Цаг агаарын нөхцөл байдал, улирлаас шалтгаалж үүрийн 3-5 цагт ажилдаа гардаг Тохижилт үйлчилгээний албаныхны нормын хувцас, хэрэглэл жилийн жилд нэгэн адил байдаг. Угтаа техник, технологи хөгжиж дэлхий нийтээр механик ажиллагаанаас татгалзаж байхад ТҮК-ийн ажилчид өнөө л хэвэндээ байгаа нь нийслэлийн удирдлагуудын буруу гэдгийг иргэд шүүмжилж байна. Идэр есийн хүйтэнд, жавар тачигнасан үүрээр ч ажилдаа цагтаа гарч цас, шавар шавхайг өөрт байгаа нөөц, чадлаараа цэвэрлэж байгаа нь тэдний буруу биш.
Төсөв санхүүг жил бүр тусгадаг байж түүндээ тохирсон бүтээгдэхүүн авч үйлчилгээний ажилчдынхаа хангамжийг нэмэгдүүлж чадахгүй байгаа нь удирдлагуудыг ийн шүүмжлэхэд хүргэж буй юм.
Тиймээс хот тохижилтын албанд хүчин зүтгэж буй хүмүүстээ гар ажиллагааг нь багасгах тоотой хэдхэн ч болов багаж, хэрэгслээр хангаж өгөх нь зүйтэй. Эс бөгөөс механик ажиллагаа ихтэй ТҮК ажиллах хүчний хомсдолд орж байгаагаа анхааруулсан. Ядаж л гудамж талбайн хог шүүрддэг машинаа хугацаандаа татаж чадвал эдийн засгийн тооцооллын хувьд энэхүү машины нэг нь 8-10 хүний механик ажиллагааг хөнгөвчлөх аж. Гэвч харамсалтай нь цагийг нь тулгаж төсөв санхүүгээ баталдаг нийслэлийнхний ажлын явц нь өвлийн эд хүйтнийг хүлээж тэссэнгүй.
Тиймдээ ч арга буюу ажилчид нь хүйтэн шөнөөр гараар давсаа цацаж, шүүр, хүрзээ чирч явна.
Нийслэлийн хэмжээнд ТҮК-д үйлчилж байгаа зориулалтын машин техникийг авч үзвэл:
- Давс, бодис цацах, цас хусах тусгай зориулалтын камаз маркийн нийт 12 авто машинаас 11-нь, давс, бодис цацагч төхөөрөмжтэй жижиг оврын портер маркийн хоёр машинаас нэг нь ажиллаж байна.
- Хог, цас сорох зориулалттай шүүртэй нийт 16 машинаас 14,
- Бага оврын шүүрт 20 машинаас 16 нь явган хүний зам, талбай, замын нуух цэвэрлэгээнд ажиллаж байгаа аж.
Тохижилт үйлчилгээний албанд 770 гаруй хүн ажилладаг ч техникийн хүрэлцээгүй байдлаас болж хүмүүсийн бүтээмж илүү цагаар ажилласан ч хангалттай бус байдгийг албаныхан онцолсон юм. Иймд нийслэлийн удирдлагууд цаг агаарын давтагдашгүй нөхцөлд хүнд хөдөлмөр эрхэлж буй хүмүүстээ хүнлэг сэтгэлтэй хандахыг иргэд цахим хуудастаа шаардаж байна.
Холбоотой мэдээ