Баруун бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн 12 хамгаалалтын захиргааны нийт 240 гаруй мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад нийт 650 гаруй сая төгрөгийн үнэ бүхий оффисын болон хээрийн ажлын зориулалт бүхий дөрвөн улирлын 17 нэр төрлийн дүрэмт хувцас гардуулжээ.
Уг дүрэмт хувцсыг чанарын өндөр түвшинд дотооддоо үйлдвэрлэн гэрээт хугацаанд нийлүүлэн өнөөдөр байгаль хамгаалагчдын төлөөлөлд хүлээлгэн өгөв.
Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт зээлийн банк БОАЖЯ-тай хамтран “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн 1-р үе шатыг 2015- 2021 онд Монгол орны Хангай, Төв болон Зүүн бүсийн Улсын тусгай хамгаалалттай газрууд тэдгээрийн Орчны бүсэд амжилттай хэрэгжүүлсэн юм.
Төслийн хүрээнд баруун таван аймгийн газрууд, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, Усны сав газрын захиргаадад туулах чадвар сайтай бартаат замын 19 ширхэг ландкрузер маркийн автомашиныг найм, есдүгээр сард хүлээлгэн өгчээ. Энэ сард мөн аймгуудын сум дундын долоон ойн ангид тус бүр 90 морины хүчин чадал бүхий дунд оврын трактор хөрс боловсруулах анжис, модны нүх ухагч өрөм, борной, далан гаргагч зэрэг дөрвөн төрлийн дагалдах тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгсөн юм.
Холбоотой мэдээ