Covid-19-ийн цар тахлын дараа дэлхийн олон улс орнууд эдийн засгаа хэрхэн сэргээх, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, бизнесүүдээ хөгжүүлэх асуудал толгой гашилгаж буй. Ялангуяа Монгол Улсын хувьд БНХАУ-ын “тэг covid” бодлого, ОХУ, Украйны нөхцөл байдал гээд хүндхэн эдийн засагтай байгаа.
Хил, гаалийн асуудлаас үүдэж, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдэв. Эсрэгээрээ иргэдийн орлого буурч, нөгөө талх таллаж авах хэмжээнд байгаа айл өрхүүд ч нийслэлд улам олширсоор.
Чухам ийм цагт төрийн явуулж бодлого нь нэмэх бодлого. Татвар нэмэх, хязгаарлах, цахилгааны үнэ тариф нэмэх, он гараад ипотекийн зээлээ төлөх гээд олон татаасууд бидний хүлээж байна. Цахилгааны тарифыг нэмэхгүй бол бид энэ өвлийг давах эсэх асуудал яригдаж байгаа бол хоёр жилийн хугацаанд царцаасан ипотекийн төлөлтийг он гараад төлж эхлүүлэх шийдвэр ч гарчихсан. Мэдээж ипотекийн зээлээ төлж байж, дараагийн зээлдэгчид зээл олгох боломж үүснэ. Үүнийг дагаад барилгын компаниуд ч царцахгүй, хөдөлгөөнд орох нөхцөл үүснэ. Цаашлаад гэр хорооллын утааны яндан буурна гээд олон давуу тал, ач холбогдолтой. Монгол Улс олон жил эрчим хүчний салбар хараат бус болгохоор зорьж, Засгийн газар бүхэн, төр барьж байгаа нам бүр л амладаг, ярьдаг ч өнөөдөр бид энэ өвөл хөлдөх эрсдэлтэй нүүр тулсан нь үнэн.
Эрчим хүчний сайд нь аргална даа гэсэн ганцхан үгээр ам таглаж байх жишээтэй. Мэдээж, энэ жилдээ аргална, тэрний дараа жил буюу сонгууль хүртэл аргалчих л байх, Б.Чойжилсүрэн сайд. Гэхдээ сонгуулиас цааш энэ улс орон амьдрах эрхтэй гэж үзвэл аргалахгүйгээр асуудлаа шийддэг байх ёстой юм, зарчим нь.
ОУВС дэлхийн эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө бууруулж, 2.7 хувь болгосон бол Азийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулсан. Тус сан ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нэгдүгээр сард 3.8 хувь, долдугаар сард 2.9 хувь гэж таамаглаж байсан бол энэ удаа 2.7 хувь болгон дахин бууруулжээ. Үүгээр ч зогсохгүй энэ нь хоёр хувиас доошлох магадлал 25 хувь гэж үзэж байгаа аж. “Reuters” агентлагийн мэдээлснээр, ОУВС өнгөрсөн долдугаар сард энэ оны Азийн эдийн засгийн өсөлтийг 4.6 хувь хэмээн таамаглаж байсан бол өдгөө 4.4 хувь болгон бууруулжээ. Энэ бол дэлхийн эдийн засгийн таамаг.
Монгол Улсын хувьд ч төсөөлж, таамаглаж байсанчлан эдийн засаг хүндрэлтэй байна гэдгийг эдийн засагчид онцолж байна. Ялангуяа, Хятадын улс төр цаашид хэрхэхээс бидний эдийн засаг тэлэх, хасах руу чиглэх нь шалтгаална. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно гэдгийг тодотгож буй. Мөн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж албан мэдээндээ дурджээ. Энэ айлчлал бидний 2023 онд ямар эдийн засаг хүлээж байгаа вэ гэдэг таамагт том дүн авчрах болов уу гэсэн хүлээлт бий. Нөгөө талд ирэх 2023 оны гуравдугаар сар хүртэл БНХАУ “тэг covid” бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн мэдээллийг олон улсын шинжээчид өгч байна.
Хэрэв БНХАУ-ын энэ бодлого цаашид үргэлжилбэл, экспорт, импортын 90 орчим хувийг тус улсаар дамжиж, дамжуулж байгаа нөхцөлд бидний ирэх оны эдийн засаг хүндхэн байхыг ч эдийн засагчид сануулж байна.
Өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан, шатахууны хомсдолд орох эрсдэлтэй, төгрөгийн ханш суларсан гээд хүндхэн өдрүүд ирж байна. Дээрээс нь эрчим хүч, ипотекийн зээлээ төлнө. Одоо л ёстой УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр хэмнэлтийн горимд шилжиж, бүсээ чангалах хэрэгтэй байна, монголчууд аа!
Холбоотой мэдээ