Сурвалжлага: Боомтын боймыг тайлсан стратегийн эхний нүүдэл

Хуучирсан мэдээ: 2022.11.28-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Боомтын боймыг тайлсан стратегийн эхний нүүдэл

Сурвалжлага: Боомтын боймыг тайлсан стратегийн эхний нүүдэл

Импортоос хэт хараат Монгол Улс уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа сэргээх цогц шийдэл бүхий төмөр замыг найман сарын хугацаанд бүтээн байгуулжээ. Үл хөдлөх, өгөөж нь жил ирэх бүрд нэмэгдэх танилцуулга бүхий монголчуудын ураар бүтсэн түүхэн бүтээн байгуулалтын нээлтэд оролцохоор нийслэлээс хөдлөв. 70 гаруй жилийн түүхт Монголын төмөр замын хуудаснаа тодоор тэмдэглэх экспорт, импортын албан ёсны хоёр дахь гарцын анхны зорчигч болж сурвалжлана гэдэг завшаан. Тиймдээ ч Дорнын говийн Хатанбулаг суманд өрнөж буй бүтээн байгуулалтыг үзэх хүслэн ихэд төрж байв.

Өргөн, нарийн цариг хосолж, түүхэн дэх хамгийн богино хугацаанд үргэлжилсэн төр, хувийн хэвшлийн хамтарч монголчуудын өөрсдийн барьсан хоёр дахь төмөр зам гэдгээр тус бүтээн байгуулалт онцлог. Энэ талаар энд дарж унших боломжтой.

Дорноговь аймгийн Зүүнбаян багаас Номгон өртөөнд очиж чулуу, хайрга нь бэхжиж, дагшраагүй шинэ төмөр замын “Тавантолгой-Зүүнбаян”-гийн 416 км урттай төмөр замын уулзвар дээр нийлж байгааг харав. Цааш хөдөлж Хөвсгөл суман дахь Зөрлөг 1, 2-т вагон зогсч, удалгүй Хатанбулаг сумын 3-6 дугаар зөрлөгийг өнгөрч зорьсон Ханги Өртөөндөө ирлээ. Монгол инженерүүд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, замчид, оюутан залуус гар нэгдэж зураг төслийг боловсруулж, газар шорооны ажил, дэд бүтцийг шийдэж, 226.9 км урт төмөр замын суурь бүтцийг бий болгосон. Тэдгээр хүмүүсийн төлөөлөл барьсан төмөр замаар нь зорчиж ирсэн анхны зорчигчдыг нүүр дүүрэн мишээж угтлаа.

Хийдгээ хийчихсэн гэдэг шиг хээв нэг яриа өгөх оюутнуудын төлөөлөл, аймаг, сумандаа тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдсэнд талархах хүмүүсээс харахад цаашид Ханги өртөөний амьдрал буцлах нь лавтай.

ЭКСПОРТ, ИМПОРТЫН ГАРЦ ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ СУДАС

Барьж байгуулахад их хөрөнгө шаарддаг хэдий ч ашиглалтын зардал өөрийн өртөг хямд. Автотээвэртэй харьцуулахад ачааг хэд дахин өндөр хүчин чадлаар зөөвөрлөж, тээвэрлэх чадамжтай учир төмөр замын тээврийг олон орон хөгжүүлэхийг хүсдэг. Ялангуяа экспортын эрэлттэй бүтээгдэхүүнээ тогтмол гаргадаг Монгол Улсад энэ салбарын хөгжил, дэд бүтэц маргаангүй шаардлагатай.

Зам тээвэр хөгжинө гэдэг эдийн засгийн гол судас сэргэж, эргэлт тогтмол явах боломж бүрдэнэ.

Энэхүү төмөр замын өгөөж нь эдийн засгийн сэргэлтийг цогцлоох алхмыг амжилттай тавьж, хөрш орнууд төдийгүй хөгжиж байгаа орнуудын хувьд Монголыг сурталчлах том боломжийг бий болгож байгааг ажлын талбарынхан онцолж байв.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд цар тахлын дараа Засгийн газраас олон ажил хийж хэрэгжүүлснээс олон нийт хамгийн ам сайтай байгаа нь товлосон хугацаандаа нээж буй төмөр замын бүтээн байгуулалт.

Тууз хайчилж шав тавьж, ажил эхлэх гэж байгаагаа нийтэд сүржим зарладаг хэрнээ сар, жилийг дамнасан төсөл хөтөлбөрүүд олон бий. Тиймээс энэ удаагийн түүхэн бүтээн байгуулалт 66 жилийн дараа Монгол Улсад бий болсон жинхэнэ утгаараа боомтын сэргэлт болж чадсан болохыг нээлтэд оролцогчид хэлж байлаа.
Монгол Улс 1956 онд гол экспортлогч Хятад улстай төмөр замын хэлэлцээр байгуулснаар анхны гарцыг нээж байсан түүхтэй.

Төмөр замгүйгээс байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах, цаг хугацааны болоод эдийн засгийн алдагдалд орох эрсдэл өндөр.

Тиймээс ирэх жилүүдэд хэрэгжих бүтээн байгуулалт, зураг төсөл хийгдэж байгаа болон төлөвлөж буй боомт олон бий. 2023 онд Ханги-Мандал боомтын бүтээн байгуулалт бүрэн дуусна. Зүүнбаян-Хангийн төмөр зам, Ханги-Мандал боомт өргөжсөнөөр жилд 20 сая тонн бүтээгдэхүүн экспортлох шинэ хаалга бий болох юм. Ингэснээр жилд дунджаар хоёр тэрбум ам.долларын экспорт шинээр нэмэгдэнэ гэсэн үг. Хэрэв боомтын сэргэлт үр дүнгээ өгвөл Монголын эдийн засаг өсөх тооцоотой. Тухайлбал, 2028 он гэхэд 60 сая тонн нүүрс, 2.5 сая тонн зэсийн баяжмал, 13 сая тонн төмрийн хүдэр экспортлох нөхцөлийг бүрдүүлэх аж.

ОРОС-МОНГОЛ-ХЯТАДЫГ ХОЛБОСОН ЗҮҮНБАЯН-ХАНГИЙН ТӨМӨР ЗАМААР ТРАНЗИТ ТЭЭВЭР ХИЙХ БОЛОМЖТОЙ

Тус төмөр замын техник эдийн засгийн үндэслэл батлахад 400 гаруй сая ам.доллар гэж тооцоолсон ч үнийн өсөлт цаг үеийн асуудлаас үүдэж 600 гаруй сая ам.доллараар баригдсан байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр "Тус боомт нь нэгдүгээрт Замын-Үүд, Гашуунсухайт хоёрын дунд байрлах боомт гэдгээр ач холбогдолтой. Тиймээс хоёр дахь Замын-Үүд, Гашуунсухайтыг бид ийнхүү нээж байна. Ингэснээр цаашид аль аль талдаа ачаалал багасч, экспортын хэмжээ ихсэх боломжтой. Мөн Ханги мандлын эргэн тойронд байгаа төмрийн хүдрийн томоохон орд газруудын экспорт нэмэгдэнэ.

Өөрөөр хэлбэл боомтын сэргэлтийн стратегийн эхний нүүдлийг амжилттай хийлээ.

Сэтгэл байвал ямар ч төслийн бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшил хамтарч богино хугацаанд хийх боломжтой гэж харж байна. Дараагийн алхам бол Шивээхүрэнд төмөр зам тавих төсөл. Үүнээс гадна Бичигтийн төсөл мөн бий. Бичигтийн төсөл юугаар ач холбогдолтой вэ? гэхээр далайтай хамгийн ойр хуурай замаар хиллэдэг боомт.

Боомтууд нэмэгдсэнээр өрсөлдөөн үүсч, үүнийг дагаад үнэд нөлөөлнө. Энэ тохиолдолд бид уул уурхайн биржээр бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүрдэх юм" гэдгийг онцлов.

Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэхүү боомтоор Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрс гарах боломжтойгоос гадна бусад түүхий эдийг гаргах боломжтой.

Маш богино хугацаанд улсад нэг ч төгрөгний өр үүсгэхгүйгээр, Засгийн газрын нэг ч төгрөгний баталгаагүйгээр, тонн нүүрсний ч тохироогүйгээр хувийн хэвшил өөрсдийн хөрөнгөөр барьж босгосон төмөр замыг нээлээ.

Эдийн засагт ачаалал өгөхгүйгээр хувийн хэвшил бүх эрсдэлийг дааж, санхүүгийн боломжит бүх арга хэрэгслийг ашиглаж барьсан бүтээн байгуулалт боллоо” гэв.

Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт  “Энэ төмөр замаар Тавантолгойн нүүрс тээврийн ачаа гарахаас гадна Улаанбаатар төмөр зам ХНН, “Болд төмөр ерөө гол” ХХК-иас төмрийн хүдэр тээвэрлэх бололцоо бүрдэж байна. Цаашлаад Замын-Үүд боомттой ч холбогдох онцлогтой.

Монгол Улс зөвхөн Замын-Үүд боомтоор ачаа, импортын бараагаа гаргадаг бол одооноос шинэхэн төмөр замаар тус тээврийг хуваалцах боломж бүрдлээ. Ингэснээр Замын-Үүдийн түгжрэл алга болоход ихээхэн ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн ч Зүүнбаян-Хангийн төмөр замаар орж ирнэ. Дараагийн нэг онцлог бол бид сүүлийн 70 гаруй жил Орос-Монгол-Хятадыг холбосон ганцхан төмөр замтай байсан нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр зам. Тэгвэл Зүүнбаян-Хангийн төмөр замаар транзит тээвэр хийх боломж бүрдэж байна” гэлээ.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал: 

-Зүүнбаян-Хангийн төмөр зам Хятад руу шууд холбогдох бүрэн боломжтой хилийн шугам дээр очсон. Холболтын асуудыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урд хөршид айлчлах үеэр шийдвэрлэхийг зорьж байгаа юм байна. Ямартай ч энэхүү төслийг хэрэгжүүлсэн бүх хүнд талархал илэрхийлье.

Дорноговийн нутагт Монголын экспорт, импортын томоохон гарц нээгдэж байгаад баяртай байна.

"Монголиан транс ложистик" ХХК-ийн замын албаны дарга Б.Батсайхан: 

-Хоёр зам, төмрийн хоорондох зайг цариг гэдэг. Өргөн цариг нь 1520 мм, нарийн цариг нь 1435 мм бөгөөд хоорондын зөрүү нь 8.5 см. Өргөн царигийг орос, монгол ашиглаж байна. Харин нарийн царигийг хятад улс ашиглаж байгаа. Үүнийг шинэ төмөр зам хослуулснаар аль аль талдаа ачаа тээвэрлэх, шилжүүлэх боломжтой.

КОНЦЕССЫН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА ДУУСМАГЦ СУУРЬ БҮТЦИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ УЛСАД БҮРЭН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ

“Монголиан транс лайн” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Баяржаргалын хэлснээр тус бүтээн байгуулалтыг концессын гэрээний хугацаа дуусмагц суурь бүтцийг үнэ төлбөргүй улсад бүрэн хүлээлгэж өгөх аж. Одоогийн байдлаар зургаан гүүр, 252 хоолойтой. Суман шилжүүлгийн хувьд одоогоор 27 суман шилжүүлгээ авчихсан, хоёр өртөө, дөрвөн зөрлөгт суурилагдсан. Хүнд даацын гуравдугаар зэрэглэлийн зам учраас ачааны гэх тодотголтой.

Замыг Хятадын уул уурхай, хүнд үйлдвэрт ашигладаг дохиолол холбооны системээр удирдана.

Төмөр замын хоёр төлөөр одоогоор тор татах төлөвлөгөөгүй байгаа. Эхний ээлжид зөвхөн суурьшмал бүс буюу өртөө, зөрлөг дээр тор татаж, гол зам дээр ан амьтны хөдөлгөөнд нээлттэй байх төлөвлөгөөтэй байна гэсэн юм.

Бүтээн байгуулалтыг хариуцсан хувийн хэвшил, нэгдлийн тухайд 15 жилийн туршлагатай бөгөөд Зүүнбаян-Хангийн төмөр төслийг хийхэд судалгааг өндөр нарийвчлалтай хийжээ. Харин одоо төмөр замуудын дагуух уул уурхайн ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөл үйл ажиллагаа хэдийнэ идэвхжиж эхэлжээ. Мөн ашигт малтмалын лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүд Зүүнбаян-Хангийн төмөр замаас татах эхний салаа замйн зөвшөөрөл ч яригдаж байгаа аж.

Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон олон хүний хөдөлмөрөөр барьсан төмөр зам сунаж уртассаар байхын ерөөлийг нээлтэд оролцогчид хэлж байв.

Монголд анх удаа гурван талаас ирэх ачааг саадгүй, шууд тээвэрлэх уулзвар төмөр зам ийнхүү бий боллоо. Өргөн уудам нутагтай, далайд гарцгүй монгол оронд ийн төмөр замын сүлжээ тавигдаж, боомт сэргэж байгаа нь эдийн засгийн хувьд гарцаагүй том нүүдэл билээ.

Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж