“Катар-2022” ДАШТ-ий хоёрдугаар тойргийн ээлжит тоглолтууд боллоо.
ЯПОН 0 – 1 КОСТА РИКА
Эхний тоглолтдоо Германыг хожиж, шуугиан тариад байсан “Хөх самурайнууд” энэ удаад Коста Рикад хожигдлоо. Испанид бут ниргүүлсэн Коста Рика эхний оролдлогоороо гоол хийсэн нь энэ өдрийг онцлох үзүүлэлт байв. Кейшер Фуллер тоглолтын 81 дэх минутад Японы арын шугамын алдааг овжиноор ашиглаж, багтаа тун чухал хожлыг авчирсан юм. Япончууд тооны харьцааг тэнцүүлэх боломжтой байсан ч Кейлор Навас аргагүй дэлхийн топ хэмжээний хаалгач гэдгээ харуулав.
Тус тоглолтын шилдгээр Кейшер Фуллер тодорчээ.
БЕЛЬГИ 0 – 2 МОРОККО
Бельгийн хөлбөмбөгийн алтан үе төгсөх шатандаа орсныг энэ тоглолт харуулав. Азар нь Азар биш болж, Лукаку гэмтлийн улмаас формгүй, Тибо Куртуа болчимгүй алдаа гаргав. Тоглолтын 73 дахь минутад Абделхамид Сабири чөлөөт цохилтоос гоол оруулан энэ удаагийн ДАШТ-ий хөдөлгөөнгүй бөмбөгнөөс орсон анхны гоолыг бүртгүүлсэн. Хурц өнцгөөс шууд хаалга руу цохино гэж Тибо Куртуа бодсонгүй. Бельгийн унтаа довтолгоо тооны харьцааг тэнцүүлэх гэж оролдсон ч нэг л болсонгүй. Эсрэгээрээ шүүгчийн мэдлийн нэмэлт 90+2 дахь минутад Закариа Абухлал гоолдож, тоглолтыг шийдэв.
Морокко ийнхүү зургаан тоглолт дараалан гоол алдалгүй явна.
Тус тоглолтын шилдгээр Хаки Зиеш тодров.
ХОРВАТ 4 – 1 КАНАД
Тоглолт дөнгөж эхлээд Канадын Алфонсо Дэвис энэ ДАШТ-ий хамгийн хурдан гоолыг оруулсан. Жон Хердманы залуус өнгөрсөн дэлхийн аваргын мөнгөн медальт Хорватын хаалганд дөнгөж 2 дахь минутад гоолдсон нь энэ байлаа. Мөн энэ гоол Канадын ДАШТ-д оруулсан анхны түүхэн гоол байсан юм. Магадгүй энэхүү гоол унтаж буй барыг сэрээх шалтгаан байв. Хорватаас Андрей Крамарич, Марко Лавияа, Ловро Майер нар дараалан гурван гоол оруулж, залуу Канадын багт хичээл заалаа.
Тус тоглолтын шилдгээр Андрей Крамарич тодорсон.
ИСПАНИ 1 – 1 ГЕРМАН
Никлас Фуллкругийн сэлгээ Германыг хожигдлоос аврав. Хэрэв энэхүү тоглолтод Испани хожсон бол Германы нөхцөл байдал тун ээдрээтэй болж ирэх байсан. Тоглолтын эхний гоолыг 62 дахь минутад Алваро Мората оруулж, Испани тэргүүлсэн. Ханси Флик ч байдал эвгүйтсэнийг ойлгож, давхар сэлгээнүүдийг тэр дор нь хийсэн. Ялангуяа бэртэлтэй, тоглохгүй гэж байсан Лерой Сане талбайд гарч ирсэн.
Ердөө 11 өдрийн өмнө шигшээ багийнхаа төлөө анхны тоглолтоо хийсэн Фуллкруг энэ өдөр Германы азын од нь байж, Унай Симоны хаалганд гоол оруулж чадсан юм. Угтаа үүнээс өмнө Германаас Антонио Рудигер гоол оруулсан ч отон тоглолтод орсон байжээ.
Тоглолтын дараа Испанийн дасгалжуулагч Луис Энрике “Дэлхийн аваргын сугалааны дараа бид өөрсдийгөө хоёр тоглолтын дараа хэсгээ тэргүүлнэ гэж хэлсэн бол би итгэх байсан. Хэсгийн сүүлийн тоглолтдоо Японтой тэнцэхэд л хангалттай. Гэхдээ би таамаг төрүүлмээргүй байна. Эцэст нь энэ хэсгийг тэргүүлж байгаадаа баяртай байх хэрэгтэй” гэв.
Харин Германы дасгалжуулагч Ханси Флик “Баг маань өнөөдөр сайн байлаа. Залуусынхаа багийн ажиллагаа, сэтгэл зүйгээр бахархаж байна. Өнөөдөр үнэхээр өндөр түвшний тоглолт үзүүллээ. Ийм л зүйлсийг би багаасаа харахыг хүсч байсан юм. Гэхдээ энэ бол зөвхөн эхний алхам. Дараагийн тоглолтод үүнээс илүүг хармаар байна. Илүү олон боломж үүсгэмээр байна” гэжээ.
Испани дөрвөн оноотой хэсгээ тэргүүлж эхэлсэн бол тэдний араас гурван оноотой Япон, Коста Рика, нэг оноотой Герман удаалж байна. Энэ дөрвөн багийн аль ч хоёр нь дараагийн шатанд шалгарах боломжтой.
Холбоотой мэдээ