Улаанбаатар хотод өчигдрөөс /2022.11.28/ хүйтний эрч эрс чангарснаар иргэд төөрч, осгох аюултай тулгарчээ. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Нийслэлийн онцгой байдлын газарт төөрсөн, цасанд суусан гэх дөрвөн дуудлага ирж, онцгой байдлын хэлтсийн 30 алба хаагч, давхардсан тоогоор таван техник хэрэгсэлтэйгээр ажиллан 19 иргэнийг осгохоос сэргийлж чадсан байна.
-Төв аймгийн Сэргэлэн сумын 5-р баг Баян заадас Богд хаан төмөр замын төслийн 7781-р ангийн ажилчдын кемпээс баруун хойд зүгт 10 км зайд автомашинтайгаа төөрч цасанд суусан гэх дуудлагаар 17:00 цагт Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн найман алба хаагчийн бүрэлдэхүүн гарч ажиллан, цасанд суусан автомашиныг татан гаргаж таван иргэнийг осгох аюулаас сэргийлжээ.
-Төв аймаг Сэргэлэн сум Өвөржанчивлан Адуун чулуут явах замд автомашин цасанд суусан гэх дуудлагаар 20:55 цагт гарч ажиллан, төөрч цасанд суусан хоёр автомашиныг татан гаргаж гурван иргэний амь насыг осгох аюулаас авран хамгаалжээ.
-Улаанбаатар хотоос Төв аймгийн Сэргэлэн сумын 5-р баг Баянгын заадас Богд хаан төмөр замын төслийн 7781-р ангийн ажилчдын кемп явах зам суудлын автомашин цасанд сууж төөрсөн гэх дуудлагаөр 21:22 цагт гарч ажиллан, цасанд автомашинтайгаа суусан байсан дөрвөн иргэнийг осгох аюулаас сэргийлжээ.
-Төв аймаг Баян сумын Цавчир багийн 3-н гүүрний баруун хойшоо 5 км зайд суудлын автомашин цасанд сууж бензингүй болсон гэх дуудлагаар 00:41 цагт найман алба хаагч ажиллан, цасанд суусан автомашиныг татан гаргаж долоон иргэний амь насыг осгох аюулаас авран хамгаалсан аж.
Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг цасан шурганаар зорчихгүй, цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг анхаарч, замд гарахыг анхааруулж байна.
Б.НАРАНГОО
Холбоотой мэдээ