Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"ИНФЛЯЦИ УУ, ЭДИЙН ЗАСАГ ӨСӨЛТ ҮҮ ГЭДЭГ ХОЁР СОНГОЛТЫН ДУНД ЯВНА"
Ирэх онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл УИХ-аар батлагдсан. Үүнтэй холбогдуулаад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засаг, мөнгөний бодлого, санхүүгийн салбарын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
"МОНГОЛБАНК ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООЛЛОО ШИНЭЧИЛЖ БАЙНА"
-БНХАУ-аас хэрэгжүүлж буй “Тэг ковид” бодлого үргэлжлэх нь тодорхой байна. Монгол Улс экспортын хувьд Хятадаас ихээхэн хамааралтай. Энэ утгаар улсын эдийн засгийн өсөлтийн бүтцийн тооцоолол ерөнхий тоймоор ямар байхаар байна вэ?
-Монголбанк ирэх арванхоёрдугаар сарын мөнгөний бодлогын хурлаар хэлэлцэх эдийн засгийн тооцооллоо яг одоо шинэчилж байна. Өмнөх тооцооллоор 2023 оны өсөлтийг 4.4 хувь голчтой 2-6.8 хувь интервалд авч үзсэн. Есдүгээр сартай харьцуулахад зарим чухал мэдээлэл шинэчлэгдэж, эдийн засагт үзүүлэх нөлөө нь илүү тодорхой болж ирж байна. Үүнд мэдээж урд хөршийн эдийн засгийн төлөв, “Тэг ковид” бодлого ч багтаж буй. Монгол Улсын экспортын гүйцэтгэл хэр сайн байхаас төлбөрийн тэнцэл, төсөв, бодит эдийн засаг болон санхүүгийн секторын үзүүлэлтүүд хамаарна. Бид шинэчилсэн төсөөлөл, шинжилгээгээ Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийн дараа танилцуулах болно.
-Төв банк бодлогын хүүгээ ойр ойрхон дараалан өсгөснийг шүүмжлэх хүн олон байна. Цаашид гадаад, дотоод нөхцөл байдал дээрдэхгүй бол мөнгөний бодлогын төлөв улам чангарах уу?
-Инфляцийн хариу арга хэмжээ болгож олон улс оронд мөнгөний бодлогын төлөв хатуурах чиглэлд явж байна. Төв банкнаас суурь хүүг өсгөж, санхүүгийн нөхцөлийг чангаруулах нь олон шүүмжлэл дагуулж буй “гашуун эм” юм. Түүнчлэн хөгжсөн орнууд, тэр дундаа Америкт суурь хүү өсөж байгаа үед хөгжиж буй орнууд хүүгээ дагаж өсгөхөөс өөр сонголтгүй. Ялангуяа нээлттэй жижиг эдийн засгууд гадаад, дотоод тэнцвэрээ хадгалж, валютын урсгалд шок үүсгэхгүйн тулд үндэсний мөнгөн тэмдэгтийн харьцангуй өгөөжийг хадгалах шаардлагатай болно. Энэ нөхцөлд Монголбанк бодит эдийн засагт аль болох сөрөг нөлөөлөл багатай байхаар мөнгөний бодлогын шаардлагатай тохиргоог хийгээд явж байна. Мөнгөний бодлогын шийдвэрийн хувьд эдийн засгийн үзүүлэлтүүдээ харж байгаад тухай бүр хэлэлцээд явдаг болохоор тооцоолол эцэслэгдээгүй байхад эрт хэлэх аргагүй юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ШҮТЛЭГТЭЙ БОЛ БУРХНААС АЙНА БИЗ, ШҮТЛЭГГҮЙ БОЛ ЛИБЕРТАРИ НОМ УНШ"
Философийн ухааны доктор Б.Батчулуунтай ярилцлаа. Тэрбээр харилцан ярианы хэлбэрээр бичсэн “Төр хэмээх мөсөн уул” либертари үзлийн номоо гаргаад буй юм. Энэ сэдвийн хүрээнд түүнтэй ярилцлаа.
-"Төрийн минь сүлд өршөө" гэх үг сүүлийн үед их дуулддаг боллоо. Магадгүй энэ үг хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд гарсан байх. Түүнээс өмнө “бурхан өршөө”, бурхны шашин орж ирэхээс өмнө “тэнгэр өршөө” гэдэг байсан нь дамжиггүй. Бид нарт ер нь өөрсдийн тогтсон идеологи гэж байв уу?
-Үүх түүхээ хараад байхад Хүннүгээс авхуулаад л Чингисийн үе хүртэл бид нарын оюун санаа, монгол хүний оюун санаа юунд чиглэж байв, юу байв гээд л бодоход голчлон одоогийнхоор тэнгэризм гэж яриад буй тэнгэр шүтээнтэй л байж. Бөө мөргөлийн шашинтай л гэсэн үг л дээ. Нөгөө шашны сонгодог ангиллаар бол тотемизм ч гэдэг юм уу, байгалийн юмсыг шүтдэг. Дараагаар нь монголчууд бурхны шашинтай болж. Буддизмын дараа 1921 оноос хойш гэх юм бол марксизм гэж ярьж болно. Ленинизм, коммунист үзэл суртал нэлээд ноёрхлоо. Тодорхой ижил оюун санаа гэж ярих юм бол бидэнд ерөнхийдөө ийм түүхэн дүр зураг харагддаг шүү дээ. Жинхэнэ итгэл үнэмшил болсон оюун санаа сайн харагдахгүй байгаа юм даа. Жишээлбэл, япончууд синтоизмдоо үнэнч байна шүү дээ. Хятадуудыг аваад үзвэл Кунзийн сургаалыг гэр бүлдээ ч тэр, нийгмийн амьдралдаа ч тэр гүнзгий баримтлана. Энэтхэгүүд гэхэд хиндуизмдээ үнэнч. Жүүдүүд гэхэд тал мод судраа яс баримтална. Баруун тийшээ явахад библийг хууль болгочихсон.
Монголчууд оюун санааны үзэгдэлд нэг их ач холбогдол өгдөггүй юм шиг байна аа. Тэр нь яаж харагдсан гэхээр Оросын экспедиц Монголд буудаллаж байх үед нь малчин хүнтэй тааралдсан байгаа юм. Тэр хүнээс их сонин зүйл ажиглажээ.
“Хаачиж явна даа” гэж асуухад “ламд амьдралаа даатгачхаад явж байна” гэж… Тэгснээ овоон дээр гараад овоонд бас залбирчээ. Өөрөөр хэлбэл, овоонд залбираад байгаа чинь байгалийн шашин шүү дээ. Ингээд хоёр шашин шүтээд байгааг олж харж. Мэдээж оросууд үнэн алдартны шашинтай. Тэдэнд христийн хөрөг байж. Малчин Христийг хараад хэн болохыг нь асууж. “Манай бурхан байгаа юм аа” гэхэд нэг зоос тавьчихсан гэдэг биз дээ. Үгүй ээ, та чинь ингээд миний харсанаар 3 шашин нэг дор шүтчихлээ гээд гайхан асуувал “Бүгдээрээ биш юм аа гэхэд аль нэг нь тус болох байх” гэжээ. Тэгэхээр тууштай үзэл баримтлалгүй хүмүүс байгаа биз. Чингисийн цэргүүд болон Чингис хааныг оюун санааны үзэгдэл, шашин шүтэх эрхэнд нь хүндэтгэлтэй ханддаг байсан гэж орчин үежүүлээд яриад байдаг. Тийм учраас манай хаад бүх шашинтны тэргүүнүүдийг авчирчихсан суулгаад ном хэлэлцүүлж байсан гээд байгаа юм шүү дээ. Тэгээд одоо өөр шашин шүтэхэд нь нэг их саад хийдэггүй. Бөө мөргөлөө тулгадаггүй, шүтэхийг шаарддаггүй байсан гэдэг. Үнэндээ тэр оюун санааны хүч, үзэгдлийн идеологийн хүчин чадлыг нэг их үнэлдэггүй, гол нь цэрэг зэвсэггүй байх ёстой гэж үздэг байсан юм болов уу.
Хэн юугаа шүтнэ, юугаа ч шүтсэн байсан нэг их аюул занал болоод байхгүй гэсэн үүднээс л ханддаг байсан. Энийг би ямар утгаар хэлж байна вэ гэхээр ерөөсөө энэ идеологи, оюун санааны үзэгдэлд нэг ач холбогдол өгдөггүй байсан учраас тэгдэг байсан болов уу, одоо ч мөн ялгаа алга.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ЭРТ ИЛРҮҮЛГЭЭР ХОДООДНЫ ӨВЧЛӨЛ ТҮГЭЭМЭД ОНОШЛОГДОЖ БАЙНА"
Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос эрт илрүүлгийн талаар ярилцлаа.
-Эрт илрүүлгийн явцын талаар мэдээлэл өгөхгүй юу. Ирэх онд эрт илрүүлийг үргэлжлүүлэх үү. Энэ чиглэлээр төсөвт хэчнээн тэрбум төгрөг суусан бэ?
-Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг жил бүр хийнэ. Анх 2018 онд хэрэгжиж байсан ч шинжилгээний нэр төрөл цөөн байсан. “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаа. Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг болгож хэвшүүлэх, амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрт илрүүлэгийг хийх дэд бүтцийг бэлдсэн. Энэ хүрээнд 19 аймаг, таван дүүрэг, хоёр сум дундын эмнэлэгт урьдчилан сэргийлэх дэмжих төвийг байгуулсан.
Урьдчилсан сэргийлэх үзлэгийг хүртээмжтэй, иргэдэд чирэгдэлгүй үзүүлэх боломжийг нээж үүнд нийтдээ 36.2 тэрбум төгрөгийг зарцуулсан. Иж бүрэн кабинет, хүний нөөцийг давхар сургасан гэсэн үг.
Энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар урьдчилан сэргийлэх үзлэгийг зургаан насны багцаар, наснаас нь шалтгаалж шинжилгээний нэр төрөл нь өөр байхаар тусгасан. Ингэхдээ, 0-17 насанд 5-6 нэр төрлийн шинжилгээ, 18-аас дээш насанд 12-18 нэр төрлийн шинжилгээ хийж байгаа. Нэр төрлийг яагаад нэмсэн бэ гэвэл зонхилон тохиолдож байгаа нийт өвчлөл буюу бэлгийн замын өвчлөл, ДОХ, ВС вирус, найман хавдрыг эрт оношлох зорилготойгоор шинжилгээний нэр төрлийг нэмсэн.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ХУРДАН ХҮЛГИЙГ ЭЗНИЙХ НЬ НҮДЭНД ХАРАГДТАЛ ЗУРАХ АМАРГҮЙ"
Хурдан морь гэдэг хүний бурхан шүтээнээс нь дутахааргүй хүндлэл юм. Монгол хүн эрт цагаас гэрийн хойморт буюу бурхан тахилынхаа хажууд хазаар, ташуур, эмээлээ байрлуулдаг нь хүлгээ дээдэлж буй хүндлэлийн дээд хэлбэрийн илэрхийлэл. Айл гэрийн буян хишгийг тогтоодог хэмээгээд хурдан хүлгээ сэтэрлэж бурхан шүтээндээ хөргийг нь байрлуулж үе үеэрээ дээдлэн шүтдэг уламжлалтай.
Энэ удаагийн ярилцлагандаа морины зураач Б.Сандуйг урилаа. Түүний хувьд хурдан морь сонирхогчид дунд хэдийнэ танил болж, уяач бүрийн дотор орших сайхан хүлгээ зуруулж, хадгалах битүүхэн хүслийг биелүүлж буй уран бүтээлч юм.
-Та багаасаа зураг зурах сонирхолтой хүүхэд байсан юм билээ. Хүүхэд насны сонирхолтой дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач?
-Бага байхаасаа эхлэн дэвтэр ном хамаагүй буланд нь морины дүрслэл чадан ядан үүсгэчихсэн тэрийгээ харан баясаж суудаг байсан. Аав ээж маань хараад урмын үгсээр мялаадаг. Ингэж л анхны бүтээлүүд маань тэр үед төрж байсан юм. Аав маань Зэвсэгт хүчний 119-р ангид жолооч хийдэг байлаа. Эх үрсийн баяраар аавыгаа дагаад ажлынх нь газар хамаг гоёогоо өмсөөд очиж билээ. Тухайн үед зургийн уралдаан болоод оролцох хүүхдүүд энэ танхимд ороорой гэдэг юм байна. Аав ч намайг түлхээд л оруулчихлаа. Тэр үед юунд орж байгаагаа төдийлөн ойлгоогүй найман настай жаал автоматаар морио зурсан даа. Зурах зурахдаа зургаан насны хурдан морь уяан дээрээ үүрсэж буйгаар зураад л гараад ирсэн. Гарч ирээд эх, үрсийн баярын сэдвээр аавын хүү юу зурав гэнэ. Би ч хэлээд, тэрүүгээр л инээд боллоо. Уралдааны дүн гарч би эх үрсийн баяр сэдвээр зургаан насны морь зураад л түрүүлж билээ. Гайхах, баярлах хосолсон миний анхны амжилт байсан юм.
Миний бага нас хөдөө ахуй амьдралтай их ойрхон тэр тусмаа морин дэл дээр дарцаглаж өссөн. Би Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул. Аавыг маань Б.Батжаргал гэдэг. Манайх хүүхдүүдийн хичээл амраад л сумын төвийнхөө ойролцоох Бадирын зусландаа ах дүүсийнхнээрээ айл болон зусдаг байсан. Өглөө эртлэн босч адуугаа хурааж услаад, гүүгээ барингаа тухайн өдрийн ажилд зориулагдах морьдоо барина.
Мөн уяаны морьдоо барьж, сойхоос эхлүүлэн хөдөөгийн бидний ажил эхэлнэ дээ. Дүүтэй нас ойролцоо учир хурдан морь олон жил унаагүй юм. Тухайн үедээ өөрийн болон ах дүүсийн морьдыг багагүй унаж айраг түрүү хүртсэн. Унаачийн албаас уяач, зөвлөхийн албанд шилжиж, өөрийн хэмжээнд морь шинжиж, уяа сойлго хийх гэж оролдоно. Ингэж л хурдан морьтой холбоотой амьдрал эхэлсэн юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.