Үндэсний тээвэрлэгчдээ ЭТТ ХК гадуурхаж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.30-нд нийтлэгдсэн

Үндэсний тээвэрлэгчдээ ЭТТ ХК гадуурхаж байна

Монгол тээвэр нэгдлийн Ерөнхийлөгч С.Ганболд бичиж байна.


Үндэсний тээврийн компаниуд Засгийн газрын 362-р тогтоол гарснаас хойш хэрхэн хэрэгжүүлэх, үндэсний тээвэрчдийн ажлын байрыг хадгалах эсэх талаар тодруулга авах, байр суурийг тодруулах зорилгоор ЭТТ ХК -ийн Бүрэн эрхт төлөөлөгч болон ЗГХЭГ, Зам тээврийн хөгжлийн яам зэрэг холбогдох төрийн байгууллагуудын удирдлагатай уулзах гээд чадалгүй хоёр сарын нүүрийг үзэх гэж байна.

Бидний хамгийн сүүлд авсан мэдээллээр хятадын талтай нийт 7800 “С”  зөвшөөрлийг улиралд олгож байх тохиролцоонд хүрсэн, үүний талаас илүүг нь хятадын хөрөнгө оруулалттай тээврийн компаниудад олгохоор ЭТТ ХК бэлтгэж байгаа болж таарлаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр монголын ард түмний сонголтоор байгуулагдсан Засгийн газрын өмчлөлд байдаг компани, үндэснийхээ эрх ашигт бус гадны аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхолд үйлчлэхээр завдаж байна. Татвар төлөгчдийн мөнгөн дээр тогтож байдаг Засгийн газар өөрийн хамгаалах ёстой эрх ашгийнхаа талд зогсож чадахгүй, иргэдийнхээ ажлын байрыг гадныханд найр тавьж өгөх гэж байна  гэсэн л утга!

Татвар төлөгчид бид үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй.  Бид юуны төлөө татвар төлдөг юм бэ? Төр засаг маань бидний эрх ашгийг хамгаална, монголчуудынхаа ажлын байрыг юуны түрүүнд хадгалж, иргэдийн орлого, аж байдлыг тогтвортой байлгахад бүхнээ зориулна гэсэн итгэл үнэмшил байгаа учраас л…

Үгүй юм бол татвар төлөхийн утга юунд байх вэ? Бидний эрх ашгийг нэгд тавьж чадахгүй юм бол сонгуулиар санал өгсний хэрэг байх уу? Асуудал ингэж л тавигдна. ЭТТ ХК хэний өмчлөлд байдаг аж ахуйн нэгж юм бэ? Монголын ард түмний баялаг, нийтийн өмчийг захиран зарцуулж байгаа нь үнэн юм бол үндэснийхээ тээвэрлэгчдийн эрх ашгийг эн тэргүүнд ханган биелүүлэх л ёстой. Үгүй бол, гадны худалдан авагчдын нөлөөнд орж тэдний заавраар ажилладаг бол бидэнд ийм компани байх шаардлага байх уу? Ард түмэн өмчдөө хяналтаа тавьж, өөрсдийн эрх ашгийг хангуулах эрхтэй.

Нүүрс тээврийн “С” зөвшөөрлийг олгох эрхийг олборлогч аж ахуйн нэгжид шилжүүлснээр төрийн бодлого, үүрэг хөсөрдөж, хувийн ашиг завшаан хайсан хүмүүст боломж олгож, албан тушаалаа урвуулах санаархал амилж, үндэсний тээвэрлэгчдэд хохиролтой нугалаа, завхралуудыг эхнээсээ гаргах шинж орчихлоо.  Үндэсний тээвэрчидтэй уулзахаас бүх албан тушаалтнууд зайлсхийж, нэгэн лүүгээ асуудлыг бөмбөг мэт дамжуулан шидсээр байгаагаас үүнийг тодорхой харж болно.

ЭТТ ХК нүүрс худалдан авагч компаниудын аманд багтаж тэдэнд давуу боломж үүсгэх байдлаар тээвэрлэлтээ хийлгэх бол энэ нь монголын олон мянган тээвэрчдийг хахир өвөл орлогогүй болгон ар гэрийнхнийг нь хүйтэнд хөсөр хаяна гэсэн үг. Монгол тээврийн компаниуд бүгд дотоодын банкнуудаас зээл авч үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Тэдний зээлийн эргэн төлөлт муудаж, чанаргүй ангилалд орсноор санхүүгийн тогтолцоо томоор хямрана. Банкны үйл ажиллагаа доголдвол… домино эффект үргэлжлэн эдийн засаг сэхэл авахгүйгээр доройтно.

Нөгөө талаар салбар хариуцаж байгаа сайдууд үүссэн нөхцөл байдлын талаар бүрэн ойлголтгүй, бодит үйл хэрэг хэрхэн хэрэгждгийг төсөөлөхгүй байгаа мэт хариуцлагагүй зүйлс цөөнгүй ярьж байна. Цагаан хадны үйл ажиллагааг зогсооно, битүүмжлэгдсэн тээврийн багийг (БТБ) ахин ажиллуулахгүй гэх зэрэг хариуцлагагүй мэдэгдлүүд нь тэг ковид бодлогоосоо татгалзаагүй байгаа хятадын удирдлагын зүгээс монголоос орох нүүрс тээврийг зогсоох нөхцөл болох ч эрсдэлтэй юм.

Хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсийг арилжаалах нь хэдийгээр орчин цагийн чухал шаардлага гэдэг нь тодорхой ч энэ ажил хэрэгжих, жигдрэхийн тулд хугацаа хэрэгтэй. Лавтай 2-3 жил шаардагдах явц болов уу. Биржээр түүхий эд худалдахын тулд баталгаат агуулахад нүүрсийг чанарын маш нарийн шалгуураар ангилан хадгалсан байх ёстой. In stock агуулахад баттай байгаа тоо, чанар нь тов тодорхой зүйлийг л биржийн дуудлага худалдаагаар оруулдаг. Гэтэл одоо Хөрөнгий биржд шаардлага хангасан агуулах бий билүү? Манай лабораториуд хятадын биржүүдийн хэмжээнд нүүрсний чанарыг ангилж тогтоож чадах билүү? Үүнд хугацаа хэрэгтэй. Юу юугүй л одоо хэвийн явж байгаа зүйлээ устгах, түйвээх гэх нь хэнд ашигтай юм бэ?

Засгийн газрын 362-р тогтоолыг үндэсний тээврийн компаниуд огт эсэргүүцэхгүй байгаа.

Бидний зүгээс Засгийн газрын бодлого хэрэгжихдээ монгол хүнээ эн тэргүүнд тавих ёстой, монголын Засгийн газар юм бол монголын эрх ашигт түлхүү үйлчлэх ёстой гэж л шаардах болно. ЭТТ ХК олон нийтийн өмчлөлтэй компани, үндэсний аж ахуйн нэгж атлаа гадны худалдан авагчдын дохио зангаагаар хөдлөх гээд байгаа нь бидний дургүйцлийг өдөөх гол хүчин зүйл болох гээд байна. Тээвэрчид өөрсдийн эрх ашгийг хэн нэгэн түр томилолттой албан хаагчаар гишгүүлчихээд зүгээр хараад суухгүй шүү. Бид шаардлагатай бол тээвэрчдийнхээ амьдралын баталгааг хангахын төлөө чадах бүхнээ хийх болно.

7800 ширхэг “С” зөвшөөрөл олгохоор тогтсон гэх хирнээ одоо хил орчимд 11 мянган нүүрс тээврийн машин төвлөрөөд байна. Энд л улс төрчдийн ашиг сонирхол, нугалаа завхрал, авилга хээл хахуулийн сэжүүр нуугдаж байгаа шүү!

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх тодорхой тохиролцоог хийж чадлаа. Гэтэл доор байгаа төрийн албан хаагчид нүүрс тээвэрлэлтэд гацаа хомстол үүсгэх нь илэрхий шийдэл гаргах гээд сууж байгааг юу гэж ойлгох вэ? Хаана гацаа саадыг зохиомлоор үүсгэнэ тэнд авилга цэцэглэдэг жамтай шүү дээ.

Монгол тээвэр нэгдэл, Үндэсний тээвэрлэгчид Засгийн газрын 362-р тогтоолын 5 дахь заалтыг Үндэсний тээвэрчдийн эрх ашиг нөхцлийг муутгахгүй, хохироохгүй байдлаар хэрэгжүүлэхийг ЭТТ ХК- ийн БЭТ-өөс албан ёсоор шаардаж байна. Бид маш бодитой, тодорхой санал дэвшүүлсэн:

– УИХ-ын 2015 оны 4 дүгээр сарын 8-ны 10 дугаар тогтоолын 1.3-д “Монгол Улсаас экспортлох нүүрс, уул уурхайн бусад бүтээгдэхүүний тээвэрлэлтийн 50-иас доошгүй хувийг үндэсний тээврийн компани, консорциумаар гүйцэтгүүлэх” гэж заасныг ЭТТ ХК хэрэгжүүлэх үүрэгтэй.

– “Нүүрс тээвэрлэлтийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг бий болгох замаар нүүрс тээвэрлэлтийн салбарт байгаа далд эдийн засгийг хумиж улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлмээр байна.

– Нүүрс тээвэрлэлтийг “Тээврийн нэгдсэн систем”-д бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, жолооч нар техникийн бэлэн байдлыг хангасан нөхцөлд гүйцэтгэх ёстой. Монгол Улсын “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”, “Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм” болон “Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх ба тээвэрлэлтэд зуучлах үйлчилгээ – MNS 5346 : 2007” стандартын шаардлагуудыг ханган ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ-ний гэрчилгээ авсан тээврийн компаниудад “С” зөвшөөрлийг олгох шаардлагатай.

– Цагаан хад дах Битүүмжлэгдсэн тээврийн багуудыг(БТБ) хятадын талаас ковидын онцгой дэглэмээ цуцлах хүртэл, Хөрөнгийн биржээр нүүрсийг тогтвортой, жигд бүрэн хэмжээгээр арилжаалах нөхцөл бүрдтэл цаашид хэвээр үргэлжлүүлэх шаардлагатай.

Бид буруу зүйлс шаардаагүй, бид гадны эрх ашгийг тулгаагүй! Монгол тээвэр нэгдэл эх орныхоо шавхагддаг баялаг болох нүүрсийг экспортлох явцад аль болох нэмүү өртгийг үндэсний аж ахуйн нэгжүүд бүтээхийн төлөө, монголын тээвэрчид ажилтай, орлоготой байхын төлөө, тэдний ар гэр, үр хүүхдүүдийн амьдрал ахуй, ирээдүй баталгаатай байхын төлөө л шаардлага тавьж байгаа. Үл хэрэгсэх аваас үүсэх үр дагаврыг ЭТТ ХК, түүний түр удирдлагууд ард түмний өмнө, түүхийн өмнө хариуцах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж