Л.Оюун-Эрдэнийн зарласан бодлого ба эдийн засгийн эрх чөлөө!

Хуучирсан мэдээ: 2022.11.28-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийн зарласан бодлого ба эдийн засгийн эрх чөлөө!

Л.Оюун-Эрдэнийн  зарласан бодлого ба эдийн засгийн эрх чөлөө!

Жилийн өмнө, арванхоёрдугаар сарын 6-нд болсон МАН-ын XXX хурлаар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарлаж байв. Үүнээс хойш 365 хонох гэж байна. “Шинэ сэргэлтийн бодлого” нэг талаасаа Ерөнхий сайдын эдийн засгийн тусгаар тогтнолоо олж авах романтизм, нөгөө талаасаа улс оронд нэн чухал төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулах рефоризм юм.  Товчхондоо Шинэ сэргэлтийн бодлогын гол зорилго нь эдийн засгийн эрх чөлөө, зургаан салбарт “эргэлт” хийх тухай.

Монгол Улс далайд гарцгүй, хоёр их гүрний дунд оршдог нь де факто.  Гэхдээ хилийн цаахна дэлхийн хамгийн том эдийн засаг оршдог, хаяа залгаж амьдардгийн хувьд эдийн засаг сэргэх боломж бий. Энэ бол де-юре. Чухал нь дотоодын улс төрөө эдийн засаг нь дааж чадалгүй унасаар өнөөдрийг хүрсэн. Чухамдаа Монголын хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл нь төр өөрөө болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Их хурлынхаа индэр дээрээс хүлээн зөвшөөрсөн бий.

Ерөнхий сайдын эхний амбиц нь боомтын боомийг тайлах байв. Монголын импорт нь ӨМӨЗО-ны Эзнээ хошууны захирагчаас, экспорт нь Баяннуур хотын даргаас хамаардаг нь гашуун боловч үнэн.

Шатахуун нь орос цорготой, мөн баруун, өмнөд бүс нь хоёр хөршөөсөө гал гуйж амьдарч, аргацааж ирсэн нь худлаа биш. Үүнийг  өөрчлөх нь Л.Оюун-Эрдэнийн төдийгүй монголчуудын амбиц, алсын хараа нь мөн, мөрөөдөл  нь юм.

Өнгөрөгч Баасан гаригт Монголын төмөр замын түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал өрнөсөн нь Зүүнбаян-Хангийн төмөр зам ашиглалтад орсон явдал. Төр, хувийн хэвшлэлийн түншлэлийн хүрээнд барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК- ийн нэгдэл хийж  гүйцэтгэсэн, хос царигтай, хөндлөн төмөр зам юм.  Эдийн засгийн ач холбогдол нь асар их, Ази, Европыг холбосон хамгийн дөт төмөр зам болох нигур өндөр.

М.Энхсайхан 2015 онд анх Тавантолгойн эдийн засгийг эргэлтэд оруулах төслийг боловсруулахдаа Гашуунсухайтын төмөр замыг барьж, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр Хятадын “Шинхуа Энежри”,  Монголын “Энержи ресурс”, Японы “Сумитома”-гаар бариулахаар гэрээ байгуулдгийн даваан дээр УИХ-ын дарга асан З.Энхболд болиулсан байдаг.  Гашуунсухайтын төмөр замыг барих гэж 16 жил улстөржсөн, төслийг удаа дараа унагаасан. Ерөнхий сайдын хэлсэн “Экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт энэ хурдаар явсан  бол өнөөдөр Монгол гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрчихсэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.доллар давж, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гарчихсан байх байсан” гэх үг бодит үнэн, де факто.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Баян-Өлгий аймгаас хойш 65 километрт орших Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгох шийдвэрийг гаргасан. Ингэснээр БНХАУ-аас ОХУ руу ачаа тээвэрлэх боломжтой болж байна. Мөн л Ерөнхий сайдын зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг. Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны авто зам барих төслийн ТЭЗҮ ерөнхийдөө бэлэн болсон гэх мэтээр ажил урагшилж байна. Нэг үеэ бодоход монголчууд төмөр зам, эрчим хүчний төслүүд яагаад хэрэгжих ёстойг, мөн том төслүүд хэрэгжихгүйгээр Монгол Улс хөгжихгүйг ухаарсан  байна, яс махандаа шингэтэл ойлгосон байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эерэг хүлээлт эдийн засагт үүссэн нь эрчим хүчний төслүүд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой.  Монголын баруун таван аймаг эрчим хүчний хувьд Оросоос шууд хараат. Оросууд унтраалгаа дарах төдийд монголчууд галгүй, тоггүй таг сууна. Үүнээс гарах гарц нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болсон.  АН-ын Ш.Адъшаа мэтийн гар хөлүүд дундаас хожоо хайж хорлочихгүй бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьснаар баруун таван аймгуудын өрсөлдөх чадвар сайжирна, хүн амынх нь ажил, орлого нэмэгдэнэ.  Эсэргүүцээд байгаа хүмүүс Говь-Алтайн Тайширын усан цахилгаан станцын ач холбогдлыг асуугаад үзчих хэрэгтэй.

Үнэндээ нутгийн хэдэн малчнаас илүү нийт улсын эрх ашиг чухал. Улс орны эдийн засаг, ирээдүйд хэрэгтэй бодлого шийдвэр, төсөл хөтөлбөр  болгон хүн бүхэнд таалагдах албагүй, хувийн эрх ашгийн төлөө агсарч, жагсаж буйгаа ардчилал, хүний эрхтэй хольж хутгах бүр ч хэрэггүй.

Тавантолгойн  цахилгаан станц барьж, чадаагүйн улмаас жилд олон сая долларын цахилгааныг Хятадаас авдаг. Мөн л М.Энхсайханы хариуцаж байсан төсөл. ТЭЗҮ нь бэлэн болчихсон. Харамсалтай нь, улс төрөө даахгүй унасан төслүүдийн нэг, нэмээд Багануур байна.

Тавантолгойн цахилгаан станц баригдсанаар өмнөд бүсийн цахилгаан эрчим хүчний сүлжээ үүснэ. Хамгийн багадаа Оюутолгойгоос  Хятадад төлдөг 120 сая ам.доллар Монголд үлдэнэ.   Гэх мэтчихлэн Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний төслүүдээ хэрэгжүүлэхээр эхний алхамыг тавьсан. Эрдэнэбүрэн энэ эрчээрээ явбал таван жилийн дараа “босчихно”.

Төрийн бүтээмжийг сайжруулах нь төрийн авлигатай тэмцэхээс эхэлнэ. Л.Оюун-Эрдэнэ олон хүний эрх ашиг дээр хөндөлсөж, олон хүний сүүлэн дээр гишгэчихсэн байна. Хөгжлийн банкны луйвар, нүүрсний хулгай гээд Монголын том бизнесүүд, Монголын том улстөрчид бүгд холбогдсон дээрх хоёр хэргийг шийдэх улс төр талаасаа “амаргүй”, эдийн засаг талдаа эерэг хүлээлт үүсгэсэн.  Эр хүн зоригтой бол чоно чацга алдана гэж үгтэй. Л.Оюун-Эрдэнэд анд нөхөд ах дүү амраг садан байх эсэхээс үл хамаараад хулгай, луйвартай, тэмцээд, дайраад гарахаас өөр арга зам үлдээгүй. Түүнд МАН-ын Ерөнхий сайд уу, Монголын Ерөнхий сайд уу гэдгээ сонгох, харуулах хоёр зам үлдсэн. Эхнийхийг нь сонговол хананд зураг нь үлдэнэ, сүүлийнхийг нь сонговол нэр нь түүхэнд үлдэнэ, ийм л юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж