МАН-д албан тушаалын ширүүхэн маргаан өрнөж байна. Тухайлбал, МАН-ын ирэх сарын 6-ны өдөр болох бага хурлаар генсек, түүний дараа УИХ-ын дэд даргыг томилох чигтэй байгаа.
Харин түүнээс наана МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага гэгддэг НАМЭХ-ны хурлаар тэргүүнийг сонгох байсан ч хойшлох төлөвтэй байна. Учир нь МАН-ын эмэгтэйчүүдийн хоорондох өрсөлдөөн ширүүхэн өрнөж, дараагийн тэргүүнийг жагсаалтаар сонгох талаар “зодоон” өрнөж байна. Тус холбоо нь намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо бөгөөд сунгаанд 2019 онд УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл, Х.Булгантуяа нар өрсөлдөж 75 хувийн саналаар Д.Сарангэрэл удирдлагаар нь сонгогдож байв.
МАН нийтдээ 200 мянган гишүүнтэй гэвэл тэдний 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд эзэлдэг. НАМЭХ-ын үйл ажиллагааны цар хүрээ өргөн төдийгүй, намын удирдлагаас дэвшүүлсэн нэрийг дэмждэг уламжлалтай. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл суудлаа авч үлдэхээ намынхаа удирдлагуудад илэрхийлсэн. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “хүн” гэдэг нь худлаа биш. Үүний хажуугаар Ерөнхий сайд Соёлын сайд Ч.Номинг зүтгүүлэх бол, эмэгтэйчүүдийн төлөөллөөс УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Х.Булгантуяа нарыг нэрсийг оруулахаар ярилцжээ. Түүнчлэн дараагийн яригдаж буй хүн бол БНХАУ-ын Шанхай хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Ё.Нямжав гэх таамаг бий. Гэхдээ намын дүрмийн дагуу МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ НАМЭХ-ны ерөнхийлөгчийн нэрийг хуралд танилцуулах ёстой. Намын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд Соёлын сайд Ч.Номинг нэр дэвшүүлэхээр тохирсон нь намын эмэгтэйчүүдийн дургүйг хүргэж, нам дотор итгэл хүлээж чадахгүй гэж үзэж байгаа аж.
Тиймээс ч Д.Сарангэрэл гишүүн улирах хүслээ намын удирдлагадаа илэрхийлж, харин УИХ дахь эмэгтэй гишүүд нь Х.Булгантуяа, Ч.Ундрам гээд залуу эмэгтэйчүүдээ дэмжих ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлээд байгаа аж.
Ийнхүү намын Бага хурлын өмнө хурлаа хийж, удирдлагаа шинэчлэх байсан НАМЭХ-ны хурал хойшилж магадгүй, Бага хурлын өмнө нам дотор хагарал үүсгэж магадгүй гэдэг байр суурийг намын удирдлагын зүгээс илэрхийлжээ.
Үүнээс гадна уг хурлаар НАМЭХ буюу Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо нэрийг сольж, Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчлөх гэнэ.
Холбоотой мэдээ