Марокко болон Бельгийн шигшээ багууд Ням гаригт тоглосон. Гэтэл Марокко улс 2:0 харьцаатай хожсоны дараа Бельги, Голландын хэд хэдэн хотод үймээн самуун дэгджээ. Брюссельд цугласан олныг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий цацаж, усан буугаар буудсаны эцэст нийт 20 орчим хүнийг баривчлав. Голландын Роттердам боомт хотод цагдаагийн хоёр ажилтан шархадсан байна. Өдгөө ихэнх хот эргээд тайван байдалтай болсон.
Үймээн дэгдээгчид машинуудыг хөмрүүлж, шатааж, тоосго шидэж, цахилгаан скутер шатаажээ. Цагдаа нарын тушаалаар метро, трамвайны хөдөлгөөнийг хэсэг хугацаанд зогсоосон. Мөн Брюссель хотын дарга Филипп Клоу оршин суугчдыг хотын төвөөс хол байхыг уриалжээ. “Тэд болон шүтэн бишрэгчид биш үймээн дэгдээгчид. Мароккогийн хөгжөөн дэмжигчид баяраа тэмдэглэхээр ирсэн байна” гэж Клоу хэллээ. Тодруулбал, Бельги, Голландын олон хотод Мароккогийн цагаач гаралтай хөгжөөн дэмжигчид баяр тэмдэглэсэн байна. Дотоод хэргийн сайд Аннелис Верлинден ч бас цөөн хэдэн хүн нөхцөл байдлыг урвуулан ашиглаж байгааг онцолжээ.
Роттердам боомт хотод 500 хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэл үймээн самуун дэгдээхийг оролдсон гэж Голландын цагдаа нар мэдэгдээд байна.
ДАШТ-ийг тойрсон сайн, муу үйл явдал тасрахгүй байна. Өчигдөр /2022.11.28/ л гэхэд Швейцарийн багийн автобус цэнгэлдэх хүрээлэн рүү явах замдаа цагдаагийн машинтай мөргөлдсөн хэрэг гарчээ. Швейцарийн баг өчигдөр орой Бразилтай тоглосон. Осол болж, замын хөдөлгөөн удааширсан ч тэд цэнгэлдэх хүрээлэнд бүрэн бүрэлдэхүүнээрээ цагтаа ирж амжжээ. Азаар тоглогчид бэртэл гэмтэл аваагүй байна.
Эх сурвалж: AP, DAILY MAIL