг “Үндэсний үл хөдлөх хөрөнгийн холбоо”-ноос өнөөдөр мэдээллээ. Долдугаар сарын байдлаар хаусны арилжааны үзүүлэлт 1995 оны тавдугаар сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт болж байна. Зах зээл дээр арилжаалагдаж байгаа хаусны дундаж ханш 0.7 хувиар нэмэгдэж 182,600 ам.доллар болсон байна.

“Улс даяар эрэлт муу байна. Зээлийн хүү маш бага хэмжээтэй, хауснууд маш боломжийн үнэтэй байгаа ч хэрэглэгчид худалдан авалт хийх итгэл төгс биш байна. Хүмүүс шинэ хаус худалдаж авахаасаа өмнө эдийн засаг сайжирч, сайн орлоготой ажилтай болохыг чухалчилж байна” гэж “Pulte Group Inc”-ийн гүйцэтгэх захирал Ричард Дугас ярьж байна. “Pulte” компани орлогынхоо хэмжээгээр АНУ-ын хаусны барилгын ажил гүйцэтгэлийн хамгийн том компани юм.

Хаусны зах зээлээ сэргээх үүднээс Обамагийн Засгийн газар нэг тэрбум ам.долларын хүүгүй зээл гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд орлогоо алдсаны улмаас хаусуудаа банкуудад хураалгахад хүрээд байгаа хаус эзэмшигчдэд зориулж нэмэлт гурван тэрбум ам.долларын тусламж гаргах төлөвлөгөө боловсруулсан байна. Хаус, хотын хөгжлийн департамент “хямралд хамгийн хүчтэй өртсөн бүсүүдэд” зориулж 50,000 хүртэл ам.долларын зээл олгож, тухайн хүмүүсийг моргейж, татвар, даатгалаас нь хоёр жил хүртэл хугацаагаар чөлөөлөх гэж байгаа талаараа наймдугаар сарын 11-нд гаргасан мэдэгдэлдээ өгүүлсэн. АНУ-ын Санхүүгийн департамент мөн үүний адил тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 17 муж улс болон Колумби дүүрэгт хоёр тэрбум ам.долларын тусламж үзүүлэх гэж байна хэмээн “Bloomberg” агентлаг дамжууллаа.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж