Б.Соёл-Эрдэнэ: Бие биеэ дээдлэх хүн ёсны харилцаа нь бидний үнэ цэн юм | News.MN

Б.Соёл-Эрдэнэ: Бие биеэ дээдлэх хүн ёсны харилцаа нь бидний үнэ цэн юм

Б.Соёл-Эрдэнэ: Бие биеэ дээдлэх хүн ёсны харилцаа нь бидний үнэ цэн юм

 “МСМ Групп” ХХК- ийн охин компани болох шингэн хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “МСМ Бетастар” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Б.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.


Та компанийнхаа үйл ажиллагааны цар хүрээ, чиглэлийн талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юү?

“МСМ Групп” ХХК-ийг 1998 онд байгуулсан бол шингэн хүнсний худалдаа, түгээлт, борлуулалтын бизнес болох “МСМ Бетастар” ХХК маань анх тансаг зэрэглэлийн “LVMH групп компанийн шингэн хүнсний компани нь болох “Moët Hennessy” компанийн албан ёсны дистрибьюторын эрхийг 2005 онд авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Өнөөдрийн байдлаар дэлхийд алдартай 175 гаруй төрлийн брэндийг Монгол Улсын зах зээлд албан ёсны дистрибьюторын эрхээр худалдан борлуулж байна. Спиртийн агууламжтай болон агууламжгүй бүтээгдэхүүнийг нийтэд нь шингэн хүнс гэдгийг хүмүүс мэдэх байх. Тэр дундаа спиртийн агууламжтай үндсэн 12 нэр төрөл дэлхийд байдгийг бүгдийг нь манайх оруулж ирдэг. Мэдээж зах зээлд шинэ төрөл бий болох бүрд түүнийг нь хэрэглэгчдэдээ хүргэхийн төлөө ажиллаж ирлээ. Мөн эцсийн хэрэглэгч нарт зориулсан “MSM Betastar” аппликэйшн бий. Хамгийн сүүлд буюу энэ сард “Sour” шингэн хүнсний дэлгүүрээ нээгээд байна.

“МСМ Бетастар-ын давуу тал, ялгаа нь юу вэ?

Хамгийн гол нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс нь Монголд борлуулах эрхийг нь авч ажилладаг нь манай компанийн том давуу тал, онцлог гэж хэлж болно. Мөн спиртийн төрлийн бүтээгдэхүүнээс гэхэд л дэлхийд хамгийн алдартай зургааг манайх оруулж ирдэг. Жишээ нь, “Moët Hennessy” бол тансаг зэрэглэлийн төрөлдөө тэргүүлэгч нь. Олон улсад хамгийн өндөр борлуулалттай “Johnnie Walker” вискиг үйлдвэрлэгч DIAGEO гэхэд л шингэн хүнсний төрөлдөө дэлхийд хамгийн том нь гэх зэргээр нэрлэхэд таатай байна. Спиртийн агууламжтай бүтээгдэхүүнээс гадна 2016 онд цэнхэр “Red Bull”, 2018 онд “Ocean Spray”, 2020 онд “Fever-Tree” зэрэг брэндүүдийг оруулж иржээ. “Fever-Tree” брэнд бол сүүлийн найман жил дараалан дэлхийд шилдгээр шалгарсан тоник усны брэнд юм. Ер нь бүтээгдэхүүнийхээ чанар, нэр хүндэд голчлон анхаарч, сонголтоо хийдэг. Үүний цаана үйлдвэрлэгч нь хэр ёс зүйтэй компани вэ, албан ёсны дистрибьюторын эрхээ олгож байна уу гэдэг нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, бид зүгээр л нэг газраас хэдэн төрлийн бүтээгдэхүүн оруулж ирээд, ашиг нэмэн зарах нь манай компанийн үнэ цэн биш.

Ингэхдээ зөвхөн худалдан борлуулахаас гадна бүтээгдэхүүнээ таниулах чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг юм. Үйлдвэрлэгч нь тухайн улс орондоо бүтээгдэхүүнээ хэрхэн таниулдаг, зах зээлээ яаж тэлдэг вэ, тэр л зарчим, стандартыг баримталдаг. Тиймээс ч бүтээгдэхүүнүүдийг маань эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг харилцагчдадаа олон талаар дэмжих хүсэл эрмэлзэл бидэнд бий. Үйлдвэрлэгчид маань ч бидэнд олон төрлийн сургалт санал болгож, хамруулдаг. Зөвхөн ажилтнууд төдийгүй харилцагчдаа сургаж, бүтээгдэхүүнүүдтэйгээ газар дээр нь танилцуулдаг уламжлалтай. Аль ч салбарт хандлага, трэнд нь тогтмол өөрчлөгддөг. Тэрийг нь шингэн хүнсний салбартаа дагаж, хоцрохгүй байхыг хичээдэг. Жишээ нь, Монголын хэрэглэгчид эхлээд цагаан архийг түлхүү хэрэглэдэг байсан бол вискиг сонирхох нь нэмэгдсэн нь ажиглагддаг. Тэгвэл сүүлийн үед манайд гэлтгүй, дэлхий даяар коктейлийн соёл хүчтэй дэлгэрч байна. Тиймээс бид хэрэглэгчдийнхээ зан төлөвийн өөрчлөлт, хандлагыг мэдэрч, хамгийн сайныг нь хэрэглэгчдэдээ санал болгон, хүргэхийн төлөө ажилладаг.

Сая дурдсан зарчим тань хэрэглэгчдийг илүү соёлтой хэрэглээнд хөтөлдөг байх.

Тэгэлгүй яах вэ. Нэг талаас дэлхийн том компаниудыг эх орондоо төлөөлөн ажиллаж байгаа, нөгөө талаас спиртийн агууламжтай бүтээгдэхүүн худалдан, борлуулдгийн хувьд бидний үйл ажиллагаа бүхэлдээ ёс зүйтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэтрүүлэн хэрэглэхгүй, соёлтой хэрэглээ, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхад уриалж ажилладаг. Архидан согтуурахтай тэмцэх, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай гэх зэрэг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, дүрмийг бид ягштал биелүүлж ажиллахыг цаг ямагт хичээж ирсэн. Мөн манай компани байгаль орчны чиглэлээр ISO стандартын чанарын сертификат авахаар ажиллаж байна. Бид бараа, бүтээгдэхүүний түгээлтдээ гялгар уут ашиглахгүй, аль болох хог хаягдал багатай ажиллахыг хичээдэг. Тухайлбал, харилцагч байгууллагууддаа шил авах цэг байршуулж, аль болох байгальд ээлтэй ажилладгаас гадна сүүлийн хоёр жилийн хугацаанд түгээлтдээ цахилгаан машинууд ашиглаж байгаа.

Дэлхийн нэр хүндтэй компаниуд “МСМ Бетастар-т итгэж, тууштай хамтран ажилладаг шалтгаан нь юу юм бол?

Бид харилцагчдынхаа итгэлийг дааж, бүтээгдэхүүнийх нь нэр хүндийг унагахгүй байж чаддаг. Хамгийн гол нь бид татвараа ил тод төлөхөөс авхуулаад хуулийн дагуу ажиллаж ирсэн. Алхам тутамдаа ёс зүйг баримталдаг нь биднийг илүү үнэ цэнтэй болгодог. Өдгөө манай компани 12 компанитай гэрээтэй ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл хамтын ажиллагааны гэрээгээ цуцалсан нэг ч компани, брэнд байхгүй. Энэ бүх хугацаанд харилцагч, нийлүүлэгчдээ хүндэлж, ажилчдаа дээдлэх хүн ёсны харилцаан дээр л бидний бизнес тогтож ирсэн.

MSM Betastar” аппликэйшнийхээ талаар тодруулахгүй юу?

Энэ үйлчилгээг 2018 онд эхлүүлсэн юм. Ерөнхийдөө хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхол, шаардлагад л нийцүүлсэн үйлчилгээ гэж хэлж болно. Тэгээд ч хүргэлтийн үйлчилгээ, бизнес нь дэлхийд хамгийн өндөр өсөлттэй байгаа шүү дээ. Ингээд түгээлтийн үйлчилгээгээ аппликэйшнд суурилан хүргэж байна. Хүргэлтийн үйлчилгээг хувь хүн, байгууллагын аль нь ч авах боломжтой. Харин хуулийн дагуу 21 нас хүрээгүй хүнд спиртийн агууламжтай бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаггүй. Энэ хугацаанд цар тахалтай нүүр тулахын зэрэгцээ энэ үйлчилгээ маань цар хүрээгээ тэлж, илүү боловсронгуй, хялбар болж байгаа гэж хэлж болно. Гэхдээ цар тахлын үед удаан хугацааны турш хөл хорионд орж, хязгаарлагдмал орчинд байсан учраас хүн хоорондын, нүүр тулсан харилцаа их үгүйлэгджээ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн зан төлөвийг судлахад аливаа бараа, бүтээгдэхүүнийг цахимаар, хүргэлтээр авахаас илүүтэй дэлгүүрээс өөрийн биеэр худалдан авч, үйлчлүүлэх эрэлт, сонирхол их, илт сэргэсэн нь мэдрэгдэж байна. Тиймээс ч бид “Sour” шингэн хүнсний дэлгүүрээ нээлээ.

 “Sour” нь танай анхны дэлгүүр үү?

Тийм. Уух юмны худалдан авалтын зан төлөв ихэнх улсад энэ төрлийн буюу ликёр сторыг чиглэж байна. Манай дэлгүүрт зөвхөн “МСМ Бетастар” гэлтгүй, Монголын зах зээл дэх бүх төрлийн брэндийг худалдан борлуулах сонирхолтой. Үүгээр бид хэрэглэгчдэдээ илүү сонголт санал болгох гээд байгаа юм. Зүгээр л худалдаж аваад гарах бус, тухайн бүтээгдэхүүний хэрэглээний соёлтой танилцаж, амтлан, зөв сонголт хийх боломжийг ликёр стор олгодог. Манай дэлгүүрийн хувьд нэр төрөл арвин, сонголт ихтэйгээс гадна үйлчлүүлэгч маань сонгосон бүтээгдэхүүнээ хүссэн газартаа хүргүүлэх боломжтой. Нийслэлийн аль ч хэсэгт хоёр цагийн дотор хүргэж өгдөг.

Танай дэлгүүрт байгаа хамгийн шинэхэн бүтээгдэхүүн гэвэл юуг нэрлэх вэ?

Armand de Brignac буюу Ace of Spades тансаг зэрэглэлийн энэ оргилуун дарсыг авчраад сар ч болоогүй байна. “LVMH” компани уг брэндийг худалдан аваад жил ч болоогүй байна. Энэ жил нэмсэн олон шинэ брэндийн нэг нь энэ юм. Ташрамд дурдахад, бид дэлхийн шинэ, сонирхолтой брэндүүдийг богино хугацаанд оруулж ирэн, хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьдгоо хэлэхэд таатай байна. Мөн цар тахлын оргил үед спиртийн өндөр агууламжтай бүтээгдэхүүний хэрэглээ өссөн дүн бий. Тэгвэл хөл хорио, хязгаарлалт суларснаар олон хүнийг хамарсан арга хэмжээ, баяр ёслол ихээр болж байгаатай холбоотойгоор оргилуун дарсны хэрэглээ нэмэгдэж байгаа юм билээ.

Цаашид хийхээр төлөвлөсөн ажил, үйлчилгээнийхээ талаар сонирхуулж болох уу?

Трэндээ дагаад ирэх жил хэд хэдэн шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

 “МСМ Бетастар-ыг удирдаж байгаагийн хувьд танаас ярилцлагын төгсгөлд энэ компани, шингэн хүнсний салбартай холбогдоод хэр удаж байгааг тань асууя.

АНУ-д суралцаж байхдаа цагийн ажил хийн, хүнс, тэр дундаа шингэн хүнс, зочлох үйлчилгээний салбартай анх танилцсан гэж хэлж болох юм. “МСМ Бетастар” компанидаа ес дэх жилдээ ажиллаж байна. Мэдээж одоогийн албан тушаалаас ажлын гараагаа эхлээгүй. Энэ бүх хугацаанд ажилдаа тогтмол суралцаж, дурлаж явна.

– Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж