“Катар-2022” ДАШТ-ий гуравдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр/2022.11.29/ эхэлнэ. Энэ тойргийн хүрээнд Иран болон Америкийн шигшээ багууд учраа таарсан. Хоёр багийн аль хожсон нь дараагийн шатанд шалгарах тун чухал ач холбогдолтой.
Ираны дотоод нөхцөл байдал тогтворгүй байгаа бөгөөд саяхан шигшээ багийнхаа хөлбөмбөгчид болон тэдний гэр бүлийг заналхийлсэн мэдээ гарсан. Мөн Махса Амини гэх эмэгтэй хэрцгийгээр амиа алдаж, Иранд олон сар жил үргэлжилсэн жагсаал цуглаан өрнөж байна. Үүний хажуугаар АНУ-ын хөлбөмбөгийн холбооны албан ёсны цахим хуудас Ираны төрийн далбааны бэлгэ тэмдгийг хассан нь мөн л асуудал дэгдээсэн. Ираны талаас далбаанаас нь бэлгэ тэмдгийг нь хассан АНУ-ыг хурцаар шүүмжилж, дэлхийн аваргаас хасах хэрэгтэй гэх саналыг гаргаад байгаа юм.
Ираны эрх баригчид шигшээ багийнхаа хөлбөмбөгчдийг хэрэв Америкийг ялвал бэлэг сэлт, автомашин бэлэглэнэ гэжээ.
Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын дасгалжуулагч Берхалтер “Холбоо юу нийтэлснийг мэдэхгүй ээ. Зарим зүйлс бидний мэдэх хэрэг биш. Хэн нь илүү хүчин чармайлт гаргасан, хэн талбай дээр сайн байсан нь л сайн үр дүн хүртэх байх. Бид гаднах асуудалд анхаарлаа хандуулахгүй байна. Бид улсынхаа нэрийн өмнөөс уучлалт гуйж болох ч энэ бол бидний хийх ажил биш ээ” гэжээ.
Мөн нэгэн сэтгүүлч АНУ-ын багийн ахлагч Тайлер Адамсыг Ираны нэрийг буруу дуудсан гэж шүүмжилсэн аж. Энэ талаар Берхалтер “Спорт бол хүмүүсийг нэгтгэж, улс орнуудыг эвлэрүүлэх ёстой. Олимпод бүх улс орнууд хамтдаа өрсөлдөж байгааг харах сайхан байдаг. ДАШТ дээр ч гэсэн улс орон бүрээс хүмүүс ирж байна. Бид нөхөрсөг өрсөлдөж чадна. Энэ л спортын сайхан нь” гэв.
Берхалтерын хэлснээр Ираны эсрэг хийх тоглолт тун өрсөлдөөнтэй, ширүүн байх гэнэ.
Ираны хувьд 1979 оны хувьсгалын дараагаар Америк төдийгүй өрнийн орнуудтай таарамжгүй харилцаатай болсон билээ. Мөн тэд АНУ-ын холбоотон Израилтай сөргөлдөөнтэй байгаа. Иран одоог хүртэл АНУ-тай дипломат харилцаагүй, Израилыг бүрэн эрхт улс гэж хүлээн зөвшөөрдөггүй.
Холбоотой мэдээ