Хорватын шигшээ баг Канадыг хожиж, тун хэрэгтэй ялалтыг байгуулсан. 2018 оны дэд аваргууд хэсгийн сүүлийн тоглолтоо Бельгийн эсрэг хийнэ. Хоёр багийн аль ялсан нь хасагдах шатанд бусдаас шалтгаалахгүй шалгарах учиртай.
Өнгөрсөн шөнийн тоглолтод гоол оруулсан 24 настай Ловро Майер тоглолтын дараа “Би гоол хийх гэж зүтгээгүй ээ. Зүгээр л өөрийнхөөрөө тоглож, багтаа эерэг дүн авчрахын төлөө туслахыг хүссэн. Хэрэв гоол оруулах боломж олдвол мэдээж ашиглана. Би дэлхийн аваргаас л болж хөлбөмбөг тоглож эхэлсэн. Иймэрхүү тоглолтуудаас л болсон. Катарт ирж, ДАШТ-д оролцох гайхалтай байна. Харин одоо бүр гоол оруулчихлаа. Үүнээс илүү зүйл гэж юу байх билээ” гэжээ.
Бельги-Хорват ирэх тойрогт хоорондоо учраа тааран хэн нь цааш шалгарахаа үзэх тун чухал тоглолтыг хийнэ. Тэгвэл Бельгийн гол тоглогч Кевин Де Брюйенегийн талаар Майер “Тэр бол Бельгийн шилдэг, чухал тоглогч. Миний хувьд дэлхийн шилдгүүдийн нэг. Би түүний арга барил, клуб болон шигшээ багийнхаа төлөө хийсэн зүйлст дуртай. Мэдээж, Бельгийн гол тоглогч нь тэр” гэв.
Харин Иван Перишич “Хүн бүр Бельгийг сайн баг, топ тоглогчидтой гэдгийг мэднэ. Би Кевинтэй Волфсбургт хамт тоглож байлаа. Миний хувьд Лука, тэр хоёр одоогоор дэлхийн шилдгүүд. Тэдний эсрэг тоглох хэцүү байх болно. Бидэнд нэг л оноо хэрэгтэй. Гэхдээ бид ялалтын төлөө тоглоно. Учир нь бид үүнээс өөр яаж тоглохоо мэдэхгүй. Хэрэв тэнцэхийн төлөө тогловол энэ нь бидэнд хүнд байх болно. Бид өөрсдийнхөөрөө тоглох хэрэгтэй. Энэ нь амжилт дагуулах байх” гэж ярьжээ.
Холбоотой мэдээ