"Хятад, Монголын харилцааг гурамсан хөдөлгүүрээр урагшлуулна"

Хуучирсан мэдээ: 2022.11.30-нд нийтлэгдсэн

"Хятад, Монголын харилцааг гурамсан хөдөлгүүрээр урагшлуулна"

"Хятад, Монголын харилцааг гурамсан хөдөлгүүрээр урагшлуулна"

Хятадын хэвлэлүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн хоёр өдрийн төрийн айлчлалыг онцолж байна. Хятадын “CGTN” телевизийн цахим хуудаст “Хятад, Монголын харилцаанд түлхэц өгч буй гурамсан хөдөлгүүр” нэртэй нийтлэл нийтлэгджээ. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсыг БНХАУ-тай холбосон гурав дахь төмөр зам буюу Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам арваннэгдүгээр сарын 25-нд ашиглалтад орсноос хойш хоёр өдрийн дараа Хятад улсад хоёр өдрийн төрийн айлчлал хийв. Хөрш хоёр орон нэг нэгэндээ хонь болон цай харилцан бэлэглэх замаар Covid-19 цар тахалтай гар нийлэн тэмцэж, харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр ирсэн билээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Даваа гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзаад, “Манай хоёр орон улс хоорондын төр засгийн харилцааны сайн үлгэр жишээ болсон. Олон улсын тавцанд тогтворгүй бөгөөд тодорхойгүй байдал өсөн нэмэгдэж буй энэ цаг үед нийтлэг ирээдүйтэй хамтын нийгэмлэг байгуулах, хоёр улсын ард түмний аж амьдралыг улам бүр дээшлүүлэхийн тулд, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэхийн төлөө БНХАУ Монголын талтай хамтран ажиллахад бэлэн байна” гэж хэлжээ.

ГУРАМСАН ХӨДӨЛГҮҮР

Ши Жиньпин “Хоёр талын харилцааны цаашдын хөгжлийг гурамсан хөдөлгүүрээр урагшлуулах буюу “Бүс ба Зам” санаачилга болон Монголын “Талын зам” хөгжлийн стратеги, “Дэлхийн хөгжлийн санаачилга” болон Монголын “Шинэ сэргэлтийн бодлого”, Хятадын “Хоёр алхам” стратегийн төлөвлөгөө болон Монголын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого хоорондын уялдаа холбоог гүнзгийрүүлэх нь зүйтэй” гэж хэлсэн байна.

Ши Жиньпин 2013 онд бүс нутгийн харилцаа холбоо, эдийн засгийн интеграцыг сайжруулах зорилгоор “Бүс ба Зам” санаачилгаа танилцуулж байв. Монголын санаачилсан эдийн засгийн төлөвлөгөө буюу “Талын зам” хөгжлийн стратеги нь хөрш зах зээлүүдтэй худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

БНХАУ-ын дарга “Монголын “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомт, эрчим хүч, аж үйлдвэр болон ногоон хөгжил зэрэг салбарт иж бүрэн шинэчлэл хийх зорилтуудыг тусгасан” гэжээ. Тэрбээр Даваа гаригт Хятад улс эдийн засаг, худалдаа, эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг гүн боловсруулах зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн буйг илэрхийлсэн байна.

Ши “Монголын “Тэрбум мод” хөдөлгөөнийг Хятад улс дэмжиж буй бөгөөд цөлжилттэй тэмцэхийн тулд Хятад-Монголын хамтын ажиллагааны төв байгуулах боломжийг судалж үзнэ” гэж мэдэгджээ. Мөн БНХАУ-ын дарга Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт, Хятад-Оросын байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжин өнгөрүүлэх төслийн хэрэгжилтийг дэмжихээ илэрхийлэв.

БНХАУ-ын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Жиньжоу боомтоос Монгол Улсын Чойбалсан хотоор дамжин Финландын нийслэл Хельсинки хүрэх Хятад-Европ чиглэлийн анхны чингэлэгт галт тэрэг энэ оны наймдугаар сард хөдөлсөн нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор бий болгох төлөвлөгөөтэй нийцэж буй юм.

10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВАВ

Ши Жиньпин У.Хүрэлсүхэд хандан хэлэхдээ “Шинэчлэлийн замаар үндэсний сэргэн мандалтад хүрэхээр тэмүүлж буй БНХАУ улс орныхоо хөгжил цэцэглэлтийг ахиулаад зогсохгүй хөрш орнууд болон дэлхий нийттэй хөгжлийн боломжуудыг хуваалцана” гэжээ.

Монголын хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр БНХАУ бөгөөд худалдааны хамгийн том түншийн байр сууриа сүүлийн 18 жилийн турш хадгалсан. Өнгөрсөн онд хоёр талын худалдааны эргэлт түүхэнд анх удаа 10 тэрбум ам.доллар давав.

ӨМӨЗО-ы Нийгмийн шинжлэх ухааны академийн тоо баримтаас үзвэл, Хятад, Монголын худалдааны нийт эргэлт Монголын гадаад худалдааны 60 гаруй хувийг эзэлж байна. Гаалийн мэдээгээр, энэ оны эхний 10 сарын хугацаанд хоёр талын хийсэн худалдааны эргэлт 9.68 тэрбум ам.долларт хүрчээ.

ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВАН, ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХҮЧИН ЧАРМАЙЛТАА НЭГТГЭЕ

Хоёр улсын удирдагч нар Даваа гаригт дэлхийн энх тайван, хөгжлийн төлөө хамтдаа хүчин чармайлт гаргахаар тохиролцов.

Ши Жиньпин олон улсын харилцааны шинэ хэлбэрийг хөгжүүлж, хүн төрөлхтний хувьд нийтлэг ирээдүй бүхий хамтын нийгэмлэгийг цогцлоон бий болгоход хувь нэмрээ оруулахыг уриалжээ.

Ши Жиньпин “Хятад, Монгол хоёр бол Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орон бөгөөд олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нийтлэг ашиг сонирхолтой байдаг” гэж онцлоод, Монголын талтай нягт хамтран ажиллаж, жинхэнэ олон талт үзлийг хамтдаа хамгаалж, олон улсын эв нэгдэл, хамтын ажиллагаагаа хадгалахад бэлэн байна” гэжээ.

У.Хүрэлсүх олон улсын болон бүс нутгийн өнөөгийн байдал ээдрээтэй буйг онцлон тэмдэглээд, хоёр тал Азийн үнэт зүйлсийг сурталчилж, Ази тивийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамгаалахын төлөө хамтран ажиллах ёстой” гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Монголын тал дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил, түүнчлэн НҮБ-ын гол цөм болсон олон улсын тогтолцоог сахин хамгаалахад Хятад улсын оруулсан эерэг хувь нэмрийг өндрөөр үнэлж, Хятад улстай олон улсын үйл хэрэг дэх харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжлийг хадгалахад хувь нэмрээ оруулахад бэлэн байгаа илэрхийлэв.

У.Хүрэлсүх “Монгол Улс Хятадаас дэвшүүлж буй "Дэлхийн хөгжлийн санаачилга" болон "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ыг дэмжиж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж