Ганын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Отто Аддо Уругвайгаас тэр дундаа Луис Суаресаас өшөө авах гэж тоглохгүй гэжээ. Түүхийг эргэн сануулахад, 2010 оны Өмнөд Африкт болсон ДАШТ-ий шөвгийн наймын шатанд Гана-Уругвай учраа таарахад тоглолтын төгсгөлд хаалга руу орж явсан Ганын бөмбөгийг Луис Суарес гараараа хааж, 100 хувь гоолын боломжийг нь үгүй хийсэн. Улмаар Суарес улаан хуудас хүртэн талбайг чөлөөлсөн бол ганачууд торгуулийн цохилтоо алдаж, цаашлаад тус тоглолтод хожигдсон юм.
Тэд ийнхүү 12 жилийн дараа дахин учраа таарлаа.
Өмнөх тоглолтдоо Солонгоосыг 3-2 гэсэн харьцаатай хожсон Ганын дасгалжуулагч Отто Аддо “Өнгөрсөнд болсон зүйлийн талаар би нэг их юм бодоогүй. Би өшөө авах талаар боддог хүн биш. Өшөө авах бодлоо гээж чадвал улам адислал хүртэнэ гэж би итгэдэг хүн. Энэ удаад бүхэлдээ өөр арга барил, өөр баг. Уругвайд туршлагатай довтлогчид бий. Тэд маш нягт, үнэхээр сайн. Тэдний эсрэг дахин хэцүү тоглолт хийнэ. Дэлхийн аваргын өмнө би бидний тоглолт бүхэн эгзэгтэй гэж хэлж байсан. Өрсөлдөгч бүрээ хожихын тулд шилдэг тоглолтоо гаргах хэрэгтэй байна. Гэхдээ бид ирэх тоглолтод ялж чадна гэж би итгэж байна” гэжээ.
Харин Уругвайн дасгалжуулагч Алонсо “Бид Ганыг ялна гэж харж байна. Үүнд эргэлзэх зүйл алга. Бага зэрэг өөрчлөлт хийх хэрэгтэй бол бид хийнэ. Бүрэн зэвсэглэсэн багийг талбайд гаргах болно. Би тамирчиддаа итгэж байна. Мэдээж ирэх тоглолт хүнд байна. Гэхдээ ялахын төлөө, цааш шалгарахын төлөө бүхнээ зориулна. Бид энд цааш шалгарах эсэх талаар ярьж байна. 2010 оны адил чухал тоглолт байна. Гэхдээ одоо өөр нөхцөл байдал үүссэн. Шийдвэрлэх тоглолт болох ч 12 жилийн өмнөхөөс юу ч өөрчлөгдөхгүй” гэв.
Холбоотой мэдээ