Саутгейт эцэст нь Фоденыг "суллаж", Америк Ираныг гэрт нь хариулав

Хуучирсан мэдээ: 2022.11.30-нд нийтлэгдсэн

Катар-2022

Саутгейт эцэст нь Фоденыг "суллаж", Америк Ираныг гэрт нь хариулав

Саутгейт эцэст нь Фоденыг "суллаж", Америк Ираныг гэрт нь хариулав

“Катар-2022” ДАШТ-ий гуравдугаар тойргийн эхний тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх эхний дөрвөн багийн нэрс тодорлоо.


НИДЕРЛАНД 2 – 0 КАТАР

Зохион байгуулагч орон ганц ч ялалтгүй, ганц ч оноогүй тэмцээнээ өндөрлүүллээ. Нидерланд энэхүү тоглолтод хожсоноор 7 оноотой, А хэсгийг тэргүүлэв. Катарын эсрэг тоглолтод “Нисдэг улбар шаруудаас” Годи Гакпо, Фрэнки де Йонг нар гоолдсон. Гакпогийн хувьд ДАШТ-ий гурван тоглолтод гурван гоол оруулж, тодроод байна.

Тоглолтын дараа Нидерландын хагас хамгаалагч Мартин де Рун “Бидний зорилго бол ойлгомжтой. Дэлхийн аваргад түрүүлэх. Чамд ийм л сэтгэл зүй байх хэрэгтэй. Эс бөгөөс энд байх хэрэг юу билээ дээ. Биднийг урт удаан зам хүлээж байна. Гэхдээ дараагийн шатанд шалгарч чадлаа. Өнөөдрийн тоглолт ойрхон өрнөсөн. Тэгсэн ч бид тоглолтыг удирдаж, ялалт байгууллаа. Хэсэгт амар тоглолт байсангүй. Экуадор, Сенегал гэх нэрсийг хар л даа. ДАШТ-д амар тоглолт гэж байхгүй. Хэрэв түрүүлэхийг хүсч байвал бүхий л багийг хожих хэрэгтэй” гэв.

Тус тоглолтын шилдгээр Дави Клаассен тодорчээ.

ЭКУАДОР 1 – 2 СЕНЕГАЛ

Экуадор тэнцэхэд л дараагийн шатанд шалгарах байсан бол Сенегалд гагцхүү хожил хэрэгтэй байлаа. Ийм учир тоглолт эхнээсээ тун ширүүн, сонирхолтой өрнөсөн. Сенегал тоглолтын эхнээс довтолж, гоолын боломжууд үүсгэж байсан. Энэ нь ч үр дүнгээ өгч, нэгдүгээр үеийн төгсгөлд Исмаила Сарр торгуулийн цохилтоос гоол оруулав. Ийнхүү хоёрдугаар үед Экуадор хүссэн, хүсээгүй довтлох хэрэг гарсан.

Хоёрдугаар үе эхлээд 68 дахь минутад Мойсес Кайседо Экуадороос гоол оруулж, тоглолт тэнцэв. Хамгаалалтад шилжээд байсан Сенегал эргээд довтлох хэрэгтэй болж, 70 дахь минутад Калиду Кулибали хожлын гоол оруулснаар Сенегал дараагийн шатанд шалгарлаа.

Тоглолтын дараа Сенегалын дасгалжуулагч Алиу Сиссе “Би өнөөдрийн ялалтаа эх орныхоо төлөө онцгой зүйлсийг хийсэн, харамсалтай нь өнөөдөр байгаагүй нэгэн эрхэмд зориулъя. Түүнийг Садио Мане гэдэг. Хэсгийн тоглолтоос тэс өөр хасагдах шатны тоглолт биднийг хүлээж байгаа гэдгийг мэдэж байна. Баг бүр л сайн бүрэлдэхүүнтэй, дэлхийн шилдгүүд энд өрсөлдөж байна. Тиймээс бид ирэх тоглолтод сайн бэлдэх хэрэгтэй” гэжээ.

Харин Экуадорын дасгалжуулагч Густаво Алфаро “Энэ ялагдлаас болж үнэхээр хэцүү байна. Бид бүгдэд хэцүү байна. Үнэхээр хүнд цохилт боллоо. Бухимдаж байна. Жижиг зүйлс хүртэл энэ тоглолтод нөлөөлж болно гэдгийг мэдэж байсан ч тийм зүйл энэ тоглолтод боллоо. Бид маш чухал тоглолтод алдаа гаргалаа. Бид хасагдах шатанд шалгарахыг үнэхээр хүссэн. Надад мэдрэгдэж буй энэ өвдөлтийг одоо Экуадорын ард түмэн бас мэдэрч байгаа байх” гэв.

Тус тоглолтын шилдгээр Калиду Кулибали тодорсон.

АНГЛИ 3 – 0 УЭЛЬС

Английн дасгалжуулагч Гарет Саутгейт эцэст нь Фил Фоденг талбайд гаргаж, тэр ч өөрийгөө харуулав. Английн шигшээгээс Маркус Рашфорд хоёр гоол, Фил Фоден нэг гоол оруулснаар Уэльсийг буулган авч, В хэсгийг тэргүүлэн хасагдах шатанд шалгарав.

Тоглолтын дараа Калвин Филлипс багийнхаа анд Фодены талаар “Би өмнө нь Фоденг гайхалтай авьяастай гэж хэлж байсан. Би түүнтэй өдөр бүр бэлтгэл хийдэг. Түүнийг тоглолтод оролцуулах нь цаг хугацааны л асуудал байсан. Тэр өнөөдөр гайхалтай гоол орууллаа. Түүний өмнөөс баяртай байна. Манай багт олон гайхалтай тамирчид бий. Тиймээс зарим тоглогчид талбайд гарах хэцүү. Гэхдээ хичээнгүй байвал шагнуулах өдөр ирнэ. Би Фодены өмнөөс баяртай байна” гэжээ.

ИРАН 0 – 1 АНУ

Кристиан Пулишичийн оруулсан ганц гоол Ираны хүсэл мөрөөдлийг үгүй хийж, гэрт нь хариулав. Энэхүү тоглолтод Иран хожих зайлшгүй даалгавартай байсан. Ингэж байж хасагдах шатанд шалгарч, ингэж байж ард түмнээ баярлуулж, ингэж байж төрийн эрхэнд гарсан Америкт дургүй дарга нараа жаргаах байв. Хоёр баг хоёулаа л эн тэнцүү бөмбөг эзэмшиж байсан ч АНУ-ын довтолгоо илүү аюултай байсан юм. Энэ нь ч үр дүнгээ өгч Пулишич нэгдүгээр үеийн 38 дахь минутад гоолдсон. Харамсалтай нь тэрбээр гэмтлийн улмаас талбайг чөлөөлсөн. Энэхүү тоглолтод Америк ялалт байгуулснаар Английн араас хасагдах шатанд шалгарлаа.

Тоглолтын дараа АНУ-ын дасгалжуулагч Грегг Берхалтер Пулишичийн талаар “Түүний бэртлийн талаарх мэдээлэл хараахан ирээгүй байна. Гэхдээ багт байгаа хамгийн шилдэг тоглогч маань хамгийн хичээнгүй гэдэг нь гайхалтай зүйл. Түүний талаар яриад байвал дуусахгүй” гэв.

Тус тоглолтын шилдгээр Кристиан Пулишич тодорсон.

Ийнхүү хасагдах шатанд шалгарсан дөрвөн баг тодорч, дараах байдлаар оноолт таарчээ.

  1. Нидерланд VS АНУ
  2. Англи VS Сенегал
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж