Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард улсын хамтарсан мэдэгдэл гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Уг айлчлалын үр дүнгийн талаар олон улс судлаачдын байр суурийг сонслоо.
Хятад судлаач Х.БААТАРХҮҮ:
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Тухайлбал, 16 заалт бүхий хамтарсан мэдэгдэл гаргаж, гарын үсэг зурсан байна. Уг 16 бичиг баримтыг дотор нь гурван хэсэг ангилж үзье.
Нэгдүгээрт, бидний хувьд эдийн засгийг сэргээхэд нэн тулгамдсан байгаа экспортын төмөр замуудын холболтыг яаравчилъя гэсэн шийдэлд хүрсэн байна. Энэ бол хамгийн гол үр дүн.
Хоёрдугаарт, 800 сая юаны хөрөнгө оруулалтаар хоёр том төсөл буюу спорт цогцолбор, үндэсний урлагийн их театр гэсэн хоёр бүтээн байгуулалтыг хийхээр гарын үсэг зурсан байна. ТЭЗҮ хийгдэж эхлэх юм байна. Энэ бол зээл биш буцалтгүй тусламж.
Гуравдугаарт, Оросоос дамжиж ирэх хийн хоолойн асуудлыг хамтарсан мэдэгдлийн 14 дүгээр зүйлд албан ёсоор орсон байна. Улс төр, эдийн засгийн хувьд ач холбогдолтой шийдэл. Ойрын хугацаанд Монгол Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх алсын зорилт тавьсан байна. Товчхондоо, эдийн засгийн хувьд маш үр дүнтэй айлчлал боллоо. Хийн хоолойн асуудал шийдэгдэж, манай экспортыг дэмжиж байгаа. Нүүрсний экспортын тухайд манай талаас 40 сая тоннд хүргэе гэсэн хүсэлт тавьсан. Хятадын талаас танайх нийлүүлэх хэмжээгээрээ нийлүүл гэсэн байна.
МОНГОЛООС НҮҮРС ХУДАЛДАЖ АВАХ ТАЛААР АХИЦ ГАРНА ГЭЖ БОДОЖ БАЙНА
Олон улс судлаач, профессор Д.БАЯРХҮҮ:
-Энэ айлчлалыг Монгол, Хятадын хоорондын харилцаанд улс төрийн өндөр ач холбогдолтой хэмээн хоёр тал хоёул онцлон тэмдэглэж байгаа. Улс төрийн өндөр ач холбогдолтой гэдэг нь цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд бүх салбарт эерэг нөлөө үзүүлнэ. Монголын хувьд гадаад худалдааны гол түнш маань Хятад улс. Худалдааны эргэлтийг саяхан 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэж зорьж байсан бол өнгөрсөн онд 10.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ойрын хугацаанд энэ худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэнэ гэж. Монгол Улсын хувьд экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь нүүрс.
Хятад улс хүлэмжийн хийг багасгах үүрэг хүлээсэн, нүүрсний цахилгаан станцуудаас татгалзаж байгаа ч гэсэн Монголоос нүүрс худалдаж авах талаар ахиц гарна гэж бодож байна. Нүүрсний экспортын тухайд манай улс 13 сая тонныг их том үзүүлэлт гэж хардаг байсан бол экспортыг 20 сая тоннд хүргээд, цаашдаа хоёр дахин өсгөх боломжийг хэлэлцээний үеэр ярихаар төлөвлөсөн. Хятадын талаас тавьж буй хүсэлт нь Монгол-Хятадын харилцааг Хятад хөрш, түнш улсуудтайгаа тогтоосон харилцааны үлгэр жишээ харилцаа гэж үздэг. Түүнийгээ нотлон харуулах нь энэ айлчлалын зорилго гэж үзэж байгаа.
Холбоотой мэдээ