Багш нар эцэг эхээс юу хүсдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Багш нар эцэг эхээс юу хүсдэг вэ?

Эцэг эхчүүдээ таны хүүхдийг хичээлдээ сайн болоход юу нөлөөлдгийг мэдэх үү? Багш нар таны дэмжлэг хүүхдэд ямар нөлөөтэй талаар ингэж ярьж байна.

Үл таних хүн мэт хандахаа боль
Хүүхдийнхээ багштай  эртхэн холбоо тогтоо. Хичээл тарсны дараа биш, хичээлтэй үеэр нь очиж уулзах нь хамгийн тохиромжтой цаг.  Хүүхдийн гэртээ болон сургууль дээрээ зөв төлөвшиж байгаа эсэхийг  ярилцаж, мэдээлэл солилц. 

Хичээл тарснаар хичээл дуусахгүй
Хэрэв та  хүүхдийн ангидаа сурсан зүйлийг нь  асууж, шалгаж байвал  багшийн  ажилд бага ч атугай тус болох юм. Хүүхэд сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж сурвал өөртөө улам итгэлтэй болно.

Мэдэхгүй байсан ч хичээлд нь тусал
Тухайн хичэлээлийнх нь талаар сайн мэддэг эсвэл бүр огт мэддэггүй байсан ч та хүүхдээ урмаар тэтгэж чадна. Ихэнх эцэг эхчүүд тригонометр болон химийн бодлогыг  ойлгодоггүйгээс хүүхдийнхээ гэрийн даалгаврыг яаж шалгах юм бэ гэдэг.  Гэхдээ эцэг эхчүүд бүх хичээлийг нь ойлгодог байх албагүй. Хүүхдэд анхаарал тавьж байгаагаа харуулах нь урам зориг өгч байдаг. 

Хүүхдээ цэгцтэй сэтгэдэг болго
Хүүхдийг хичээлийн хэрэгслийг нь   эмхлүүлж сурга. Хичээлээс ирснийх нь дараа цүнхийг нь суллуулж бай. Харин өглөө болгон хичээлдээ явахаас өмнө хүүхэд  бүх хэрэгслээ өөрөө бүртгэж сурах ёстой. Түүнд зориулсан хичээлийн хэрэгслээ цэгцтэй хадгалах хайрцаг бэлтгэж өг. Гэрийн даалгаврын тод өнгийн хавтас байвал сайн.  Шалтаг өгөхгүйн тулд хэрэгцээт хичээлийн хэрэгслийг нь хангалттай байлгаарай.  

Алдаа гаргаж л байг
Хүүхэд алхам тутамдаа суралцаж байгааг бүү мартаарай. Багш нар сурагчдыг төгс хүн болохыг шаарддаггүй. Харин  сайн сураасай  гэж хүсдэг. Зарим эцэг эхчүүд бүх зүйл зөв байх ёстой гэж бодож, хүүхдээс их зүйл шаарддаг нь дарамт болдог . Хүүхэд юуг ойлгохгүй байгааг багш мэдэх нь чухал шүү дээ. Хүүхэд гэрийн даалгавраа хийх гээд учраа олохгүй байвал хариуг нь олоход тусал. Хэрэв огт чадахгүй байвал тархиа сэргээх боломж олго.

Ном бэлэглэ
Хүүхэд өөрөө  номын хорхойтой байсан ч энэ сонирхлыг нь хөхүүлэн дэмжиж бай. Хамтдаа уншиж, ном бэлэглэж бай. Чангаар уншуулж сургах нь  хэл яриаг сайжруулахад тустай. Хүүхдэд уншсан номынхоо тухай ярьж өгөх нь зохиолын утга санааг ойлгуулж,  номонд улам дуртай болгодог. Гэхдээ түүний толгой дээр дааж давшгүй ном овоолох хэрэггүй.  Хүүхэд уншсан номынхоо хэлэх гэсэн санааг ойлгож, таашаадаг болоход л хангалттай.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж