Украины эмч нар гар чийдэнгийн гэрэлд хагалгаа хийж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.29-нд нийтлэгдсэн

Украины эмч нар гар чийдэнгийн гэрэлд хагалгаа хийж байна

Украины эмч нар гар чийдэнгийн гэрэлд хагалгаа хийж байна

Украины Львов хотын эмнэлэгт хавдрын мэс засал хийж байх үеэр ОХУ-аас пуужингаар харваснаас гэрэл цахилгаан тасарчээ. Өвчтөний амь настай холбоотой чухал хагалгаа байсан тул  Олег Дуда тэргүүтэй эмч нарын баг духны чийдэн, гар чийдэнгийн гэрэлд  хагалгаагаа үргэлжлүүлэн дуусгажээ.

ОХУ-аас энэ сарын 15-нд Украины эрчим хүчний дэд бүтцийг онилон олон тооны пуужин харваснаас баруун хэсгийн хот тэр чигээрээ харанхуйд автсан аж. Пуужингийн дайралтын улмаас Украины эрчим хүчний байгууламжуудын 50 орчим хувь нь гэмтэж, сүйдсэн байна.

Оросуудын дайралт өнгөрсөн долоо хоногт дахин болж, Украиныг дахин харанхуй нөмөрч, эрүүл мэндийн систем доголдов. Украины эрүүл мэндийн салбар олон жил үргэлжилсэн буруу зохион байгуулалт, авлигын асуудлаас гадна есөн сар үргэлжилсэн цар тахлын улмаас хэдийнэ хоцрогдсон аж. Үүн дээр пуужингийн дайралтаас болж цахилгаан байнга тасрах болсноос төлөвлөгөөт хагалгаанууд хойшилж, интернэт тасарснаас өвчтөнүүдийн түүхийг харах боломжгүй болсон бөгөөд эмч нар харанхуй өрөөнд гар чийдэнгийн гэрэлд үзлэг хийх болжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ, Украины эрүүл мэндийн салбар эрчим хүчний хямрал, өвлийн хүйтэн болон бусад сорилтуудыг хажуугаар "дайны саруудад хамгийн хар өдрүүдийг" даван туулж байна гэжээ. ДЭМБ-ын Европын бүс нутгийг хариуцсан захирал Ханс Клуге мэдэгдэлдээ "Энэ өвөл олон сая украинчууд амь эрсдэх эрсдэлтэй байна" гээд хоёроос гурван сая хүн аюулгүй, дулаан орчныг эрэлхийлэн эх орноосоо дүрвэх магадлалтай гэсэн байна. Түүнчлэн Украинд цар тахал, сүрьеэ, томуу зэрэг амьсгалын замын халдварт өвчнүүдийн тархалт газар авах аюул өндөр байгааг анхааруулжээ.

Хэдийгээр Кремлийн албаныхан оросын цэргүүд Украины цэргийн зориулалттай байгууламжуудад цохилт өгч байгаа гэж мэдээлж байгаа ч олон эмнэлэг, сургууль, орон сууцны барилга пуужинд өртөн сүйрсэн.
Оросын цэргүүд хоёрдугаар сарын 24-нд дайн эхлүүлснээс хойш арваннэгдүгээр сарын 23-ны хооронд Украинд 703 халдлага үйлдсэн бөгөөд тэдний зарим нь эмнэлэг, сувиллуудыг оножээ.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Украины зүүн хэсгийн эмнэлгийн төрөх тасаг пуужингийн дайралтад өртсөнөөс нэг нярай, хоёр эмч гэмтсэн байна.

Львов хотод пуужингийн цохилтын үеэр эмнэлгийн хананууд чичирхийлж, агаарын дайралтаас сэрэмжлүүлэх аюулын дохио дуугарснаар эмч, өвчтөнгүй зоорийн давхар дахь хорогдох байр руу яаравчлан ордог гэж Олег Дуда эмч тайлбарлажээ. Түүний ажилладаг эмнэлэг нь хавдрын төрөлжсөн бөгөөд өдөртөө 40 хагалгаа төлөвлөдөг ч 10-ийг нь л хийж чаддаг гэв.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж