Их Британийн ерөнхий сайд Риши Сунак гадаад бодлогын талаарх анхны илтгэлдээ “Хятад, Их Британийн харилцааны алтан үе дуусан” гэж хэлжээ. Түүнчлэн урьдын эдийн засгийн ойр дотно харилцааг гэнэн явдал байсан гэв. “Их Британи одоо өрсөлдөгчдөө чиглэсэн бодлогоо бат бөх прагматизмаар солих шаардлагатай. Гэхдээ Хятадын дэлхийн ач холбогдлыг үл тоомсорлож болохгүй” гэж тэр анхаарууллаа.
Риши Сунак өнгөрсөн сард Их Британийн ерөнхий сайдын албыг хашиж эхэлснээсээ хойш Хятадын эсрэг байр суурийг чангаруулах арын албаныхны шахалтад өртөөд буй. Хятадад өнгөрсөн амралтын өдрүүдээр Covid-19-ийн хатуу хөл хориог эсэргүүцсэн жагсаал болсон. Уг жагсаалыг сурвалжилж байсан “BBC” агентлагийн сэтгүүлчийг саатуулсан явдал гарчээ. “Хятад улс сэтгүүлч дайрах зэргээр цаашид дарангуйллын арга замыг сонгосон байна. Тэд бидний үнэт зүйл, ашиг сонирхолд системчилсэн сорилт болж байгааг бид хүлээн зөвшөөрч байна. Энэ нь улам их авторитаризм руу шилжиж, хурцдаж байна” гэж Сунак бизнесийн удирдагчид болон гадаад бодлогын мэргэжилтнүүдэд хандан хэлэв. Мөн цаашид хурцадмал өрсөлдөөнийг удирдахад АНУ, Канад, Австрали, Япон зэрэг холбоотонтой хамтарч ажиллана гэлээ.
Хоёр улсын харилцааны алтан үе гэсэн хэллэг нь ерөнхий сайд асан Дэвид Камероны үеийн эдийн засгийн нягт харилцаатай холбоотой. Гэвч Лондон, Бээжингийн харилцаа түүнээс хойш сайжраагүй байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ