"Тээврийн жолооч нар ДОХ-ын эрсдэлт бүлгийг тэргүүлж байна"

Хуучирсан мэдээ: 2022.11.28-нд нийтлэгдсэн

"Тээврийн жолооч нар ДОХ-ын эрсдэлт бүлгийг тэргүүлж байна"

"Тээврийн жолооч нар ДОХ-ын эрсдэлт бүлгийг тэргүүлж байна"

Бэлгийн замаар дамжих халдвар ХДХВ/ДОХ-ын асуудлаар үндэсний VIII чуулган өнөөдөр /2022.11.28/ болж байна. Тус чуулганаар урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, БЗДХ ХДХВ/ДОХ-ын өнөөгийн байдал авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашид анхаарах асуудал, эрсдэлт бүлгийг хамгаалах зохицуулалт бодлогын болон бодит түвшинд ямар байгаа талаар албаныхан хэлэлцэж байгаа юм. Мөн эмчилгээ, тусламж үйлчилгээний одоогийн нөхцөл байдал, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэх, олон улсын донор байгууллагуудын санхүүжилтээс Засгийн газрын санхүүжилтэд шилжих, Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжих “Шилжилтийн үеийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах”-д тулгамдаж буй асуудал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тоймлон, зөвлөмж гаргахаар чуулж буй аж.

Чуулганы онцлог давуу тал нь БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны өнгөрсөн хугацааны ололт амжилт, тулгамдаж буй асуудлыг орон нутагт олон салбарын оролцоог ханган, төр,  төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон Үндэсний хэмжээний урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлж, үр дүн шийдвэрийг нэгтгэн нэгдсэн зөвлөмжийг боловсруулан, хэлэлцэх.

Тиймээс халдварын тархалт бага ч эрсдэл өндөр БЗДХ ХДХВ/ДОХ-ын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх үйл явц, зорилтот бүлгийнхний эрт илрүүлэг зэргийг хэрхэн хийж байгаа талаар холбогдох хүмүүсийн байр суурийг тодрууллаа.

ХДХВ-ЫН ТАРХАЛТ ЭРСДЭЛТ БҮЛГИЙНХНИЙ ДУНД ӨНДӨР, ГОЛОМТОЛСОН, ТӨВЛӨРСӨН ШИНЖТЭЙ ТАРХАЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.БИЛЭГТСАЙХАН:

-ХДХВ-ийн халдварын тохиолдол 1992 оноос хойш Монгол Улсад 344 бүртгэгдсэн. Эдгээрээс 286 нь идэвхтэй байнгын хяналтад байна. Энэ жилийн хувьд одоогоор 17 тохиолдол шинээр бүртгэгдсэн. ХДХВ-ийн тархалтыг авч үзвэл нийт хүн амын дунд бага байгаа хэрнээ эрсдэлт бүлгийнхний дунд өндөр, голомтолсон, төвлөрсөн тархалттай байна.

Тэгэхээр бидний хариу арга хэмжээ ХДХВ-ийн эрсдэлт бүлэг болох хөдөлгөөнт хүн ам буюу тээврийн жолоочид, хорих анги ял эдэлж буй хүмүүс зэрэг зорилтот бүлгийнхэнд чиглэсэн үйл ажиллагааг илүү идэвхжүүлэх шаардлага урган гарч байна гэсэн үг.

Өнөөдрийн чуулганыг ДЭМБ, глобаль сангийн дэмжлэгтэйгээр ЭМЯ болон үндэсний эрүүл мэндийн төвүүд, эрсдэлт бүхий бүлэгтэй хамгийн ойр ажилладаг төрийн бус байгууллагуудтай хамтарч хийж байгаагаар онцлог. Эрсдэл бүхий бүлгүүдтэй байнгын уялдаа, холбоотой ажилладаг төрийн бус байгууллагуудын оролцоог цаашид нэмэгдүүлснээр халдварт өвчний тархалтын эрсдэл буурах боломжтой.

Төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоо зөвхөн бодлогын хувьд дэмждэг ЭМЯ болон бусад эрүүл мэндийн төвүүдээс илүү үр дүнтэй.

Эрсдэлт бүлэгт хүрч үйлчлэх нь олон жилийн туршлагаас гадна тухайн хүмүүсийг ойлгодог, дэмждэг, хүлээж авдаг хүний эрхийг хүндэтгэдэг гэх шаардлагыг хангах ёстой болдог. Өнөөгийн түвшинд бол Монгол Улсад энэ төрлийн үйлчилгээг сайн үзүүлж байгаа “Залуус эрүүл мэнд төв”, “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын төлөөллүүд бий. Тэгэхээр хувийн хэвшил улсын байгууллагатай хамтарч түншилж ажилласнаар цаашид халдварт өвчний тархалтыг бууруулах бүрэн боломжтой.

ЭРСДЭЛ БҮХИЙ БҮЛЭГТ ТӨРИЙН АНХААРЛЫГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Залуус эрүүл мэнд төвТББ-ын гүйцэтгэх захирал Д.МЯГМАРДОРЖ:

-Өнөөдрийн чуулганын гол зорилго нь эрүүл мэндийн салбар тэр дундаа ХДХВ/ДОХ-ын салбарт оруулж байгаа санхүүг тогтвортой болгох тал дээр төвлөрч байна. Нэг үеэ бодвол төр, хувийн хэвшил хамтын ажиллагаа сайжирч байгаа. Төрийн бус байгууллага гадаадын донор байгууллагуудын тусламжтайгаар эрсдэлт бүлгийнхэнтэй тулж ажиллах боломж бүрддэг. Хэрэв дотоодоос тодорхой хэмжээнд санхүүжилт авдаг болбол орон нутаг, алслагдсан дүүрэг зэрэгт хүрч үйлчлэх хүртээмж сайжирна.

Тиймээс цаашид төртэй илүүтэй хамтарч ажиллаж, ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх, хүн амын дунд хөтөлбөр гаргаж, ажиллах зорилготой байна.

БЗХӨ-ийн эрсдэлт бүлгийнхний урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо 100 хувь төрийн бус байгууллагын санхүүжилтээр явж байна. Тэгэхээр эрсдэл бүхий бүлэгт төрийн анхаарлыг илүү нэмэгдүүлэх, тодорхой хэмжээний төсвийг жил бүр суулгаж өгөхөд онцгой анхаарах шаардлагатай. Үүнийг өнөөдөр чуулган дээр хэлж байгаа нь хөгжлийн нэг алхам болж байна.

Мөн эрсдэлт бүлгийнхэнд ТББ хүрч үйлчлэхийг зорьж байгаа ч зөвхөн Улаанбаатарт л үйл ажиллагаа явуулж байгаа. Дараагийн зорилго маань орон нутгийн эрсдэлт бүлэгт үйлчлэх.

Хөдөө ажиллаж байгаа эрсдэлт бүлгийнхэнд тусламж үйлчилгээ үзүүлэх, өвчлөлийн талаар хангалттай ойлголт мэдээллийг өгөх, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэгт анхаарч байна. Магадгүй аймаг, сумдууд энэ тал дээр анхаарч ТББ-ыг ч нээх боломжтойг үгүйсгэхгүй. Монгол Улс 1998 оноос ХДХВ-ийн асуудалд анхаарч, халдвартай амьдарч байгаа хүмүүсийн эрхийн асуудлыг чиглэлээр идэвхтэй дуу хоолойгоо хүргэдэг болсон.

ДОХ-ын вирусээр өвдсөн хүн бүр нас бардаг гэдэг ташаа ойлголт ард хоцроод олон жил болж байна. Тийм учраас өнөөдрийг хүртэл бий болгосон амжилтаа бататгаж, нийгэмд зөв ойлголтыг түгээж, халдвартай хүмүүс ч урт удаан амьдарч болно гэдгийг олон нийтэд нэвтрүүлэхэд төр, төрийн бус байгууллагын хамтын оролцоо чухал.

ХДХВ-ийн халдвараар хэн ч өвдөх эрсдэлтэй бөгөөд халдвартай болсон тохиолдолд өөрийгөө нийгмээс хэт тусгаарлалгүй эмчилгээндээ тууштай явах хэрэгтэйг ойлгоосой гэж хүсч байна.

Монголчууд өвдөхөөс нааш эмнэлгийн байгууллагад хандах нь тун ховор. Тиймээс эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийж байгаа нь зөв. Нөгөө талаар ХДХВ-ийн эрт илрүүлэг тийм ч оновчтой зүйл биш болов уу гэж бодож байна. Манай байгууллага жилд дунджаар 3000-3500 хүнээс ХДХВ-ийн шинжилгээ авч 8-10 халдварын тохиолдол илрүүлдэг.

Тэгэхээр бүх хүнийг гэхээс илүүтэй зорилтот бүлгийнхнийг шинжилгээнд хамруулж, тодорхойлсон зорилтот бүлэг рүү чиглэсэн арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Эрсдэлт бүлгийг тээврийн жолоочид, биеэ үнэлэгчид, трансжендер эмэгтэйчүүд тэргүүлж байна. Эдгээр хүмүүст чиглэсэн үйлчилгээг төр, хувийн хэвшил хамтарч хүргэснээр цаашид үүсэх сөрөг үр нөлөө, эрсдэлийг бууруулах боломжтой.

ХАЛДВАРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭГ ТУУШТАЙ ХИЙЛГЭХ НЬ ЧУХАЛ

ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмч П.ҮНЭНЧИМЭГ:

-Албан ёсоор бүртгэгдсэн нийт тохиолдлуудаас өнөөдрийн байдлаар 58 хүн нас барсан. Эдгээр тохиолдлуудыг 100 хувь ДОХ-оос шалтгаалж эндсэн гэж үзэж болохгүй. Нас баралтын хувьд 38 хувь нь шууд өвчлөлөөс хамааралтай байдаг. Эмчилгээний тухайд 2013 оноос хойш Монгол Улс дэлхийн жишигтэй ижил эмнэлгийн тусламж үйлчилгээг Засгийн газрын санхүүжилтээр хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, гурван эмийн холимогийг нэг таблетка бүхий эм болгож тогтмол цагт халдвартай хүмүүс ууж, хэрэглэдэг.

ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХӨ-ийн тасагт хамгийн олон жил үйлчлүүлж байгаа хүн нь 17 жил эм ууж байна.

Халдварыг эрт оношлуулж, хяналтад орох тусам удаан хугацаанд амьдрах боломжтой. Жил бүр халдварын тархалтын барагцаалсан тооцооллыг хийдэг. Энэ жил тус статистикаас харахад 641 хүн халдвартай байх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, 2022 онд 38 шинэ тохиолдол бүртгэгдэх магадлал байсан ч одоогоор бид 17-г л илрүүлээд байна. Тэгэхээр илрүүлгийг сайжруулж, эрсдэлт бүлэгт хамаарах хүмүүс өөрсдөө зөв хандлагатай байх хэрэгтэй.

Ядаж л бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй, 15-40 насны бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүс жилд нэг удаа тогтмол шинжилгээ өгөх нь зөв.

Сайн дурын шинжилгээнд хамрагдсанаар халдварын тархалтыг хумих боломжтой төдийгүй, өөрийгөө эрсдэлээс сэргийлэх бүрэн боломжтой.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж