Ойрын хоногуудад Идэр, Тэс, Яармаг-Сонгинын  бүсэд -40-46 хэм хүрнэ

Хуучирсан мэдээ: 2022.11.29-нд нийтлэгдсэн

Ойрын хоногуудад Идэр, Тэс, Яармаг-Сонгинын  бүсэд -40-46 хэм хүрнэ

Ойрын хоногуудад Идэр, Тэс, Яармаг-Сонгинын  бүсэд -40-46 хэм хүрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр арваннэгдүгээр сарын 27-ноос эхлэн ихэнх нутгаар их хэмжээний цас орж, цочир хүйтрэхийг анхааруулсан. Үүнтэй холбоотойгоор өчигдөр /2022.11.28/ нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллага нэг хоног цахиммаар хичээллэсэн билээ. Тэгвэл албаны хүмүүсийн хэлж байгаа мэдээллээр ойрын хоёр хоногт өчигдрөөс илүү хүйтрэх төлөвтэй байгаа аж.

Цаг агаарын гэнэтийн үзэгдлээс шалтгаалж зам товчоод хаагдах, иргэд осгох эрсдэл өндөр байгаагаас гадна зарим аймаг, сумдад зудын эрсдэл нэмэгдэж буйг холбогдох яамнаас анхаарууллаа.

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Төв Сибирийн бүсээс хүйтэн агаарын урсгал орж ирж буй тул арваннэгдүгээр сарын 28-наас ихэнх нутгаар эрс хүйтэрч, цас орно. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, 28,29-ний шөнө хамгийн хүйтэн байх бөгөөд Туул гол орчим, Яармаг-Сонгинын  бүсэд -40 хэм, хотын төв орчимд -30-33 хэм хүрч хүйтрэх төлөвтэй.

Ойрын 2-3 хоногт 1-4 см зузаантай цасан бүрхүүл үүсэж магадгүй. Иймд цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох, дулаан хувцаслахыг иргэд та бүхэндээ анхааруулж байна” гэсэн юм.

Харин ирэх сарын 1-нээс цаг агаар харьцангуй тогтворжих бөгөөд арванхоёрдугаар сарын 02-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 3-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Салхи 30-нд говь, тал, хээрийн нутгаар, арванхоёрдугаар сарын 01-нд Алтайн салбар уулсаар, 2-нд говийн бүс нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд хүйтэн Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -41…-46 градус, өдөртөө -30…-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -23…-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11…-16 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -17…-22 градус хүйтэн, жавартай байна гэдгийг мөн ЦУОШГ-аас мэдээллээ.

ЦАГ АГААРЫН ДАВТАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛЖ АЙМАГ, СУМДЫН ЗУДЫН ЭРСДЭЛ ИХЭСЧЭЭ

Цаг уур орчны шинжилгээний газраас өнгөрсөн сард гаргасан мэдээллээр монгол орны 60 хувьд энэ жил зуд болох эрсдэлтэй гэсэн төлөвийг гаргаад буй. Нийт нутгаар эрс хүйтэрснээс шалтгаалж тус эрсдэлийн хувь 70 болж өсчээ. Тодруулбал, 16 аймгийн 110 суманд зудын эрсдэл тохиолдох төлөв гарсан байна. Эдгээрээс баруун аймгууд болох Баян-Өлгий, Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын 15 суманд зудын эрсдэл хамгийн өндөр гарчээ.

Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу, хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж, доройтсон төлөвт буй, нэгжийн ургац бага, малын тоо ихтэй зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж буй аж.

Зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй, малчид мөнгөжих боломж муутай байгаа учир эрсдэл өндөр гарсан аймгуудад илүүтэй онцгой анхаарч, өвч тэжээлийн тусламжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгааг ХХААХҮЯ-наас мөн хэллээ. Тиймээс их хэмжээний цас орж эрс хүйтэрч буй өдрүүдэд 21 аймагт Онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж