Ираны хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчдын гэр бүлийг шоронд хорьж, эрүүдэн шүүнэ гэж заналхийлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Ираны шигшээ өнөөдөр буюу 29-30-ныг шилжих шөнө 03.00 цагаас АНУ-тай тун чухал тоглолтыг хийнэ.
Тэд Английн эсрэг хийсэн тоглолтын өмнө төрийн дууллаа дуулахаас татгалзсан бөгөөд тус тоглолтын дараа Катарт үүрэг гүйцэтгэж буй Ираны хувьсгалт харуулын корпусын гишүүд тэдэнтэй уулзсан аж. Хэрэв хөлбөмбөгчид төрийн дууллаа дуулахгүй, Тегераны дэглэмийг зөрчсөн аливаа улс төрийн эсэргүүцэлд нэгдвэл ар гэрийнхэн нь хүчирхийлэл, тамлалд өртөх болно гэж заналхийлсэн гэнэ.
Үүний улмаас Ираны хөлбөмбөгчид Уэльсийн эсрэг хийсэн тоглолтынхоо өмнө төрийн дууллаа ч дуулж, өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай хожсон билээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ираны хувьсгалт харуулын корпусын гишүүд шигшээ багийнхаа тамирчдад чанга хяналт тавьж байгаа бөгөөд тэднийг гадагш гаргах эсвэл бусад улсын хүмүүстэй уулзахыг хориглож байгаа гэв. Тэд тамирчдын мэдээллийг алхам тутамд цуглуулж, үйлдэл бүрийг нь хянаж байна.
Ираны хөлбөмбөгчид АНУ-ыг ялвал тэдэнд бэлэг сэлт, автомашин бэлэглэнэ гэжээ.
Мөн нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн хэлснээр Ираны дасгалжуулагч Португал мэргэжилтэн Карлуш Кейруш цэргүүдтэй уулзаж, тамирчиддаа санаа зовж буйгаа илэрхийлжээ. Үүнээс гадна Ираны эрх баригчид хэдэн зуун жүжигчин дэмжигчдийг Катар руу илгээж, тоглолтод үзүүлж байгаа аж. Энэхүү тоо нь АНУ-ын эсрэг тоглолтод хэдэн мянга хүрнэ гэлээ.
Холбоотой мэдээ