Ээж нар төрөх үед аав нар ч өвддөг

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Ээж нар төрөх үед аав нар ч өвддөг

Дотор эвгүй оргиод, бөөлжис цутгаж, жин нэмэгдээд ирвэл эмэгтэйчүүд жирэмсэн болсны шинж гэж үздэг. Хэрэв дээрх шинж тэмдэг аавуудад илэрвэл юу болох бол?  

Зарим эрчүүдэд эхнэрийнх нь жирэмслэлт нөлөөлдөг аж.  Лондон дахь Кингстоны их сургуулийн эрдэмтэн Артур Бреннан аав болох гэж буй 282 эрсийн дунд нэгэн судалгаа явуулжээ. Уг судалгаагаар дээрх эрсийн дийлэнхэд нь  жирэмсний үеийн хам шинж тохиолдож байсан гэжээ.  Гэвч дээрх хам шинж  эрчүүдэд илрэх нь бодож байснаас түгээмэл аж. Уг хам шинж нь эрчүүдэд булчин зангирах, зан ааш өөрлчөгдөх, хоолны дуршил эрс нэмэгдэх, бөөлжис цутгах, ядарч, сульдах зэргээр илэрч байжээ. Мэдээж үүний цаана биологийн шалтгаан нуугдаж байдаг.

Эрдэмтэн Бреннан  эрчүүдэд илэрдэг дээрх хам шинжийг пролактин   гормоны өсөлттэй холбон тайлбарлаж байна. Уг гормон нь эхчүүд хүүхдээ хөхүүлэх үед ихээр ялгардаг ч аавуудад ч ийм зүйл тохиолдож болох аж. Эхнэрийн  жирэмсний хугацаа дуусч төрөх дөхөөд ирэх үед  эрчүүдийн бие махбодийн тестероны хэмжээ багасдаг байна. Зарим хүн энэ байдлыг аав болоход бэлдэж байгаа хэрэг гэж үздэг.

Британийн сэтгэл судлаач Лаверне Антробус  аавын үүрэг эрчүүдийг хэрхэн өөрчилдгийг харуулсан нэгэн туршилт явуулжээ.  Туршилтаар эрчүүдэд хүүхэлдэй бариулж, уйлж байгаа нялх хүүхдийн хуурцаг сонсгожээ. Аавууд өөрийн эрхгүй хүүхэлдэйг тэврэн хөдөлгөж байсан бол хүүхэдгүй эрчүүд хүүхэлдэйг эв хавгүй барин яахаа мэдэхгүй зогсч байжээ.

Өөр нэгэн туршилтаар дөнгөж төрсөн нялх хүүхдийг аавд нь тэврүүлэхэд 15 минутын дотор түүний пролактины хэмжээ 20 хувиар нэмэгдэж байжээ. Энэ бол эцгийн хайрыг харуулсан биологийн нотолгоо юм.

Дээрх судалгаа жирэмсний хам шинж эрчүүдэд ч бас илэрдэг гэдгийг харуулж байна. 

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж