Хавай арал дээр орших дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул Мауна Лоа дэлбэрэх дөхсөн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Ням гаригт орон нутгийн цагаар 23:30 минутад “Moku’āweoweo” нэртэй оргил дэлбэрчээ. Ийнхүү Мауна Лоа галт уул бараг 40 жилийн дараа анх удаа дэлбэрч байна.
Халуун үнс лав цацлах аюултай тул оршин суугчдад эртнээс сэрэмжлүүлэг хүргэсэн байсан. Гэхдээ одоогоор нүүлгэн шилжүүлэх тушаал заавар өгөөгүй байна. Галт уулын халуун лав нь ихэвчлэн оргил хэсгийн тогоонд агуулагддаг. АНУ-ын Геологийн хүрээлэн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөх магадлалтайг хэлж байна. Дэлбэрэлтийн эхний үе шатанд лавын урсгал, байршил хурдацтай өөрчлөгддөг. Тиймээс сэрэмжлүүлгийн түвшин энэ удаад хамгийн өндөр түвшинд хүрч шинэчлэгджээ. Лавын урсгал хүн амын томоохон төвүүд болох Хило, Кона хотод аюул учруулж болзошгүйг Хавайн галт уулын ажиглалтын төвд ажиллаж байсан Британийн галт уулын геофизикч Жессика Жонсон анхааруулав. Мөн галт уулын хий иргэдийг амьсгалахад хүндрэл учруулж болзошгүй аж.
Мауна Лоа галт уул нь Хавай арлын тал хувийг эзэлдэг. Галт уул далайн түвшнээс дээш 4169 м өндөрт байрладаг бөгөөд нийт 5179 км квадрат талбайг хамардаг. Геологийн хүрээлэнгээс мэдээлснээр галт уул 1843 оноос хойш 33 удаа дэлбэрсэн байна. Дэлхий дээр олон том галт уулууд байдаг ч Мауна Лоа бол хамгийн том идэвхтэй галт уулд тооцогддог. Бусад нь унтаа галт уул гэсэн ангилалд буюу удаан хугацаанд дэлбэрээгүй, унтарсан, ирээдүйд дэлбэрэхгүй нь бараг ойлгомжтой гэсэн үг юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ