Нэгэн гэр бүл одоогоос 51 жилийн өмнө хулгайлагдсан охиноо Форт Уэртоос ДНХ-ийн шинжилгээний тусламжтайгаар эсэн мэнд олж уулзсан талаараа өнгөрсөн Ням гаригт мэдэгджээ. Мелисса Хайсмитийг 1971 онд хоёр ой хараахан хүрээгүй (22 сар) байхад асрагч нь хулгайлсан аж. Тэрбээр Форт Уэртэд өссөн бөгөөд гэр бүлийнхэн нь "Бид Мелиссагаа оллоо" гэж фэйсбүүк хуудастаа бичих хүртэл өөрийгөө хулгайлагдсан гэдгийг огт мэдээгүй байжээ.
Тухайн гэр бүл мэдэгдэлдээ “Мелиссагийн ээж Алта Апантенко 1971 оны наймдугаар сарын 23-нд хүүхэд асрагчаар охиноо харуулж үлдээсэн” гэж тэмдэглэсэн байна. Охин нь ор сураггүй болоод хэдэн арван жил өнгөрсөн ч гэр бүлийнхэн нь огт мартаагүй аж. Тэд охиныхоо төрсөн өдрөөр үдэшлэг зохион байгуулсаар ирсэн бөгөөд хамгийн сүүлд арваннэгдүгээр сард ДНХ-ийн шинжилгээний хариуг хүлээн авчээ.
Мелиссагийн аав Жеффри Хайсмит саяхан өөрийн ДНХ-ээ "23andMe" компани руу илгээсэн байна. Энэхүү шинжилгээний тусламжтай хүмүүс гэр бүл, хамаатан саднаа хайж олох боломжтой юм. Мэдээллийн сангаас Мелани Брауны ДНХ Жеффри Хайсмитийнхтэй таарсан талаар мэдээлснийг түүний нөхөр Жон Браун фэйсбүүктээ бичжээ. Тэрбээр “Мелани Брауныг ДНХ-ийн шинжилгээгээр Мелисса Хайсмит болохыг тогтоосон” гэж бичсэн байна.
Мелисса Талархлын баярын дараа амралтын өдрөөр эцэг эх, дөрвөн дүүгийнхээ хоёртой анх удаа уулзжээ. Мелиссагийн эгч Виктория Гарнер фэйсбүүк хуудастаа "Би уйлахгүй байж чадахгүй нь. Би маш их баярласан. Эгч минь яг миний өмнө байна, бид түүнийг олсон гэдэгтээ одоо ч итгэж чадахгүй байна" гэж бичсэн байна. Мелиссагийн гэр бүлийнхэн өнгөрсөн Бямба гаригт Форт Уэрт дахь сүмд баяраа тэмдэглэжээ.
Мелиссагийн дүү Шэрон Хайсмит "Энэ бол миний хувьд итгэмээргүй, гайхалтай хэрэг. Бид хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж, хэдэн арван жилийн турш Мелиссаг хайсан. ДНХ-ийн шинжилгээний тусламжтайгаар бид хайртай хүнээ оллоо" гэжээ.
Эх сурвалж: YAHOO, WFAA
Холбоотой мэдээ