“Тэг ковид" бодлогоос болж, Хятадуудын тэвчээр тасрав

Хуучирсан мэдээ: 2022.11.28-нд нийтлэгдсэн

“Тэг ковид" бодлогоос болж, Хятадуудын тэвчээр тасрав

“Тэг ковид" бодлогоос болж, Хятадуудын тэвчээр тасрав

Коммунист засаглалтай Хятад улсад жагсаал цуглаан, бослого тэмцэл гарах нь ховор. Гэхдээ эсэргүүцэл огт байдаггүй гэсэн үг биш. Олон жилийн туршид Хятадад хорт бохирдлоос эхлээд хууль бусаар газар булаалдах эсвэл цагдаагийнхан зүй бус харьцах зэрэг олон асуудлаас үүдэн гэнэтийн эсэргүүцлийн хөдөлгөөн гарч байсан. Гэхдээ энэ удаад эсэргүүцэл арай өөр.

Бүтэн гурван жил үргэлжилсэн цар тахлын аюулыг дэлхий дахин даван гарч, энгийн амьдралдаа шилжиж эхэлсэн ч Хятадад байдал эсэргээрээ байгаа нь ард түмний тэвчээрийг баржээ.

Тэвчээр алдарсан оршин суугчид тусгаарлах хануудыг нурааснаар эхэлсэн эсэргүүцэл одоо улс даяар хотууд болон их сургуулийн кампусуудад гудамжны томоохон эсэргүүцлийн жагсаал болж өргөжжээ.

Хятадад засгийн газрын “Тэг Ковид” бодлогын хатуу арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал эрчимжиж, зарим хүмүүс Коммунист намын удирдлагуудад уураа ил тод илэрхийлж байна.

Шанхай хотод олон мянган жагсагчид цугларч, цагдаа нар хамгаалалтад гарсныг “BBC” мэдээлжээ. Мөн Бээжин, Нанжингийн их, дээд сургуулиудад оюутнууд жагсаал хийсэн.

Хятадын баруун хойд зүгийн алслагдсан Өрөмч хотод болсон эсэргүүцлийн жагсаал нь цамхагт гал гарснаас 10 хүн нас барсанд хатуу хөл хориог буруутган өрнөжээ. Хятадын эрх баригчид Ковидийн хязгаарлалтаас болж хүмүүс амь үрэгдсэн гэдгийг үгүйсгэж байгаа ч Өрөмч хотын албаны хүмүүс Баасан гаригийн орой уучлалт гуйсан юм.

Түүнчлэн Covid-19 халдвар анх гарсан Уханийн иргэд хотыг нээхийг шаардан жагсч эхэлсэн байна.

"Коммунист нам огцор"

Хятадын хамгийн том хот, дэлхийн санхүүгийн төв болох Шанхай хотод Бямба гаригийн орой болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хүмүүс "Ши Жиньпин, огцор", "Коммунист нам огцор" гэх мэт уриа лоозонг ил тод хашгирч байгаа нь сонсогдов.

Засгийн газар болон ерөнхийлөгчийг шууд шүүмжилсэн тохиолдолд хатуу шийтгэл ногдуулдаг Хятад улсын хувьд ийм уриа лоозон орилж жагсах  нь ер бусын үзэгдэл юм.

Ковидийг тэглэх бодлогод  иргэдийн дургүйцэл улам бүр нэмэгдэж буйг Бээжин үнэлсэн гэж шинжээчид үзэж байна. Коммунист намын ХХ их хуралд хэлсэн үгэндээ Ши Жиньпин “Тэг ковид” бодлогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн.

Шанхайд нэгэн жагсагч “BBC”-д хэлэхдээ, "хүмүүсийг гудамжинд гарахыг хараад "цочирдож, бага зэрэг догдолж" байна гээд  "Хятадад анх удаа ийм өргөн хүрээтэй жагсаалыг харж байна" гэж хэлжээ. Тэрээр хэлэхдээ, хөл хорио түүнийг "гунигтай, ууртай, найдваргүй" болгож, хорт хавдрын эмчилгээ хийлгэж буй ээжтэйгээ уулзах боломжгүй болгосон гэв.

Түүнчлэн нэгэн жагсагч эмэгтэй цагдаагийн ажилтнуудаас жагсаалын талаар ямар сэтгэгдэлтэй байгааг асуухад "тантай адилхан" гэж хариулжээ. Гэхдээ цагдаа нар дүрэмт хувцас өмсч, үүрэг гүйцэтгэж буйг тайлбарласан байна.

Гэхдээ зарим цагдаа нар жагсагчдын эсрэг хүчирхийлэл үйлджээ. "Ассошиэйтед Пресс" агентлагт нэгэн эмэгтэй хэлэхдээ түүний нэг найзыг нь цагдаа нар хэргийн газарт зодож, бусад хоёр руу нь чинжүү цацсан гэв.

Гудамжинд цагдаа, хувийн хамгаалалтын ажилтнууд болон энгийн хувцастай цагдаа нар хоёр дахь өдрөө цугласан эсэргүүцэгчидтэй сөргөлдсөн гэж “BBC” мэдээллээ. Засгийн газрын эсрэг хашгирч байсан жагсагчдыг авч явсан бөгөөд зарим тохиолдолд цагдаагийн машин руу цохиж, түлхэж байсан гэжээ.

Ням гарагт хүмүүс дахин цугларч, Шанхай хотын Өрөмчийн замын орчимд түймэрт өртсөн хүмүүст цэцэг өргөв. Үүнд олон хүн цуглаж, цагдаа нар ч бөөгнөрсөн байна. Өрөмчийн түймэр сүүлийн саруудад хөл хорио хязгаарлалтад байсан олон хятадуудын хувьд хар дарсан зүүд болжээ. Хохирогчид зугтах аргагүйгээр орон сууцандаа түгжигдсэн гэж зарим мэдээллээр бичжээ.

Бээжин, Нанжингийн их дээд сургуулиудад оюутнууд Бямба гаригт  эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буйг харуулсан гэрэл зураг, видео бичлэгүүд цахим орчинд гарчээ. Нийслэл дэх Цинхуа их сургуульд болсон нэг ийм жагсаалд олон зуун хүн оролцсон гэж нэг оюутан "Франс Пресс" агентлагт ярьжээ.

Оюутнууд Хятадын цензурыг үл тоомсорлож буйн бэлгэдэл болсон хоосон цаас барьж, эрх чөлөө, ардчиллыг дэмжсэн дуу дуулж буй бичлэгийг буулгажээ.

Эсэргүүцлийн видео бичлэгүүдийн ихэнх нь засгийн газар болон түүний удирдагчийг ил тод, илэн далангүй шүүмжилсэн байв.

Сая сая хүмүүс гурван жилийн хөдөлгөөний хязгаарлалт, өдөр тутмын Ковид тестээс залхаж байна. Уур хилэн Хятадын томоохон хотуудаас эхлээд Шинжаан, Түвд зэрэг алс холын бүс нутгуудад тархаж, их сургуулийн залуу оюутнууд, үйлдвэрийн ажилчид, энгийн иргэд зэрэг нийгмийн бүх хэсгийг хамарч байна.

Энэ уур хилэн нэмэгдэхийн хэрээр Ковидийн арга хэмжээг эсэргүүцэх нь улам бүр түгээмэл үзэгдэл болж байна. Гэхдээ энэ долоо хоногийн амралтын өдрүүдийн жагсаал нь засгийн газар болон дарга Ши Жиньпинийг шүүмжилснээрээ ер бусын боловч шинээр тогтож буй энгийн үзэгдэл. Ши даргыг огцрохыг уриалсан олон зуун хүн гудамжинд жагсах  нь саяхныг хүртэл санаанд багтамгүй зүйл гэж бодож байсан. Гэвч саяхан Бээжингийн гүүрэн дээр болсон эрс эсэргүүцэл тухайн үедээ олныг гайхшруулсан ч илүү нээлттэй, илүү хурц эсэргүүцлээ илэрхийлэх жишгийг бий болсон бололтой.

Зарим нь Хятадын төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхээр сонгосон нь хувьсгалт үзэл санааг дэмжиж, ард түмнээ "босоорой" гэж уриалж байна.

Энэхүү эсэргүүцлийн жагсаал нь Хятад улсын Ковидийг тэглэх арга хэмжээг эсэргүүцсэн жагсаалын хамгийн сүүлийнх нь бөгөөд засгийн газар болон Ши Жиньпин даргыг шүүмжлэх нь улам бүр нэмэгдсээр байна.

“Тэг Ковид” бодлого нь Хятад улсын вакцинжуулалтын түвшин харьцангуй бага, өндөр настныг хамгаалах хүчин чармайлттай холбоотой юм. Гэвч гэнэтийн хөл хорио нь улс орон даяар уур хилэнг төрүүлж, Ковидийн хязгаарлалт нь Жэнжоугаас Гуанжоу хүртэл  эсэргүүцлийг өдөөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж