Монгол Улс дотооддоо сансрын хиймэл дагуул бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2022.11.29-нд нийтлэгдсэн

Монгол Улс дотооддоо сансрын хиймэл дагуул бүтээнэ

Монгол Улс түүхэндээ анх удаа арилжааны зориулалттай хиймэл дагуул хөөргөж харилцаа холбооны салбарыг шинэ түвшинд гаргах тодорхой зорилттой төр хувийн хэвшил хамтарсан стратегийн чухал ач холбогдол бүхий төсөл хэрэгжихээр болжээ.

Монголын сансрын үндэсний зөвлөл, Кюүшүгийн технологийн институт болон ОНДО Спэйс ХХК нар харилцан ойлголцлын санамж бичиг болон хамтран ажиллах гэрээнд 2022 оны 11 дүгээр сарын 28ний өдөр гарын үсэг зурлаа. Монголын сансрын үндэсний зөвлөлийг төлөөлж УИХ, Засгийн газрын гишүүн, ЦХХХ-ны сайд, Сансрын үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал, Кюүшүгийн технологийн институтийг төлөөлж тус институтийн Ерөнхийлөгч Ясунори Митани ОНДО Спэйс компанийг төлөөлж үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Ч.Анар болон Гүйцэтгэх захирал О.Алтаншагай нар гарын үсэг зурлаа.

ONDO Space ХХК эхний ээлжид технологийн туршилтын 3 хиймэл дагуулыг 2023 онд хөөргөхөөр төлөвлөж улмаар ирэх 5 жилийн хугацаанд нийт 176 ширхэг ижил төрлийн хиймэл дагуулыг дотооддоо бүтээж, сансарт гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэхүү хиймэл дагуулууд ажиллагаанд орсноор дэлхийн хаанаас ч, үүрэн холбооны сүлжээ ороогүй газраас ч мэдээлэл дамжуулах боломжтойгоос гадна машин хоорондын харилцаа, алсаас удирдах систем, IoT зэрэгт чиглэсэн үйлчилгээ үзүүлэх юм.

Ингэснээр ОНДО Спэйс компани нь хиймэл дагуулуудын сансрын орчны тестүүдийг Кюшүгийн технологийн институттэй хамтран хийх, тоног төхөөрөмжийг ашиглах, Монгол улсад анх удаа байгуулах сансрын орчны тестийн лаборатори дээр ‘’Know How’’ хуваалцах сансрын технологийн чиглэлээр хүний нөөцийг Япон улсад бэлтгэх зэрэг ажлууд багтаж байгаа ажээ. Кюүшүгийн технологийн институт нь жижиг хиймэл дагуул хөгжүүлэлт, хөөргөх салбарт дэлхийд тэргүүлдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 11 дүгээр сарын 29-өөс 12 дугаар сарын 02-ний өдрүүдэд Япон Улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгчийн айлчлалтай тус гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа давхцаж байгаагаараа онцлог. Учир нь Ерөнхийлөгчийн айлчлалыг тохиолдуулан хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа албан ёсны гэрээ юм. Найрамдалт харилцааны тэгш ой тохиож байгаатай холбогдуулан Япон Монголын харилцааны гүүр болж буй, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо Даваажаргал санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцож, цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж