Халтиргаа гулгаанаас шалтгаалж ойрын өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал эрс нэмэгджээ. Тодруулбал, ачаалалгүй үед өдөрт дунджаар 300-400 хүн эмнэлгийн тусламж авдаг байсан бол цаг агаар хүйтэрснээс өдөрт 550-600 хүн яаралтай тусламж авч байгаа аж.
Гэмтлийн дийлэнх нь халтиргаа гулгаанаас болсон бэртэл бөгөөд осгох тохиолдол мөн бүртгэгдэж байгааг ГССҮТ-өөс анхааруулж байна.
Арваннэгдүгээр сар гарснаас хойш зам тээврийн осол болон халтиргаа гулгаанаас шалтгаалж тус эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгджээ. Тиймээс иргэдэд зөвлөмж мэдээллийг хүргэх, өөрсдөө сонор сэрэмжтэй зорчих төдийгүй автомашинтай хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
ГССҮТ-өөс өгсөн мэдээллээр тус эмнэлгийн хоногийн үзлэг өдөрт 550-580 болсон бөгөөд ихэнх бэртэл иргэдийн өөрсдийн хайхрамжгүйгээс болж байгааг онцолсон юм. Мөн эрс хүйтэрч байгаатай холбоотой сүүлийн хоёр хоногт осгосон 10 хүн эмнэлгийн тусламж авсан байна.
Гэмтлийн эмнэлэгт хандаж байгаа ихэнх хүмүүс ясны хугарлаас шалтгаалж ирж байгаа аж. Тухайлбал, хүмүүс халтирч унахдаа гарын бугалга болоод тохойгоороо ихэвчлэн унадаг. Ахмад настан унах үед дунд чөмөгний хүзүү болон эргүүлэг хоорондын хугарал үүсдэг. Харин хүүхэд багачуудын хувьд шууны болоод бугалгын хугарлын гэмтэлтэй ирдэг байна. Тиймээс халтирдаггүй зөөлөн резинтэй гутал өмсөх, цас мөстэй халтиргаатай газраар явж байгаа бол алхаагаа удаашруулах нь халтирч унахаас сэргийлнэ. Мөн тэнцвэрээ хадгалахын тулд гараа халааснаасаа гаргаж явах хэрэгтэй. Унахдаа бэртэж, гэмтэхээс сэргийлэхийн тулд бээлий, малгай, зузаан хувцас өмсөх нь чухал аж.
Холбоотой мэдээ