Төр түншлэгчээ хохироох вий!

Хуучирсан мэдээ: 2022.11.29-нд нийтлэгдсэн

Төр түншлэгчээ хохироох вий!

Төр түншлэгчээ хохироох вий!

Хөрөнгө оруулагч ч үгүй, мөнгө ч үгүй болсон төр хоолойд тулсан их ажлаа хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхийн тулд түншлэх санал тавих нь ээ. Эрхзүйн боломжийг нээхийн тулд УИХ Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан батлах чиглэл барьж байна.

Түншлэлийн хууль хэрэгжиж эхэлснээр батлан хамгаалах, банк санхүү, уул уурхайн /ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа/ салбараас бусад бүх чиглэлд төр хувийн хэвшлээр ажил гүйцэтгүүлэх боломж нээлттэй болно.

Барих-ашиглах-шилжүүлэх хэлбэрээр гэрээг байгуулах бөгөөд гэрээний дээд хугацаа 30 жил хүртэл байх юм.

Шинэ сэргэлт бодлогын хүрээнд хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой 19.6 их наяд төгрөгийн төсөл хүлээгдэж байгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга мэдэгдсэн нь Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэж буй. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн нэг онцлог нь төсөвт ачаалал өгөхгүй, хувийн хэвшлийг ч мөн хохироохгүй харилцан ашигтай түншилнэ гэж буй. Гэвч хоёр жилийн дараа УИХ-ын сонгууль болно. Энэ сонгуульд МАН дахин ялалт байгуулж чадах эсэхээс түншлэлийн насжилт хамаарах болоод байна.  Жишээ татвал, Өмнөговь аймаг дулаан хангамжийн асуудлаа шийдвэрлэх зорилгоор нэг жилийн төсвийнхөө 10 хувь дотор буюу 60 тэрбум төгрөгтэй тэнцэх төслийг хэрэгжүүлэхээр болж, хувийн хэвшилтэй гэрээ байгуулан станц бариулж эхэлтэл шинээр сонгогдсон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь цуцалбал яах вэ.  Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлд “Аймаг, нийслэл жилийн төсвийнхөө 10/1-ээс хэтрэхгүй  хөрөнгөөр бие даан төсөл хэрэгжүүлж болно” гэж заасан нь улсын төсөв харж, цаг алдахгүй сайн талтай ч хөрөнгө оруулагчийг сонгуулийн циклээс хамгаалсан заалт сул аж.  Гэтэл хувийн хэвшил нь хөрөнгөө гарган барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Эцсийн дүндээ хувийн хэвшлийн хохь болж, хөрөнгө мөнгөөрөө хохироод үлддэг өмнөх алдааг дахин давтах вий гэдгийг бизнес эрхлэгчид сануулж байна.

Нөгөөтэйгүүр, төрийн эрх авсан улс төрийн хүчин нь өмнөх Засгийн газрынхаа хэрэгжүүлсэн бодлогын эсрэг арга хэмжээ авдаг нь бизнес эрхлэгчдэд хамгийн том цохилт өгснийг мартах учиргүй. Хамгийн ойрхоны жишээ нь, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Салхитын мөнгөний ордыг төрийн мэдэлд буцаан авах нэрийн дор хувийн өмчийг цэрэг, цагдаагаар хүч далайлган дээрэмдсэн явдал.

Энэ үйл явдлын уршгаар бизнес эрхлэгчид өнөөдөр “Төр хэзээ өмчийг минь булаах бол” гэсэн айдас дор үйл ажиллагаа эрхэлж байгаа бол гадаадын шууд хөрөнгө оруулалт  үгүй болсон.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт татарсны харгайгаар валютын нөөц багасч, төсвийн алдагдал зузааран, эцсийн дүндээ алдагдлаа зээл авч нөхөхөөс аргагүйд хүрээд байна. Тодруулбал, 2023 оны төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газар 100 сая ам.долларын зээлийг Азийн дэд бүсийн хөрөнгө оруулалтын банкнаас авахаар гэрээ байгуулаад буй.

Эдийн засаг хямралтай, төсөв алдагдал ихтэй үед төр том төслүүдээ хөдөлгөх, нийгмийн шинж чанартай асуудлаа шийдвэрлэх зорилгоор хувийн хэвшлүүдээ дайчлахаар зориг шулуудсан нь зөв боловч  түншилсэн хөрөнгө оруулагчаа “шатаан”, концесс шиг бүтэлгүй төслүүд болгож, баллахгүй гэх баталгаа алга байна.

Учир нь, 2009 онд УИХ-аас санхүү эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төсөвт ирэх ачааллыг бууруулах зорилгоор Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлогыг баталсан бол 2010 онд Концессын тухай хуулийг баталсан.

Концессыг Төрийн өмчийн хороо хариуцан ажиллаж, 10 гаруй жилийн хугацаанд Засгийн газар 125 төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр баталсан ч ердөө хоёр л төсөл амжилттай хэрэгжжээ.

Эхнийх нь Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто зам төсөл бол хоёр дахь нь өнгөрсөн долоо хоногт туузыг нь хайчилсан, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 километр  төмөр зам юм.

Өөрөөр хэлбэл, бусад төслүүд дотоодын улс төрөө даахгүйгээс унаж, хөдлөөгүй бол зарим төсөл төсөвт дарамт учруулж байна гэж үзэн, зогсоосон нь ч бий.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль нь концесс дээр гарсан алдааг давтахгүй, ойлгомжгүй олон зүйлийг тодорхой болгож, хуульчилж өгсөн гэж байгаа ч төсөл шалгаруулах үйл явцаасаа эхлээд зөрчил үүсгэн, хувийн хэвшлээ хохироож мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж