Мексик боксчин Канело Алварез алдарт хөлбөмбөгч Мессиг заналхийлсэн билээ. Аргентиний баг Мексикийг 2-0 гэсэн харьцаатай хожсоны дараа хувцас солих өрөөнд Месси Мексикийн өмсгөлийг газар шидсэн бичлэг ил болсон. Энэ талаар Алварез “Мессиг манай улсын өмсгөл, далбаагаар шал арчихыг харлаа. Би түүнийг битгий олоосой гэж Месси бурханд залбирах хэрэгтэй. Би Аргентиныг хүндэлдэг шиг Месси ч Мексикийг хүндлэх хэрэгтэй. Би Аргентины талаар биш Мессигийн хийсэн новшийн үйлдлийн талаар ярьж байна” гэж жиргэжээ.
Тэгвэл UFC-ийн аргентин тулаанч Сантиаго Понциниббио Мессиг өмөөрчээ. Тэрбээр “Миний уур хүрч байна. Мессиг заналхийлэх ямар ч үндэслэл алга. Хүн бүр Мессигийн замналыг мэднэ. Хэрэв Алварез энэ талаар мэдэхгүй бол дуугүй байх хэрэгтэй. Жирийн тамирчид өмсгөлөө газар шидэж л байдаг шүү дээ. Тэд их хөлстэй байдаг. Месси үл хүндлэх юу ч хийгээгүй. Хүн бүр Мессиг зөв тамирчин, хүндлэл хүлээсэн хүн гэдгийг мэднэ. Тэр гайхалтай ч тоглосон. Харин би бүр бухимдчихлаа. Хэрэв чи тулалдмаар байгаа бол би бэлэн байна. Мессиг зүгээр орхи. Хэрэв чи Месситэй орооцолдвол бүхэл Аргентинтай орооцолдоно шүү. Түүнийг битгий өд” гэжээ.
Холбоотой мэдээ