Энэ долоо хоногийн VS буландаа Газрын багц хуулийн талаарх эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. Уг хуулийг өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн бөгөөд АН-ын бүлгээс завсарлага авсан юм. Энэ талаар бүлгийн дарга нарын эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна.
О.Цогтгэрэл
АН-ын бүлгийн дарга
-Газрын тухай хууль бол Үндсэн хууль, Иргэний хуулийн дараа орох хэмжээний том хууль. Гэтэл боловсруулалт маш муу. Газар чөлөөлөлттэй холбоотой асуудал хэвээр байсаар байна. Хувийн өмчийг хуулиар хамгаална, дээдэлж ажиллана Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн байж болох заалтууд байна. Мөн орон нутгийн өөрөө удирдах ёсны эрх хэмжээний тухай, түүнчлэн бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой асуудлыг огт хөндөөгүй байсан. Иймд манай бүлэг тав хоногийн завсарлага авсан.
Д.Тогтохсүрэн
МАН-ын бүлгийн дарга
-Өнгөрсөн сард УИХ, Засгийн газраас газрын тухай багц хуулийн төслийг өргөн барьсан. Бид 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт газрын харилцааг багцаар нь авч үзнэ, шинэтгэл хийнэ гэдэг том зорилт тавьсан. Газрын тухай таван хууль байгаа. Тухайлбал, Газрын тухай ерөнхий хууль, Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Газрын кадастрын тухай хууль, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийг өргөн барьсан. МАН-ын бүлэг эдгээр хуулийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн. Гэхдээ цаашид уг хуулийг хэлэлцэхдээ хэд хэдэн асуудалд анхаарах хэрэгтэй гэж үзсэн. Барилга хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хуулийг хамтатгаж хэлэлцэх ёстой. Ингэж байж хот байгуулалт болон газрын асуудал хоорондоо уялдана. Газрын тухай хууль батлагдсанаар газар эдийн засгийн эргэлтэд орох ёстой гэж үзэж байгаа. Хууль батлагдсанаар газрын нэгдсэн бүртгэл сайжирч, газрын талаар гардаг зөрчил маргаан цэгцлэгдэнэ гэж үзэж буй.
Холбоотой мэдээ