Месси эцэст нь инээмсэглэж, Франц давдаггүй даваагаа давав

Хуучирсан мэдээ: 2022.11.27-нд нийтлэгдсэн

Катар-2022

Месси эцэст нь инээмсэглэж, Франц давдаггүй даваагаа давав

Месси эцэст нь инээмсэглэж, Франц давдаггүй даваагаа давав

“Катар-2022” ДАШТ-ий хоёрдугаар тойргийн ээлжит тоглолтууд боллоо.


АВСТРАЛИ 1 – 0 ТУНИС

Австрали 12 жил хүлээсэн дэлхийн аваргын ялалтаа авлаа. Тус тоглолтын цорын ганц гоолыг Митчелл Дюк гэх Японы хоёрдугаар лигт тоглодог залуу мөргөж оруулав. Тунис ч тооны харьцааг тэнцүүлэх гэж олон удаа оролдсон ч Австралийн хаалгач Мэт Райан сайн байсан.

Тус тоглолтын шилдгээр Митчелл Дюк тодров.

ПОЛЬШ 2 – 0 САУДЫН АРАБ

Пётр Зелинский эхний хагаст гоолдож, улмаар Роберт Левандовски багийнхаа тэргүүллийг баталгаажуулж, хоёрдугаар үед гоол оруулсан. Өдгөө 34 настай супер довтлогч тэрбээр дэлхийн аваргын анхны гоолоо оруулсан нь энэ. Тоглолтын эхний үед Саудын Араб торгуулийн цохих эрхтэй болсон ч Польшийн шигшээн хаалгач Войцех Щенсный Аль-Давсаригийн цохилтыг хаасан юм.

Саудын Арабд гоол оруулах гайхалтай боломжууд олдсон ч тэд ашиглаж чадалгүй тоглолтын цаг дууссан.

Тоглолтын дараа Роберт Левандовски “Хөгшрөх тусам сэтгэл хөдлөлтэй болдог юм байна. Энэ миний сүүлийн дэлхийн аварга гэдгийг мэдэж байсан. Шигшээ багийнхаа төлөө тоглож л байгаа бол үр дүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэхдээ мөн сайн үзүүлэлттэй байхыг хүссэн. Би үргэлж дэлхийн аваргад гоол оруулахыг хүсдэг байлаа. Өнөөдөр мөрөөдөл биеллээ” гэв.

Харин Саудын Арабын дасгалжуулагч Эрве Ренар “Бид цааш ч шалгарах боломжтой. Бид дэлхийн аваргын сүүлийн секунд хүртэл тоглох болно. Хэрэв тэр нь дараагийн удаа эсвэл өөр удаад байсан ч хамаагүй, бид бууж өгөхгүй. Саудын Арабын фэнүүд ч бууж өгөхгүй гэж найдаж байна. Фэнүүд шигшээ багаа дэмжих хэрэгтэй. Ирэх хэсгийн гурав дахь тоглолтод ч сайн дэмжих хэрэгтэй. Би цэнгэлдэхийг дахин нэг удаа ногоон өнгөөр хучигдахыг хармаар байна” гэжээ.

Тус тоглолтын шилдгээр Роберт Левандовски тодорчээ.

ФРАНЦ 2 – 1 ДАНИ

Мбаппе, Мбаппе, Мбаппе… Энэ гайхалтай довтлогч өнгөрсөн шөнө Данийн эсрэг хоёр гоол оруулж, баг нь хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Тоглолтын эхний гоолыг Мбаппе оруулаад байсан ч Андреас Кристенсен тэнцүүлсэн. Харин тоглолтын 86 дахь минутад Мбаппе дахин гоол оруулж, Франц хүчирхэг өрсөлдөгчөө буулган авав. Данийн шигшээ багт гоол оруулах олон боломж олдсон ч хаалганы торыг хөдөлгөж чадсангүй.

Тус тоглолтын шилдгээр Килиан Мбаппе тодров.

Франц-Дани хоёр 2018 оноос хойш гурван удаа таарч тоглоход Дани хоёр ялж, нэг тэнцээд байсан юм. Тиймээс Франц давдаггүй даваагаа давж, 2015 оноос хойш анх удаагаа Данийг хожлоо.

АРГЕНТИН 2 – 0 МЕКСИК

Хэрэв Аргентин энэхүү тоглолтод хожигдсон бол дэлхийн аваргыг орхих байлаа. Ийм л дарамттай тоглолтод Месси гангарч, баг нь хэсгээ гарах боломжоо хадгалж үлдэв. 63 минут тэнцэж явсан тоглолтын 64 дэх минутад Месси гоол оруулж, 87 дахь минутад сэлгээгээр талбайд орж ирсэн Энзо Фернандез гоолдов.

Тоглолтын дараа Аргентины дасгалжуулагч Лионель Скалони “Та нар юу болсныг мэднэ. Дугаар 10 гоол орууллаа. Тэр гоол оруулж, хамгийн сайн хийдэг зүйлээ л хийлээ. Бүх багаараа дэмжиж, бүх талаараа сэтгэл хөдөлгөм байлаа” гэжээ.

Тэгвэл Мексикийн дасгалжуулагч Жерардо Мартино “Бидэнд цааш шалгарах боломжоо байгаа бол түүнийгээ ашиглана. Саудын Араб дараагийн тоглолтод биднийг хожиж байж цааш шалгарна. Бид ч тийм. Тэд гоол оруулах хэрэгтэй. Бид ч бас. Хөлбөмбөгчид уналтаас босч, бүхий л боломжоо ашигладаг. Энэ тийм хэцүү гэж үү? Тиймээ, Саудын Арабын эсрэг оруулсан Польшийн хоёр дахь гоолыг харахад хэцүү байсан. Манай эсрэг оруулсан Аргентины гоол ч тийм байлаа. Ирэх тоглолтод хожих хэцүү ч боломж бий. Бид ирэх тоглолтын ялагч нь байх ёстой. Тэднээс илүү олон гоол оруулах хэрэгтэй. Энэ л бидэнд тусалж чадна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж