Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун арваннэгдүгээр сарын 19-нд охиныхоо хамт баллистик пуужин хөөргөх туршилтыг үзэхээс өмнө хүүхдүүдийнхээ талаар машид нууцалдаг байв. Пёньянаас охины нэрийг дэлхий дахинд хараахан зарлаагүй ч Өмнөд Солонгосын тагнуулчдын таамаглалаар түүнийг Чу-Аэ гэдэг есөн настай аж. Хамгийн чухал нь энэ охин Хойд Солонгосын дэглэмийг залгамжлагч гэдэг утгаараа олон улсын анхаарлыг татаж байна.
Дэлхий дээрх хамгийн хаагдмал улсын хүчирхэг удирдагч аавдаа хөтлүүлэн, олны уухай хашгираан дунд Чу-Аэ охин баллистик пуужин хөөрөхийг харж зогссоныг Хойд Солонгосын төв телевиз онцлон харуулсан. Уг пуужин нь олон төрлийн цөмийн зэвсгийг тээвэрлэн АНУ-ын эх газарт тусах хүчин чадалтай тив алгасах баллистик пуужин байв. Энэ үйл явдлыг олон улс Ким Жон Ун удирдагч залгамжлагчаа танилцууллаа гэж дүгнэсэн юм.
Ким Жон Ун өөрөө албан ёсоор олны өмнө гарч ирэхдээ 26 настай байсан. Чу-Аэг олны өмнө гаргаж ирэхээс өмнө Ким Жон Уныг хэдэн хүүхэдтэйг, тэр ч бүү хэл хүүхэдтэй эсэхийг ч Пёньян нууцалдаг байв. Гэхдээ олон улсын таамаглаж буйгаар Чу-Аэ охин дээрээ нэг ахтай бөгөөд тэр нь жинхэнэ залгамжлагч байх ёстой аж. Чу-Аэ Хойд Солонгосын удирдагчийн залгамжлагч мөн ч бай, биш ч бай Ким Жон Уны нандин эрдэнэ, нуусан "сувд" гэдэг нь тодорхой. Гол нь энэ үйл явдал нь 75 жил үргэлжилсэн Ким овогтын дэглэм Хойд Солонгост цаашид ч үргэлжлэх бөгөөд удирдагчийн гэр бүл цөмийн зэвсгээ наймаалцахгүй гэдгийг харуулсан гэж ажиглагчид дүгнэв.
Ким Жон Ун өнгөрсөн есдүгээр сард Хойд Солонгосын хууль тогтоогчдод хандан түүний удирдлагад заналхийлсэн тохиолдолд "автомат" цохилт өгөхийг зөвшөөрөх хуулийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ цөмийн зэвсгээ "хэзээ ч орхихгүй" гэж хэлсэн. Тэр 27 насандаа Хойд Солонгосын удирдагч болсноос хойш эцгээсээ ялгарч, олон улсын ажиглагчдын таамгийг байнга эвдсээр ирсэн. Хойд Солонгос нь Япон, Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн бааз болон түүний холбоотнууд руу чиглэсэн зэвсгийн нөөцөө улам бүр нэмсээр байна.
Кимийн охины тухай мэдээллүүдэд түүнийг өв залгамжлагч байх боломжтойг онцолсон. Тухайлбал, Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг /KCNA/ Кимийн үгнээс иш татан “Хүчтэй тэмцэл нь ялалтыг шийддэг. Өнөөгийн ертөнцөд сул дорой нь биш хамгийн хүчтэй нь болсон цагт л улс орон, үндэстний ирээдүйг хамгаалж чадна гэдгийг түүх бидэнд заасан" гэж мэдээлжээ.
Өмнөд Слонгосын тагнуулын агентлагийн хаалттай хурлаар хэлэлцсэн асуудлын талаар улстөрч Ё Сан Бум хэлэхдээ, "Ким Жон Ун ирээдүй хойч үеийнхээ аюулгүй байдлыг хариуцна гэдгээ хүмүүст итгүүлэхийг хүссэн байж магадгүй гэж таамаглаж байна" гэв. Мөн тэрбээр Чу-Аэ бол Ким Жон Ун болон түүний эхнэр Ри Соль Жу нарын гурван хүүхдийн дундах нь гэж таамаглаж буйг онцолжээ.
“Хойд Солонгосын дэглэмээр бол Ким Жон Уны хүүхдүүдийн байр суурийг ханхүү, гүнжийнхтэй харьцуулж болно” гэж Сэжун институтийн Хойд Солонгос судлалын төвийн захирал Чон Сон-Чан тайлбарлажээ.
Үүний зэрэгцээ Ким Жон Ун өвөө, эцгээсээ ялгаатай нь эмэгтэйчүүдийг хүндэлдэг бөгөөд энэ нь өөрийн дүү охин, охиноо хэрхэн гаргаж ирснээс нь харагдаж байна. Түүний охин дүү Ким Ё Жон нь Хойд Солонгосын дэглэмийн АНУ, Өмнөд Солонгостой харилцах нүүр царай болсон. Мөн Гадаад хэргийн сайдаар Чой Сон Хуй гэх эмэгтэйг томилсон билээ.
Чу Аэг залгамжлагч гэж нэрлэх нь эртдэх ч түүнийг олонд танилцуулсан нь Хойд Солонгосын эрэгтэйчүүд давамгайлсан улс төрийн элитийг эсэргүүцэх үйлдэл гэж харж байгааг Вена хот дахь "Нээлттэй цөмийн сүлжээ" гэх байгууллагын менежер Рачель Мин Ён тайлбарлажээ. "Магадгүй Ким Жон Ун эмэгтэй хүнийг залгамжлагчаар зарлахад бэлэн байж болох ч түүний эргэн тойрны улс төрийн хүрээлэл бэлэн биш. Хойд Солонгос бол эрэгтэйчүүд давамгайлсан намын системтэй, маш хуучинсаг, уламжлалт нийгэмтэй" гэдгийг тэр онцолжээ.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG
Холбоотой мэдээ