"Хүмүүстэй инээмсэглэж мэндлэхээр ихэнх нь тоодоггүй"

Хуучирсан мэдээ: 2022.11.30-нд нийтлэгдсэн

"Хүмүүстэй инээмсэглэж мэндлэхээр ихэнх нь тоодоггүй"

"Хүмүүстэй инээмсэглэж мэндлэхээр ихэнх нь тоодоггүй"

Түүнийг М.Жавхлан гэдэг. Одоо 18 настай. Эмч болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Ховд аймгийн Цэцэг сумаас АШУҮИС-д оюутан болон суралцаж буй. Хоёрдугаар дамжааны оюутан.

Тэрбээр багаасаа эмч болохыг мөрөөддөг байсан учраас хүсч, зорьж их сургуульдаа элсэн орсон тухайгаа ярьж байв. "Хүнд их бага хэмжээгээр туслахыг хүсдэг. Эмч хүн өөрийн сурсан мэдлэгээрээ бусдад тусладаг буянтай мэргэжил. Их хөрөнгө мөнгөгүй  ч гэсэн юугаар ч хэмжишгүй эрүүл мэндийг хүнд бэлэглэнэ гэдэг маш сайхан. Тэр дундаа мэдрэлийн мэс засалч эмч болох хүсэлтэй" гэсэн юм.

Хэдийгээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнуудын хичээл их ч М.Жавхлангийн хувьд хэрэглээний мөнгөө олохын тулд долоо хоногийн гурван өдөр "CU" сүлжээ дэлгүүрт цагийн ажил хийдэг.

М.Жавхлан "Цагийн ажлаа нэгдүгээр дамжаанд орохдоо хийе гэж бодож байсан ч хичээлдээ илүү анхаарах нь чухал байсан учраас энэ жилээс ажиллаж эхэлсэн. Миний хувьд япон хэлний түвшинтэй болохоор давуу тал болсон байх. Гадаадад залуус ажил хийж, цалингаараа сургалтын төлбөр, хэрэглээний мөнгөө олдог. Тийм учраас оюутан байхдаа ажил хийж үзэхийг хүссэн.

Монголд хичээл ажлын цагаа зөв төлөвлөөд сурчихвал гадаадад очоод туршлага болох болов уу. Монголын цагийн ажлын хөлс бага юм билээ. Япон улсын цагийн ажлыг судлахад долоо хоногт  28 цаг ажилладаг бол Монголд долоо хоногт 40 цаг ажилладаг мөртлөө хагас сардаа 250 мянган төгрөгийн цалин авдаг. Ажил хийгээд сургалтын төлбөрөө төлж чадахгүй ч, өөрийнхөө хэрэглээндээ зарцуулдаг" гэв.

Түүний хичээл өглөө 07:40 цагаас эхэлдэг. Долоо хоногийн хичээлгүй өдрөө ажлынхаа цагийг зохицуулдаг аж. Уншиж судлах хичээл ихтэй учраас амралтын өдөр үйлчлүүлэгч цөөн үед хичээл номоо унших боломж гардаг гэлээ.

"Оюутан залуусын ихэнх нь цагийн ажил хийж, хэрэглээнийхээ мөнгөө олдог болсон. Анх сүлжээ дэлгүүрт ажиллаж "Сайн байна уу.  CU-д тавтай морил" гэж мэндлэхэд их эвгүй байсан. Хүмүүс их стресстэй явдаг нь анзаарагдсан. Хүмүүстэй мэндлэхээр ихэнх нь буюу 90 хувь нь тоохгүй яваад өгдөг. Гэхдээ зарим нь "Сайн сайн байна уу. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй" гэж мэндлэхэд маш их баярладаг.

Ажил хийснээр янз бүрийн зан ааштай хүмүүсийн арга хэвийг олох гэж хичээдэг болсон. Бид касс дээр зогсох, бараагаа өрөх, цэвэрлэгээгээ хийх, хоол хийх гээд 2-3 оюутан ажиллах ёстойгоос заримдаа нэг нь ажиллах тохиолдол гарна. Тийм үед зарим хүмүүс их бухимддаг бол зарим нь их ойлгож дэмждэг. Монголчууд бие биеэ их хүндэтгэж, харьцдаг байгаасай. Зарим хүмүүс орж ирээд л биднийг загнадаг" гэдгийг хэлсэн юм.

БНСУ дахь CU сүлжээ дэлгүүрүүдэд касс, хоол бэлтгэх, бараа өрдөг хүн нь тусдаа байдаг. Харин монгол залуус бүх юмаа өөрсдөө хийдэг болохоор их ачаалалтай ажилладаг.

М.Жавхлангийн хувьд цагийн ажил хийж эхэлснээр хүний харилцаа хандлага ямар чухал гэдгийг ойлгож мэдэрсэн тухайгаа ярьж байлаа. Түүнийг ажлын хамт олон нь "Хамгийн сэтгэлтэй ажилтан" хэмээн тодотгоно.

Тэрбээр "Дэлгүүрийн касс дээр дутсан мөнгийг тэр өдөр ажилласан хүмүүс хувааж төлдөг. Баримт нь гараагүй байхад бараагаа өгөх ёсгүй ч зарим үйлчлүүлэгчид их уурладаг болохоор баримтыг нь гаргаад явуулчихдаг. Нэг удаа 16 мянган төгрөгийн өрөнд орж уйлмаар санагдаж байсан. Миний дөрвөн цагийн хөлс шүү дээ гэж бодохоор хэцүү санагдсан" тухайгаа инээмсэглэн өгүүлнэ.

Тэрбээр "Аав ээж маань Ховд аймгийн Цэцэг сумын харьяат. Улсын аварга малчин хүмүүс. Би 2004 онд ууган хүү болж мэндэлсэн. Гурван дүүтэй. Тавдугаар анги хүртлээ эмээ дээрээ өссөн учраас их эрх өссөн. Хотод ирээд эхний жил айлд амьдарч байгаад энэ жилээс сургуулийнхаа дотуур байранд амьдардаг болсон" гэв.

Хэдийгээр баруун хязгаар нутгаас хотод ирж, суралцаж байгаа ч хотод ирээд даарч үзэж байна гэв. Түгжрэл, нийтийн тээвэр гээд хот маш их стресстэй юм.

Хөдөө таван минут алхаад л сургууль руугаа ордог байсан бол хотод 50 минут түгжрэх нь энүүхэнд гэлээ.

Хотод анх оюутан болж ирсэн тухайгаа ярихдаа "Нэгдүгээр курст байхдаа цагийн өмнө гэрээс гараад автобусанд суусан чинь гурав, дөрвөн буудал илүү явчихсан байсан. Тэгээд өөр автобусанд суусан чинь бас л автобусаа андуурч, их хөглөж байлаа. Тэрнээс хойш дахин төөрөөгүй" хэмээн инээмсэглэв.

"Манай анги 11 охин, дөрвөн эрэгтэй оюутантай. Бусад ангитай харьцуулахад олон эрэгтэй оюутантай. Монголын залуус гадаад явж, амьдрахыг хүсдэг болсон байна. Миний хувьд ч ялгаагүй. Гадаад хэлний мэдлэгээ сайжруулж, хэлний бэлтгэлд явмаар байгаа ч илүү цаг гаргаж чадахгүй байна. Сайн эмч болохын тулд 15 жил суралцана. Маш их санхүүгийн зардал гарна. Их сургуулийн сургалтын  төлбөр нь таван сая. Эмчийн цалин нь 500 мянган төгрөг  гэж бодохоор жаахан урам хугардаг" тухайгаа тэр нуусангүй.

Тэрбээр амьдралынхаа зорилго, мөрөөдлөө хуваалцахдаа "Монголд жил бүр 10 мянга орчим эмч их сургуулиа төгсч байгаа. Тийм учраас гадаадад суралцаж, өөрийгөө хөгжүүлээд эх орондоо эмнэлэг байгуулахыг хүсдэг. Хувийн эмнэлэг ч гэсэн эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үйлчилж, боломжгүй иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулахыг хүсдэг. Хүн мөрөөдөлтэй байж утга учиртай амьдардаг гэж боддог. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд илүү сайн хөдөлмөрлөж, сайн хичээх ёстой" гэв.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
116
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж