Ногдол ашгаа авъя, нүүрсний хулгайч нар аа!

Хуучирсан мэдээ: 2022.11.30-нд нийтлэгдсэн

Ногдол ашгаа авъя, нүүрсний хулгайч нар аа!

Ногдол ашгаа авъя, нүүрсний хулгайч нар аа!

Монголчууд аа!, одооноос эхэлж уул уурхайн баялагтаа эзэн сууцгаая… Эс чадваас  нүүрсний хулгайч нарт уул, уулаар нь ачуулж, хил давуулсаар хоосон гуяа алгадаад үлдэх нь.

Нүүрсний нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог, Тавантолгойн ордоос Монгол хүн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг анх 2012 онд С.Батболдын Засгийн газар гаргасан түүхтэй. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 15 сая ширхэг хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлсэн. Нийтдээ 2.5 сая иргэн 1072 ширхэг хувьцааны эзэн болсон байдаг.

Хувьцаа эзэмшигчдэд сар бүр 20 мянга, 70 мянган төгрөгийг эх орны хишиг нэрээр хүртээж, дараа нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 500 мянган төгрөг, оюутнуудад сургалтын төлбөр хэлбэрээр мөн 500 мянган төгрөг олгосон. Гэхдээ бэлэн мөнгө тараалт оновчтой шийдэл болоогүй, алдаа оноо олныг дагуулсан ч нүүрсний хулгайч нарт алдсанаас л дээр хувилбар болсон. Сар сараар нэг цадна, цалингаа буухаар нэг цадна гэдэг шиг эх орны хишиг буусан өдөр Монгол айл болгон гэдэс цатгалан байв.

Бэлэн мөнгө тараалт удаан үргэлжлээгүй, үргэлжлүүлэх санхүүгийн чадамж ч үгүй болсон. Засгийн газар ч солигдсон, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ ч унасан.

Уг нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан ч Тавантолгойн нүүрсний үнэд нөлөөлөхөөргүй гэрээг С.Батболдын Засгийн газар “Чалько” компанитай байгуулсан байсан ч Н.Алтанхуягийн танхимыг юу хатгасан юм цуцалсан байдаг. Гэрээ цуцлагдсанаар “Чалько” компанид нүүрсээ нэг тонн бүрийг нь 70 ам.доллараар нийлүүлж байсан ханш 30 ам.доллар болж, 2-3 дахин ханш нь унасан. Үндсэндээ нүүрс хог болж, “Чалько” компаниас урьдчилж авсан зээлээ ч төлж чадахгүйд хүрснээр монголчуудын хувьд ногдол ашиг хүртэх, хүлээх боломжгүй болсон юм.

Гэхдээ дөрвөн жилийн дараагаас дэлхийн зах зээлд нүүрсний үнэ дахин сэргэж, нэг тонн нь 120 ам.доллар хүрснээр өрөнд баригдсан байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д сэргэлт ирж, 2019 онд монголчууд хувьцаанаасаа ногдол ашиг хүртсэн билээ.

1072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн 96480,

964 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн 86760,

857 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн 77130,

750 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн 67500,

536 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн 48250,

436 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн 39240,

312 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн 28080 төгрөгийн ногдол ашиг тус, тус хүртсэн.

Нэгж хувьцаа 90 төгрөгийн ногдол ашиг өгсөн бөгөөд нийт 2.512.768 иргэнд 179 тэрбум 830 сая төгрөг олгосон байдаг.

Харин нүүрсний хулгайч нарын зувчуулсан мөнгө УИХ-ын гишүүн Т.Доржхандын мэдээлснээр 20 их наяд төгрөгт хүрч буй. Өөрөөр хэлбэл, иргэн бүрийн баялагтаа эзэн болж чадаагүйг нүүрсний хулгайч нар овжноор ашигласан гэсэн үг. Хэрвээ хулгайч нарт энэ их мөнгийг алдаагүй бол Монгол Улс төмөр замаа тавьж, экспортын гарцаа нээх бүрэн боломж байсны зэрэгцээ нийслэлийн гэр хорооллыг барилгажуулж, агаарын бохирдлоо ч бууруулж чадах байв. Гэвч улс төрд үүрлэсэн нүүрсний хулгайч нарт улс орны эрх ашгаас илүү хувийнх нь эрх ашиг нэгдүгээрт байсан нь олон жил улсаа тонон дээрэмдсэнээс нь харж болно.

Уг нь Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбараар нүүрсний хулгайч нарын гэмт үйлдэл дөрвөн жилийн өмнөөс цухалзаж, холбогдох бүх баримтуудыг хуулийнханд гаргаж өгсөн ч таг дарагдсан нь гайхал төрүүлж буй. Баримтыг гаргаж өгсөн албан тушаалтнууд ч яахаараа энэ олон жил ганц үг ганхийхгүй суусан нь ойлгомжгүй байдаг.

Ямартай ч, улстөрчдийн бие биенээ хулгайчаар дуудан, хардаж сэрдэж буйгаас харахад нүүрснийхний хэрэг мафитай кино цаашаа болж, мэдэхээр байна.

Одоогоор Авлигатай тэмцэх газар энэ хэрэгт холбогдуулан, 30 гаруй обьектод шалгалт хийж, хэд, хэдэн хүнээс байцаалт аваад байгаа бол Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой байдал тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж буй.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын тайлбараар оффтейк гэрээнүүдэд маш олон нууц бий. Тус компани дөрвөн оффтейк гэрээ байгуулсны нэг нь маш нууцын зэрэглэлтэй бол нэг нь нууцын зэрэглэлтэй.

Уг нь Монголын 2.5 сая иргэн хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байж гэмээнэ хяналт тавих боломж илүү нээгдэх ёстой ч нууц гэрээ нэрийн дор хулгай, луйвраа далдалж ирсэн байх магадлал өндөр буй. Засгийн газар энэхүү гэрээг ил болгоно гэдгээ зарласан ч өнөөдрийг хүртэл хэлсэндээ хүрээгүй л байна. Гэхдээ хувьцаа эзэмшигчид нууц гэрээг ил болгох, ногдол ашиг авах санаачилгыг гаргаж, шаардах, шахах эрх бий.

Хуулийнхны хувьд нүүрсний хулгайч нарын хулгайлсан тэр их мөнгийг илрүүлж, хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох ёстой.

Хулгайлсан мөнгө нь Монголд байхгүй, гадаад руу гаргасан бол мөрөөр нь мөшгиж, оруулж ирэх нь хуулийнхны хийх ёстой ажил. Нүүрсний хулгайч нарт хандаж хэлэхэд ногдол ашгаа авмаар байна.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж