ЗГ: Тавантолгой төмөр замыг Монголын төмөр замд шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.11.30-нд нийтлэгдсэн

ЗГ: Тавантолгой төмөр замыг Монголын төмөр замд шилжүүлэв

ЗГ: Тавантолгой төмөр замыг Монголын төмөр замд шилжүүлэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2022.11.30/ танилцууллаа.


Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийг олон улсын баялгийн сангийн жишигт нийцүүлж, групп компанийн хэлбэрээр ажиллахаар шийдвэрлэж, шинээр удирдлагын багийг томиллоо. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Одоо гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хуланг ерөнхий менежерээр томилсон. Нэг жил гаруйн хугацаанд О.Хулан захирлаар удирдуулсан мэргэжлийн багийн ажлын үр дүнд энэ жил анх удаа ашигтай ажиллах мэдээллийг танилцууллаа.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувьцаат компанийн 2014-2021 оны хугацаанд хийсэн санхүү, үйл ажиллагааны хяналт шалгалтын дүнг танилцууллаа. Эдгээр төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгнө. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг жинхэлсэн.

"ЭРДЭНЭС МОНГОЛ" НЭГДЭЛД ТӨРИЙН 34 КОМПАНИ ХАРЬЯАЛАГДАНА

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Засгийн газрын дундаж наслалт 1.6 жил гэсэн байдалтайгаа явж ирсэн. Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүндрэл бэрхшээлтэй томоохон асуудлыг барьж авч шийдвэрлэхэд анхаарч байна. "Эрдэнэс Монгол" нэгдэл компанийг дүрмийн өөрчлөлт оруулж, гадаад дотоодод үйл ажиллагаа явуулахад нь бэрхшээлтэй байгаа зарим зүйлийг шийдвэрлэхэд оршсон. "Эрдэнэс Монгол" нэгдэл дүрмийн өөрчлөлтийг хийж, дотооддоо зэс, нүүрс, ховор металл, дэд бүтцийн гэсэн дөрвөн групп компанийг бий болгож ажиллана. Энэ нэгдлийн харьяанд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит 34 аж ахуйн нэгж харьяалагдана. Эдгээрийн ашигт үйл ажиллагаа хангалтгүй явж ирсэн. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой", "Монголросцветмет” гэх мэт томоохон аж ахуйн нэгж байдаг. Нэгдсэн менежментийг хэрэгжүүлснээр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжтой болно.

Монгол Улс хөрөнгө оруулалтаараа хоцрогдсон байна. Бодитой яриа хэлэлцээрийг хийхгүй бол эдийн засгийн эрчимтэй хөгжлөөс хоцрох аюул байна. Энэ онд "Эрдэнэс Монгол" нэгдэлийн 15 жилийн ой тохиож буй. Энэ хугацаанд тайлан баланс нэг  ч удаа ашигтай гарч байгаагүй. Харин энэ онд анх удаа ашигтай балансыг гаргах боломжтой цаг үедээ ирсэн. Тиймээс Засгийн газраас тодорхой шинэчлэлийг хийж байна.

Мөн "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет” ТӨҮГ-уудын дүрэмд өөрчлөлт оруулсан. Ингэснээр гүйцэтгэх удирдлагыг томилох болон менежментийн үйл ажиллагааг "Эрдэнэс Монгол" нэгдэл дээр авч явахаар болсон.

Бодлого нь энэ нэгдэл дээр зангидагдана. Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит хувьцаат компанийг "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд шилжүүлэх дүрмийн өөрчлөлтийг хийсэн. Өмчлөл нь Төрийн өмчит бодлого зохицуулалтын газартаа, удирдлага, менежмент нь "Эрдэнэс Монгол" нэгдэлд төвлөрнө гэсэн үг.

Мөн Тавантолгой төмөр зам болон Зүүнбаян төмөр замын асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар Монголд Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам, Зүүнбаян төмөр зам гэх мэт компаниуд хэд хэд бий болсон. Ингэж байгуулсны хор уршгаар тухайн салбар нь хөгжиж чадахгүй байна. Улаанбаатар төмөр замын хувьд хувь нийлүүлсэн нийгэмлэг учраас дангаараа үйл ажиллагаагаа явуулна. Монгол Улс өөрийн томоохон төмөр замын компанитай болох зорилтыг тавьж ирсэн. Өнөөдрийн хуралдаанаар төмөр замын компаниудыг нэгтгэх шийдвэр гаргаж, Тавантолгой төмөр замын удирдлагын эрх мэдлийг Монголын төмөр замд шилжүүлэх шийдвэрлэлээ. Өмчлөлийн хувьд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хөрөнгө оруулалтаар бий болсон компани. Өмчлөлийнхөө хувьд 66 хувь нь "Эрдэнэс Тавантолгой"-н мэдэлд, 34 хувь нь Монголын төмөр замын мэдэлд байгаа. Тэгвэл гүйцэтгэх удирдлагыг томилох болон мэргэжлийн удирдлагаар хангах эрхийг 100 хувь Монголын төмөр замд шилжүүлж байгаа юм. Ингэснээр нэгдсэн төмөр замын бодлого хэрэгжинэ.

ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАНА

Зүүнбаян төмөр зам компанийг байгуулж, бүтээн байгуулалтыг хийж, комисст хүлээлгэн өгөх процесс үргэлжилж байна. Энэ компани өөрийн үүргээ гүйцэтгэж дууслаа. Цаашдаа энэ компанийн удирдлага менежментийн үйл ажиллагааг Монголын төмөр замд 100 хувь шилжүүлж, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс татан буулгаж, Монголын төмөр зам ХХК-д шилжүүлэх шийдвэрийг гаргалаа.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хийсэн хяналт шалгалтын дүнгээс танилцуулахад 1990 онд анх байгуулагдаж, 1994 онд анхны олборлолтыг хийж эхэлсэн. 2010 оноос эхлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хийх санаачлага гарч, 2010 болон 2011 онд 48, 49 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг "Кью Эс Си" компани хийсэн. Ингэснээр төмрийн хүдрийн баяжмалыг авах гэрээ байгуулсан байдаг. 2013 оноос эхлэн концессын гэрээ байгуулахаар болж, "Кью Эс Си" компанитай хамтран хэрэгжүүлсэн. 2015 болон 2016 онд гэрээндээ өөрчлөлтүүдийг оруулсан. Зургаан төсөл хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Үүнээс 2016 онд хоёр төслөө хүлээлгэн өгч, төсвөөс 240 тэрбум төгрөгийг гаргуулж авсан. Үүнтэй холбоотойгоор 2018 оны Засгийн газрын зургадугаар тогтоолоор 240 тэрбум төгрөгийг концессын төлбөрт өгсөн нь хууль зөрчсөн байсан.

Мөн Улаанбаатараас орон нутагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих эрх зүй орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулах үүргийг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Аймаг бүр хүн амынхаа тоог 10 хувиар нэмэхээс гадна Дархан-Уул, Орхон, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ болон нийслэлийн Багахангай, Налайх, Багануур дүүргийн хүн амаа 20 хувиар нэмэгдүүлэх үүргийг Засгийн газраас өгөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж