"Топ модель шагналыг нэр төртэй авч явна"

Хуучирсан мэдээ: 2022.11.28-нд нийтлэгдсэн

"Топ модель шагналыг нэр төртэй авч явна"

"Топ модель шагналыг нэр төртэй авч явна"

Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй наадам бол "Гоёл". Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн наадам "Шангри-Ла" зочид буудлын их танхимд өчигдөр /2022.11.27/ болж өндөрлөв. Энэ жил "Гоёл" наадам "цус сэлбэж", загварын тайзнаа шинэ залуу загвар өмсөгч олноор оролцож, чимснээрээ онцлог байв. Үзэгчдийн хүсэн хүлээдэг шилдэг топ моделиор загвар өмсөгч Б.Баярцацрал тодорч, топуудын эгнээнд бичигдлээ.

Мөн тус наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр М.Нармандах, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Д.Ачтай нар тодорсон юм.

"БИ АНХ 14 НАСТАЙГААСАА ЗАГВАР ӨМСЧ ЭХЭЛСЭН"

"Гоёл" наадмаас тодорсон топ моделиуд

Топ модель Б.Баярцацрал:

-Сэтгэл маш их догдолж байна. "Гоёл" наадам маань цар тахлын улмаас хоёр жил өнжиж, энэ жил уламжлал ёсоор 35 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Миний хувьд отгон топ модель болсондоо туйлын баяртай байна. Энэ нэр хүндтэй шагналыг нэр төртэй авч явна гэдэгт итгэлтэй байна.

Би анх 14 настайгаасаа загвар өмсч эхэлсэн бөгөөд "Шилмэл загвар" агентлагийн модель.

Харин "Гоёл" наадамдаа 13 дахь жилдээ оролцож байна. "Гоёл" наадмаар шинэ дизайнер, хувцас загварын брэнд, залуу загвар өмсөгчдийг гаргаж ирдгээрээ онцлог. Наадам маань маш сайхан болж өндөрлөлөө.

"ӨӨРИЙГӨӨ ЭНЭ НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛЫГ АВНА ГЭЖ БОДООГҮЙ"

Шилдэг эрэгтэй загвар өмсөгч Д.Ачтай

Шилдэг эрэгтэй загвар өмсөгч Д.Ачтай:

-Би 2013 оноос хойш "Шилмэл загвар" агентлагт есөн жил загвар өмсч байна. "Гоёл" наадмынхаа шилдэг эрэгтэй загвар өмчөгчөөр шалгарсанд баяртай байна. Сурагч байхдаа өндөр нуруутай хүүхэд байсан учраас загварын чиглэлээр суралцаж, өөрийгөө сорьж үзэхийг хүссэн. Би өөрийгөө энэ нэр хүндтэй шагналыг авна гэж бодоогүй, их гэнэтийн юм боллоо.

"МИНИЙ ХУВЬД 2008 ОНООС ХОЙШ ТАСРАЛТГҮЙ "ГОЁЛ" НААДМЫН ТАЙЗНАА АЛХАЖ БАЙНА"

Шилдэг эмэгтэй загвар өмсөгч М.Нармандах

Шилдэг эмэгтэй загвар өмсөгч М.Нармандах:

-Сэтгэгдэл маш өндөр байна. Би 15 настайгаа загварын тайзнаа алхаж, өөрийгөө бүрэн дайчилж ирсэн. Энэ өчүүхэн хичээл зүтгэлийг минь үнэлж, эрхэм хүндтэй шагнал олгосонд туйлын баяртай байна. Миний хувьд 2008 оноос хойш тасралтгүй "Гоёл" наадмын тайзнаа алхаж байна. Энэ жил шинэ залуу загвар өмсөгчид олноор оролцлоо. Загварын тайз маш гайхалтай байлаа. Ер нь урт, том загварын тайз засч, шинэлэг зохион байгуулалттай болж өндөрлөлөө.

Холбоотой мэдээ

"Гоёл" наадмаас тодорсон Топ моделиуд

Энэ удаагийн наадамд эрэгтэй, эмэгтэй нийт 60 гаруй загвар өмсөгч шалгаран оролцож, шилдэг дизайнеруудын урласан хувцсыг танилцууллаа.

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг 35 жилийн түүхтэй наадмаар Монголын он оны топ модель, шилдэг дизайнерууд, шилдэг моделиуд, шилдэг үсчин, шилдэг нүүр будагчдыг уламжлал болгон шалгаруулдаг. Энэ уламжлалаар шилдэг дизайнераар Д.Уранцэцэг, Б.Батзогсоол болон ирээдүйтэй шилдэг дизайнераар н.Мөнхцэцэг нар шалгарсан бол шилдэг make up артистаар Э.Болор шалгарав.

"Гоёл" наадмын тайзыг үе үеийн топ моделиуд чимдэг. Энэ жилийн наадамд топ моделиудаас цөөн оролцож байгаа харагдав.

Тодруулбал, топ модель Ч.Ундрах, О.Пүрэвдулам, Х.Уянга, Т.Халиунаа, Н.Сарнай, Д.Долгион нар тайзнаа алхав. Хамгийн анх 2001 онд “Топ модель” гэх өргөмжлөл хүртээхэд мөнхийн залуу тодотголтой Э.Одгэрэл, мөн Азийн топ Д.Болормаа нар анхдагч болж байв.

Энэ жилийн наадмын шүүгчээр Монголын дизайн урлагийн академийн тэргүүн Б.Гантулга, "Говь" компанийн дизайнер Б.Нямсүрэн, "Гоо-Од" компанийн захирал, дизайнер Н.Долгормаа, зураач Б.Отгонтүвдэн, Төрийн шагналт зураач С.Саранцацрал нар ажиллажээ.

Сонирхуулахад, “Гоёл-2016” наадмаар хүн бүрийн догдлон байж хүлээдэг шинэ топ модель тодроогүй. Харин "Гоёл-2019" наадмын топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай шалгарч байсан бол "Гоёл-2020’ наадмын топ моделиор загвар өмсөгч Д.Долгион өргөмжлөгдсөн юм.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж