Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд нар томилогдоод нэг улирал өнгөрч байна. Энэ хугацаанд хийсэн ажил болоод цаг үеийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Уул уурхайн салбар ДНБ-ний 23 хувь, экспортын 93 хувь, улсын төсвийг хөрөнгө оруулалтын 30 орчим хувийг бүрдүүлдэг том салбар юм. Манай салбар ирэх оны төсөвт 5 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төсөвт суулгасан байна. Энэ 5 их наядын төгрөгийн гол татвар буюу 2,5 их наяд нь АМНАТ юм. Үүнээс гадна ААНОАТ 1 их наяд төгрөг, гааль болон бусад татвараар 1,5 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцоолоод байна. Төсвийн орлогыг төвлөрүүлэхэд чиглэсэн салбарын орлогын хувьд нүүрс 36,5 тонн, зэс 1,4 сая тонн, төмрийн хүдэр 8,4 сая тонн, алт 20 тонн, газрын тос 6,5 тонн экспортолно гэсэн төсөв батлагдсан байна.
Улсын Ерөнхий Сайд Н.Оюун-Эрдэнийн боловсруулсан “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг МУ-ын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараах төслүүдийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, нийт ажлын гүйцэтгэл 20 хувьтай удааширалтай байна. Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос шугам, хоолой татах ажлын зураг төсөл, нийт ажлын гүйцэтгэл хувь, Оюутолгойн далд уурхайн төслийн барилгын ажлын гүйцэтгэл энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 90 хувь, материал зөөвөрлөх системийн гүйцэтгэл 100 хувь, далд уурхайн бүтээн байгуулалт 84 хувь ахицтай байна. Цагаан суваргын зэс, молибдены ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажил 69 хувь, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн уул уурхай металлурги химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл ТЭЗҮ, БОННҮ, Ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Төслийн санхүүжилтэд нийт 134.5 тэрбум төгрөгийг төсөвлөж түүнээс Автозам, төмөр зам, усан хангамж, ариутгал татуургын системийн зураг төсөл, цахилгаан хангамжийн ТЭЗҮ боловсруулах ажилд 980.5 сая төгрөгийг зарцуулж 100 хувь гүйцэтгээд байна.
Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын тендерийг энэ оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нээж үнэлгээ хийгдэж байна. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах SX-EW технологиор боловсруулах катодын зэсийн үйлдвэр байгуулах төслийн зураг төсөл боловсруулах ажлын явц 30 хувьтай байна. Ган төмөрлөгийн үйлдвэр байгуулах “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Монгол ган цогцолбор-1 төсөл, “Болдтөмөр ерөө гол” ХХК-ийн Алтанширээт аж үйлдвэрийн паркийн төслүүд хэрэгжиж байна. Алтанширээт аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын ажлуудын явц энэ оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар ажилчдын таван блок байрны гүйцэтгэл 60 хувь орчим, нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн технологийн бус барилга байгууламжийн ажил /EPC-1/-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэл энэ оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 75 хувьтай гүйцэтгэлтэй байна. Газрын тос дамжуулах хоолой барих төслийн дамжуулах хоолойн барилга угсралтын үеийн түр кемпүүдийн барилгын ажлыг эхлүүлээд барилга угсралтын ажил 35 хувь, түр замын ажил 15 хувь, Геодезийн цэг тэмдэгт суулгах ажил 100 хувь, байр зүйн зураглалын судалгааны ажил 100 хувь, мэдээлэл боловсруулах, тайлан бэлтгэх ажил 60 хувь, геотехникийн судалгааны ажил 80 хувь, дээжлэлт шинжилгээ 80хувьтай байна. Канад улсын Ворлэй Инженеринг компани дамжуулах хоолойн Суурь Инженерчлэлийн Загвар (FEED) боловсруулах ажлыг энэ оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлээд ажил 25хувь байна. БОАЖЯ-аас байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт хийгдсэн. БОННҮ хийх ажил 90 хувьтай хийгдэж байна.
“Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын 10 дахь удаагийн олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг “Сэргэлтийг хамтдаа” уриан дор энэ оны есдүгээр сарын 07-ноос 08-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнд нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч компаниуд болон банк санхүүгийн байгууллагууд, салбарын эрдэмтэн судлаачид оролцсон .Уг уулзалтад Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлох, салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний экспорт, худалдааны нөхцөлийг сайжруулах, техник технологийн дэвшлийг танилцуулах, нүүрсний зах зээлийн нөөц, боломж зэрэг асуудлыг хэлэлцэж, ирэх 2023 оны зорилтуудаа тодорхойлсон байна.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр шинээр хайгуулын зургаан тусгай зөвшөөрөл олгосон. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийг урт хугацаанд эрдэс баялгийн нөөцөөр хангах зорилгоор Эрдэнэтийн стратегийн ордын хил зааг дотор өнгөт металлын хэтийн төлөвтэй нийт 99.5 мянган талбай бүхий зургаан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын мэдээлснээр Геологи, хайгуулын ажлыг орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашигласны үр дүнд Эрдэнэт үйлдвэрийг 60 жил ашиглах боломжтой болсон байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах Үйлдвэр технологийн паркийн газрын асуудлыг шийдвэрлэжээ. Шинээр батлагдсан Үйлдвэр технологийн паркийн эрх зүйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр шаардлагатай дүрэм, журмуудыг батлах зэрэг холбогдох арга хэмжээг авч, парк байгуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл тусгай олголтын ажил үргэлжилж байгаа. Сүүлийн жилүүдэд зогсонги байдалд ороод байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг хэвийн үргэлжлүүлэж байна. Үүний хүрээнд АМГТГ-ын даргын /2022.11.23/-ны өдрийн шийдвэрээр 25 талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарлаад байна. Сонгон шалгаруулалтын талбайн тоог зарлахдаа нийт тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримталж, өмнө хүчингүй болгосон, цуцалсан талбайн тоотой тэнцүү хэмжээгээр нэмж зарлах байдлаар үргэлжлүүлнэ. Тусгай зөвшөөрлийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 1 ны өдрөөс арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар хуульд заасан үндэслэл бүрдсэн ашиглалтын 23, хайгуулын 24, нийт 47 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Мөн хуульд заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан 97 тусгай зөвшөөрлийг дуусгавар болгоод байна.
Австрали Улсын Сидней хотноо зохион байгуулагдсан Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт /IMARC-2022/-д оролцож, МУ-ын ашигт малтмалын хэтийн төсөл, хөрөнгө оруулалтын орчныг сурталчилсан үзэсгэлэнгийн талбай ажиллуулж, хөрөнгө оруулагчдын хуралд илтгэл хэлэлцүүлж, улс орнуудын ЗГ болоод хувийн хэвшлийн олон төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулав. Чуулга уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.
Энэ оны аравдугаар сарын 22, 23-ны амралтын өдрүүдэд УУХҮ-ийн сайдаар ахлуулсан яамны төлөөлөл Өмнөговь аймагт томилолтоор ажилласан. Ажиллах хугацаандаа хилийн Гашуунсухайт боомт, Цагаанхадны гаалийн хяналтын бүс, Оюутолгойн ил, далд уурхай, баяжуулах үйлдвэр, Таван толгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа Таван толгой ХК, Энержи Ресурс ХХК үйл ажиллагаа болон Эрдэнэс таван толгой ХК-ийн хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн явцтай танилцлаа. Монгол Улсын эдийн засагт, экспортын орлогод нүүрс, зэсийн баяжмалын экспорт чухал нөлөөг үзүүлдэг. Энэ хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордод ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгч нарын тулгамдаж байгаа асуудлуудтай газар дээр нь танилцаж, цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх холбогдох заавар, зөвлөмжийг өгөөд байна .
“Гадаад валютын албан нөөц нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Эрдэнэс Тавантолгой ХК зэрэг байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсгийг байгуулж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрсийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан цахим биржээр арилжих бэлтгэл ажлыг хийж байна. “Эрдэнэс тавантолгой ХК-ийн экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын төслийг боловсруулаад байгаа бөгөөд Хууль, тогтоомжийн тухай хуульд заасны дагуу яамдаас санал авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байна.
Ашигт малтмалын хайгуулийн ажил нь манай яамны гол ажил юм. Ашигт малтмалын хайгуулын суурь судалгааны ажлыг чанаржуулах, олон улсын шинэ дэвшилтэт технологиор гүйцэтгэх зорилгоор улсын төсөвт 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилт суулгаад байна. Энэ хүрээнд Геологийн суурь судалгаа, эрэл, хайгуулын салбарт нэвтэрсэн орчин үеийн шинэлэг арга, аргачлал, техник технологийг ашиглан Монгол орны зарим бүсэд үнэт, өнгөт, ховор металлын хэтийн төлөв тогтоох судалгааны ажлыг хийнэ.
Салбарын хууль тогтоомжийг шинэчлэх, боловсронгуй болгох хүрээнд дараах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Үүнд, Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл өргөн бариж ажиллаж байна Мөн дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтсан байгаа.
Шатахууны хангамж, үнийн асуудлаар ОХУ-ын Роснефть нээлттэй хувьцаат нийгэмлэг компанитай хэлэлцээ хийсэн. Энэ хүрээнд, 2023 оны эхнээс дизель түлшний үнийг олон улсын зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай үнээр нийлүүлнэ. АИ-92 автобензиний тн тутмын үнийг 815 ам.доллараар 5 жилийн хугацаанд тогтворжуулахаар тус тус тохиролцсон. Мөн сүүлийн үед бий болоод буй дизель түлшний хомстолтой холбоотойгоор Роснефть НХН-д хүсэлт тавьж тус компаниас Монгол Улсад сар тутамд нийлүүлдэг 50-60 мянган тонн дизель түлшний хэмжээг нэмэгдүүлж арванхоёрдугаар сард 83 мянган тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцож, захиалга баталгаажуулаад байна” гэлээ.
Б.НАРАНГОО
Холбоотой мэдээ