“Ерөнхийлөгчийн айлчлал эдийн засаг сэргэх боломжийг бий болгож байна”

Хуучирсан мэдээ: 2022.11.30-нд нийтлэгдсэн

“Ерөнхийлөгчийн айлчлал эдийн засаг сэргэх боломжийг бий болгож байна”

“Ерөнхийлөгчийн айлчлал эдийн засаг сэргэх боломжийг бий болгож байна”

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 27-28-нд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын эдийн засагт үзүүлэх үр нөлөөний талаар эдийн засагч Б.Энх-Амгалантай ярилцлаа.


-Төрийн тэргүүний  Хятад хийж буй айлчлалууд анхаарлын төвд байна. Нэн ялангуяа Хятад хийсэн айлчлалыг эдийн засгийн ач холбогдолтой гэж харж, дүгнэж байна. Энэ хэр бодит дүгнэлт вэ, Монголын эдийн засагт хэр нөлөөлөл үзүүлэх бол?

-Covid-19-өөс шалтгаалж, хил гааль хаалттай, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Тиймээс бараа таваарын урсгал, экспорт, импортын хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх, хил гаалийг нээх талаар энэхүү айлчлалаар ярих зорилготой явсан байх.

Тухайлбал, Хангимандал, Гашуунсухайтын төмөр зам Монголын хил хүртэл бүтээн байгуулалт нь явчихсан хэрнээ Хятадын талтай холбогдоогүй байгаа. Одоогоор ердөө нүүрсээ  төмөр замын төгсгөл хүртэл тээвэрлээд, цаашаагаа авто машинаар зөөдөг хэвээрээ байна.

Тэгэхээр эдгээр төмөр замуудын холболтыг аль болох ойрын хугацаанд хийх, боомтын гацааг арилгах тал дээр Ерөнхийлөгчийн айлчлал чухал ач холбогдолтой. Монголын төмөр замууд Хятадын төмөр замтай холбогдож чадвал экспортын гарц бий болно, жилд олох орлого маань өснө. Урьдчилсан байдлаар,экспортлох ачаа 20-25 сая тонноор өсөх боломжтой болно. Боомтууд эхний ээлжид  бүрэн хүчин чадлаар ажиллахгүй байсан ч экспортын эдийн засагт үзүүлэх үр ашиг тодорхой хэмжээнд өсөх сайн талтай.

-Мөн тус айлчлалаар иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулах талаар хамтарсан мэдэгдэл гаргасан. Хөрш орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр ирэх жилүүдэд эдийн засаг сэргэх боломж байна уу?

-Боомтын сэргэлт, түншийн харилцааг бэхжүүлснээр эдийн засгийн дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрүүдэд олон талын эерэг нөлөөтэй. Монголд буцалтгүй тусламжаар 5-6 мянган хүүхдийн спортын ордон барьж өгөх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарц буцалтгүй тусламжаар дөрвийг барьж өгөхөөр тохирсон байсан. Эдгээр бүтээн байгуулалтууд Монгол Улсад яах аргагүй тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэж өгөхөд эерэг нөлөөтэй.

Түгжрэлийг шийдэхэд 420 тэрбумыг нийслэлээс төсөвлөж байсан бол ирэх жилүүдэд бүр  500 гаруй тэрбум төгрөг болж өссөн. Тэгэхээр Хятадын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх ажлууд асуудлыг шийдвэрлээд зогсохгүй эдийн засагт нэмэр болно байна.

Одоогоор би айлчлалын үр дүнгийн талаар нарийн тооцооллыг гаргаж үзээгүй байна. Учир нь эцсийн байдлаар гэрээ хийж, гарын үсэг зурж, мөнгөн дүн нь тодорхой болсон үед эдийн засагт ийм үр ашигтай, хэчнээн хүнийг ажлын байраар хангаж дунд болон урт хугацаанд үр ашиг нь гарна гэж хэлэх боломжтой.  Түүнээс юу ч нарийн тодорхой болоогүй үед тооцооллыг хийх нь утгагүй.

СВОП ХЭЛЦЛИЙН ХУГАЦААГ СУНГАСНААР МОНГОЛЫН ӨРИЙН ДАРАМТ БАГАСНА

-Төв банк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийн хугацааг ирэх оноос дахин сунгахаар болсон байна.  Тус хэлцлийг сунгах нь ямар ашигтай вэ?

-Своп хэлцэл гэж тухайн өдрийн ханшаар валют худалдан авч /худалдаж/ ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлээд худалдах /худалдан авах/-ыг хэлдэг. Энэ хэлцлийг сунгах нь маш чухал асуудал. Хэрэв сунгахгүй бол Монгол Улс ирэх жил зургаан тэрбум ам.долларын өр төлөхийн 2-3 тэрбум ам.доллар нь зөвхөн своп хэлцэлд зарцуулна. Энэ хэлцлийг хойшлуулснаар Монголд ирэх өрийн дарамтыг багасгана. Өрийн дарамт багасна гэдэг бид тодорхой хугацаанд амьсгаа авч, боомтын сэргэлтийг урагшлуулж, хил гаалиар гарах экспортын хэмжээг өсгөж, валютын орох урсгалыг нэмэгдүүлнэ.

Ингэснээр алдагдлаа багасгаж, төлбөрийн бланс дээр эерэг үзүүлэлттэй гарах боломж бүрдэнэ.

Ерөнхийдөө бол урт хугацааны дараа валютаа төлөх нь улсын эдийн засагт чухал ач холбогдолтой. Эдийн засгаа сүйрүүлэхгүйгээр өр, төлбөрөө багаар нь төлөх асуудлыг хойшлуулна гэдэг том боломж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж