Байгаль орчин аялал, жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тээврийн цагдаагийн албанд 2246 нүүрсэн яндангүй /сольсон/ автомашинуудыг журамлах хүсэлт гаргаснаа дуулгасан. NEWS агентлаг одоогоос хоёр жилийн өмнө нүүрсэн янданг хулгайлснаар агаар орчин ямар хор хөнөөлтэй болохыг сурвалжилж байсан билээ.
Тус сурвалжлагад дурдсанаар, Монголчуудын хувьд нүүрсний янданг Хятад улс руу өндөр үнээр гаргадаг байна. Мөнгө цагаан, нүд нь улаан болсон монголчуудын ядуу, тарчиг сэтгэлгээг ашиглаад Хятадууд унадаг машиных нь янданг нь өөрсдийн гараар нь тонуулж, өөрсдөөр нь зөөлгөж сууна. Авто машины нүүрсэн янданг Хятад руу их хэмжээгээр гаргадгийг бүгд мэддэг ч хяналт тавьдаг, шалгаж мөрддөг төрийн байгууллага алга. Агаарын бохирдол ихтэй, утаа угаартай байгаагаа шүүмжилдэг ч авто машиныхаа янданг сугалаад зарчихдаг монголчуудын хувьд эрүүл мэнд өнөөдрийн таван цааснаас нь хямдхан байгааг бид олон талын баримтаар мэдээлсэн билээ.
НҮҮРСЭН ЯНДАНГҮЙ БОЛ АГААРТ ХОРТ ХИЙ ЯЛГАРУУЛНА
Бидний нэрлэж заншсан нүүрсэн яндан бол утаан байгаа хорт бодисыг бууруулах зориулалттай. Тодруулбал, “Катализатор бол утаанд байгаа хорт бодисыг бууруулах зориулалттай нэмэлт төхөөрөмж юм. Катализатор нь дотроо хэд хэдэн төрөл байдаг. Катализаторын гадна талаар исэлдүүлэх урвалыг идэвхжүүлэх зорилготой үнэт металлууд байдаг. Түүнийг нь ялгаж авах боломжтой эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Энэ нь автомашинд байхгүй бол катализаторгүй машинаас ялгарч буй утаа нь агаарт хорт бодисыг ялгаруулна. Товчхондоо катализаторгүй бол хорт хий нэмэгдэнэ гэсэн үг” гэдгийг ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн дэд профессор Б.Баярсүрэн хэлсэн юм.
Нүүрсэн янданг хулгайлагчид ганцхан Монголд байдаггүй, дэлхийн олон улс оронд байдаг болжээ. Гэхдээ тэдний эцсийн зорилго нь Хятад улс руу импортлох. Ингэхдээ хямд үнээр худалдан авч, зориулалтын бус чанаргүй нүүрсэн яндантай хөдөлгөөнд оролцох эсвэл ямар ч шүүлтүүргүй явах. Бид гэр хорооллын янданг цөөлнө гэж ярихаас автомашинаас гарах утааг бууруулна гэж ярьдаг нь тун ховор. Бидний мэдэхгүй, мэдсэн ч мөнгө улаан нүд цагаан хэмээн зараад өнгөрдөг нүүрсэн яндан үнэн хэрэгтээ бидний амьсгалах агаарыг бохирдуулагч хорт бодисыг түгээгч нь болж буйг тэр бүр хүмүүс мэддэггүй аж. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдолд нүүрсэн яндангийн хор уршиг ч үүнд хамааралтай болж хувирав.
Чухам ийм асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шүүрч аваад, утаатайгаа тэмцэх нэг хэрэгсэл нь нүүрсэн яндангүй автомашинууд гэдгийг хэлж сануулж, хөдөлгөөнд оролцуулахгүй байх, журамлах саналыг Тээврийн цагдаагийн албанд гаргажээ. Өвлийн улиралд хамгийн их яригддаг утааны гол буруутан нь “гэр хорооллын”-хон гэж нүд чичилдэг ч нүүрсэн яндангаа аваад зарчихдаг, нүүрсэн яндангүй хөдөлгөөнд оролцдог жолооч нарт ч гэсэн хариуцлагын асуудал ярих цаг болсныг бид хоёр жилийн өмнө сануулж байлаа. Байгаль орчин, орчны бохирдол, утаатай тэмцдэг салбарын сайд Б.Бат-Эрдэнэд талархая. Энэ ажлаа барьж аваад, заавал ажил хэрэг болгоход анхаарлаа хандуулаарай гэж хүсье. Утаатай тэмцэнэ гэж 10 жил хэлж, ярьсаар өдийг хүрсэн ч энэ мэт “жижиг” зүйлсээс эхлээд ажил хэрэг болгоод явах нь жинхэнэ утгаараа утаатай тэмцэж буй арга болно шүү!
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ