Засгийн газрын авах дараагийн 100 сая долларын зээл

Хуучирсан мэдээ: 2022.11.28-нд нийтлэгдсэн

Засгийн газрын авах дараагийн 100 сая долларын зээл

Засгийн газрын авах дараагийн 100 сая долларын зээл

Улаанбаатар хотын дөрвөн хүн тутмын нэг нь ядуурлын шугамаас доогуур амьдарч буй судалгаа бий. Энэ нь өндөр инфляци, амьжиргааны өсөн нэмэгдэж буй зардал орлого багатай, ядуу өрхүүдэд хүндээр тусч буйн илрэл юм. Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар, дээрх өрхүүд нийт орлогынхоо 43 хувийг хоол хүнсэндээ зарцуулдаг бол ядуурлын шугамаас дээш өрхүүд орлогынхоо 32 хувийг хүнсэндээ зарцуулдагийг тогтоожээ.

Тус банк өнгөрсөн наймдугаар сард эдийн засгийн хүнд цочролын сөрөг нөлөөллийг зөөлрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын яаралтай тусламжийн зээлийг баталсан. Өөрөөр хэлбэл, 2023 онд авах ёстой байсан, 25 жилийн хугацаатай энэхүү зээлийн санхүүжилтийг өнгөрсөн есдүгээр сард Засгийн газар хүлээн авсан. Тухайн үед тус зээлийг урьдчилж авсан шалтгааны талаар Сангийн сайд Б.Жавхлан “2023 онд төлөвлөж байсан урт хугацааны хөнгөлөлттэй хөгжлийн зээлүүдийг энэ ондоо татаж авах боломжийг ашиглаж байна” гэсэн тайлбар хийсэн билээ.

ОХУ-Украины хямралт нөхцөл байдал, БНХАУ-ын “Тэг ковид” бодлого Монгол Улсын эдийн засаг, төсөвт хүндрэл учруулж буй. Энэхүү асуудлыг шийдвэрлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар хүн амын ядуу, эмзэг бүлгийг дэмжих, инфляцийн дарамтыг бууруулах, мөн макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор “Мөчлөг сөрсөн хөгжлийн зарцуулалтын хөтөлбөр” (МСХЗХ) боловсруулсан.

Тус хөтөлбөр 2022 оны үлдсэн хугацаанд бага цалинтай ажиллагсдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох, цалингийн доод шатлалд хамаардаг төрийн үйлчилгээний албан хаагчдын (түүний дөрөвний гурав нь эмэгтэйчүүд) цалинг 8.5 хувиар нэмэгдүүлэх зэрэг төрөөс хэрэгжүүлж буй бусад арга хэмжээг дэмжинэ. Мөн амьжиргааны түвшин доогуур байршлуудад амьдарч буй 16 мянга орчим бага насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлэхэд дэмжлэг болно.

АХБ-ны Зүүн Азийн газрын Санхүүгийн салбарын мэргэжилтэн ноён Петер Розенкранз “Энэхүү мөчлөг сөрсөн дэмжлэгийн хөтөлбөр (МСДХ)-ийн зээлээр олгох төсвийн дэмжлэг нь дунд хугацаанд эдийн засгийн бүтцийн нэн шаардлагатай шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсвийн орон зайг бий болгоход эерэгээр нөлөөлнө" гэж онцолж байв.

Засгийн газрын дараагийн авахаар төлөвлөж буй 100 сая ам.долларын зээл Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (Asian Infrastructure Investment Bank-АДБХОБ)-ны зээл. Тодруулбал, "Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд 100 сая ам.доллартай тэнцэх зээлийн хөрөнгийг хамтын санхүүжилт хэлбэрээр олгох зээлийн хэлэлцээрийг 2022 оны есдүгээр сарын 5-ны өдөр хийсэн.

Энэхүү зээлийн эргэн төлөлтийн хугацаа 7 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил байх ба хүүгийн түвшний хувьд хөвөгч суурь хүү болох баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 0.81 хувийн нэмэгдэлтэй байх аж.

Тус хөтөлбөрийн үндсэн зорилго нь нийгэм, эдийн засагт учраад буй сөрөг “шок”-ын үед нийт хүн ам, тэр дундаа эмзэг, ядуу иргэдийн өртөмтгий байдлыг бууруулах бодлогын арга хэмжээнүүдийг чиглүүлэх юм байна. Үүнд, хүүхдийн мөнгөн тэтгэмж, цалингийн дэмжлэг олгох, амьжиргааны түвшин доогуур бүсэд цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх зэрэг багтжээ.

Монгол Улсын Засгийн газраас энэ сарын эхээр Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төслийг УИХ-д өргөн барьсан.

"Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээний хөтөлбөр”-ийн хүрээнд авч ашиглах 100.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийн эх үүсвэр нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Засгийн газрын нэмэгдүүлэх өрийн дээд хэмжээнд нийцжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд АДБХОБ болон АХБ-наас долоон шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлага тавьж, Монгол Улс тэдгээрийг бүрэн хангасан байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т заасны дагуу Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийн ДНБ-д харьцуулсан харьцаа 2022 онд 70 хувь, 2023 онд 65 хувь, 2024 оноос эхлэн 60 хувиас хэтрэхгүй байхаар тус тус хуульчлагдсан билээ.

Энэ хүрээнд 2022-2025 оны хооронд эдийн засаг 2.8 хувь, 4.5 хувь, 5.1 хувь, 6.1 хувиар өссөн. Монгол Улсын 2022 оны батлагдсан төсөв, 2023 оны төсвийн төсөл, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд тусгагдсан гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглах тохиолдолд өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувийг 2022 онд 56.6 хувь, 2023 онд 53.2 хувь, 2024 онд 51.7 хувь болон 2025 онд 47.1 хувьтай тус тус тэнцэхээр тооцсон. Ингэснээр эдгээр онуудад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг хангахаар байгаа аж.

Монгол Улс АДБХОБ-ны гишүүнээр 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр элссэн. Түүнээс хойш тус банкнаас "Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах хөтөлбөр"-ийн хүрээнд 2020 оны есдүгээр сард 100.0 сая ам.долларын санхүүжилттэй төсвийн дэмжлэгийн зээл болон 2021 оны долдугаар сард 21 сая ам.долларын санхүүжилттэй "КОВИД-19 Вакцинжуулалтын арга хэмжээ төсөл"-ийн зээлийн хөрөнгийг тус тус Монгол Улсын Засгийн газарт олгож, эдгээр хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт үүсээд буй инфляци, төлбөрийн тэнцлийн сөрөг нөлөөллийг бууруулахад АДБХОБ-наас олгох "Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр" бодлогын дэмжлэг үзүүлэх аж. Мөн цаашид тус хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн хөрөнгө гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатайг Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн төсөлд тусгаад буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж