Польшийн шигшээ багийн гол тоглогч Пётр Зелиньский талбай дээр ч, талбайн гадна ч амжилт дүүрэн, гайхалтай байна. ДАШТ-ий хоёрдугаар тойрогт Польш Саудын Арабыг хожиход тэрбээр эхний гоолыг оруулж, улмаар Роберт Левандовски эцсийг цэгийг нь тавьсан билээ. Тэгвэл Пётр Зелиньский төрөлх Зомбковице-Слёнске хотдоо хүүхэд хамгааллын хоёр барилга бэлэглэжээ. Түүний “Peter Pan” сан тус хотод хоёр барилга худалдан авч, хүүхэд хамгааллын төв болгон тохижуулсан байна.
Пётр Зелиньскийгийн аав Богуслав Зелиньский энэ талаар “Тэр үнэхээр санаачлагатай. Алтан жаал гэмээр. Тэр Польшд ирэх бүртээ хүүхдүүд дээр зочилж, хөлбөмбөг хамт тоглодог. Мөн тэдэнд зөөврийн компьютер, таблет, консоль бэлэглэдэг. Тэр минь үнэхээр тусч” гэжээ.
Өдгөө 28 настай Зелиньский Италийн Наполи клубд хүчин зүтгэдэг бөгөөд долоо хоногийн 107 мянган фунтын цалин авдаг аж. Тэрбээр 16 насандаа Италийн Удинезег зорьж, тус улсад авьяас чадвараа гайхуулсаар байна. Түүнийг багтаа элсүүлэхээр Барселона, Ливерпүүл гэх багууд хөөцөлдөж байсан гэнэ.
Польшийн шигшээ баг хэсгийн гурав дахь тоглолтоо маргааш/2022.11.30/ шөнө Аргентины эсрэг хийнэ.
Холбоотой мэдээ